АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат: Үе дамжсан баячуудыг төрд гаргаж байгаа сонгуулийн хуучин тогтолцоог өөрчлөх ёстой

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 22

Өмнөх үг: УИХ-ын сонгуулийн өмнөх жил улс төрийн намуудын хувьд маш хариуцлагатай жил. Найр наадам, амралт зугаалга дуусаад АН-ынхан ажилдаа шуурхайлан орж байгаа энэ үед АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Та сайхан зусч байна уу. Амраад орж байгаа гэсэн. Амралтаа хэрхэн өнгөрүүлэв? 
- Сэлэнгэ нутгийнхаа 80 жилийн ойд урилгаар оролцлоо. Үлдсэн хэд хоногтоо хөдөө явж амраад ирлээ дээ.
-Олон тэгш ой тохиосон улсын баяраар танай аймгаас шинэ арслан төрөөд нутгийн ард түмэнд сайхан байсан байх.Төрсөн нутгийн 80 жилийн ойн наадам сайхан болсон уу?
-Манай нутгийн наадам нэлээд өргөн болсон. Сэлэнгэ аймгийн байгаль, цаг уурын нөхцөл нь ерөөсөө зах зээлдээ зохицсон газар шүү дээ. Их хөдөлмөрч уламжлалтай, газар шорооныхоо үр шимээр амьдраад сурсан хүмүүс. Социализмын үед ч зах зээлээр амьдарч байсан, зах зээлийн эдийн засгийн үед ч амьдрал нь цэгцэрч байгаа ард түмэн. Тэр хэмжээгээр, бас сонгуулийн өмнөх жил болоод ч тэр үү 80 жилийн ой нэлээн нүсэр болох шиг боллоо.
Ер нь ой тэмдэглэнэ гэдэг зарчмын хувьд буруу юм биш л дээ. Гэхдээ энэ ойн баяр наадмыг улс төрийн хувьд ашиглана гэдэг сайн зүйл биш. Би гэхдээ Сэлэнгийнхнийг ашигласан гэж ойлгохгүй байгаа. Ерөнхийдөө нэлээн ч хөрөнгө оруулалт орж, их зүйл бүтээж байгаа юм байна. Манай нутаг угаасаа бахархах зүйл олонтой газар. Хүн амын суурьшил нь өргөн болсон. Ялангуяа баруун аймгаас хүмүүс их ирсэн. Манай Сэлэнгийг бөхгүй, муу аймаг гэж их шүүмжилдэг байлаа. Далан хэдэн жилийн дараа дахин улсын арслан цолтой бөхтэй боллоо. Бөх их сонирхдог болсон байна. Ардчилсан хувьсгал ялснаас хойшхи 20 жилийн хугацаанд Сэлэнгэ аймаг бас л их олон үндэстэн ястнуудын цугларал газар болсон байна. Сэлэнгэ аймаг дээр үеэсээ их интернационалч газар, нутгархах, жалга довны үзэл багатай. Газрын хөрсний үржил шимийг дагаад орос, хятадууд их амьдарч байсан. Тэр утгаараа манай Сэлэнгийнхнийг сонин талаас хардаг байсан байгаа юм. Баруун аймгийнхан их ирж суурьшсан байна. Энэ утгаараа манай Сэлэнгийнхэнтэй цус холилдож байгаа юм болов уу. Бас л нэг интернационал. Сэлэнгэ  нутгийнхаа цаашдын хөгжлийг эергээр төсөөлж байна.
-Намар болж намууд УИХ-ын сонгуулийн сунгаандаа бэлдэх нь зүй ёсны хэрэг. АН-ын зүгээс хамгийн түрүүнд хийх ажил юу вэ?
-
Манайхан нэг сар амарсан. Намын удирдлагууд ярьж байгаад хэрэг эрхлэх газрынхаа ажилтнуудыг бүгдийг нь амраасан. Зун тэртээ тэргүй амралтын цаг.  Амралтын цагаар улс төрийн байгууллага, намууд улс төржөөд байх шаардлага ч байхгүй. Ер нь монголчууд ихэвчлэн зун амардаг шүү дээ. Албан байгууллага ч гэсэн сонин шүү дээ. Тал нь амарсан, тал нь ажил хийсэн хийгээгүй хоёрын хооронд ямар ч хөдөлмөрийн бүтээмжгүй өнгөрдөг. Бид үүн дээр дүгнэлт хийгээд бүгдийг нь амраасан. Ажилдаа ороод удаагүй байна. Намын аппарат одоо хийх ажлынхаа төлөвлөгөөн дээр ажиллаж байгаа. Энэ намар юу хийх ёстой вэ. Сонгууль ойртож байна. Намынхаа бодит байдалд дүгнэлт хийх цаг бол яах аргагүй тулсан. Сонгуулийн бэлтгэл ажилд хүссэн хүсээгүй орно. Гүйцэд хийгээгүй ажлаа хийнэ. Жишээлбэл “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийг үлдсэн долоон аймагтаа зохион байгуулна. Бид он дуустал намынхаа дотоод болон зохион байгуулалтынхаа ажлыг жигдлэх ёстой. Намынхаа бүх шатны байгууллагуудын үүрэг, зорилго, чиглэлийг сонгууль хүртэл тодорхой болгох ёстой. Энэ чиглэлд бүх ажлаа төвлөрүүлээд явуулж байна.  
“Монгол хүн 2020” хэлэлцүүлэг үндэсний хэмжээнд явагдаж байна. Хүмүүс янз янзаар л хүлээн авч байгаа. Шүүмжлэлтэй ч юм бий. Авах юм ч бий. Гэхдээ авах юм нь давуу гэж ойлгож байгаа. Үндэсний хэмжээний хэлэлцүүлэг гэдэг бол яах аргагүй ач холбогдолтой. Нутгийн иргэдийн дотоод санааг уншина гэдэг бол маш чухал. Сум болгоны иргэд, намын гишүүд өөрийнхөө дотоод санааг, аймаг, сум багийнхаа хэмжээнд тулгамдсан асуудлыг илэрхийлж байна. Монгол орны хөгжил дэвшил, орон нутгийн амьдрал ямар байна. Нэгдүгээрт бид юуг хүсч хүлээж байна. Хоёрдугаарт тухайн орон нутагт гарч байгаа алдаа дутагдалтай зүйлийг шууд газар дээр нь ярьж шийдэх юмаа шийдэж, анхааруулах зүйлээ анхааруулж байгаа. Энэ бол зайлшгүй байх зүйл. Ний нуугүй хэлэхэд “Монгол хүн 2020” бол АН-ын 2012 онд сонгуульд нэр дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийн нэг хэсэг болж орно. Үндэсний хэмжээний энэ том нам Монгол орны хөгжлийг тэр дундаа монгол хүний хөгжлийг 20 жилээр төлөвлөхийг эрмэлзэж байна. АН сонгуулиас сонгуулийн хооронд амьдрах эрхгүй нам. Энэ нам Монгол орны, монгол хүний хөгжлийг урт хугацаагаар хангах ёстой цаг хугацаатай тулсан нам шүү гэдгийг л хэлээд байна. Бид энэ арга хэмжээнээс маш олон зүйлийг мэдэж авч байгаа гэж ойлгож болно.
-Ихэнх аймаг сумдаар явж ард иргэдийн санал бодлыг сонсож байхад нийтлэг ажиглагдаж байгаа зүйл нь юу байна вэ?

-Хүмүүсийн хүсэн хүлээж байгаа ганцхан л зүйл нь нийгэмд шударга ёс тогтоосой гэж хүсч байна. Яагаад гэвэл шат шатны төрийн байгууллагууд дийлэнхдээ шударга бус болсон гэж иргэд их бухимдаж байна. Хоёрдугаарт ерөөсөө нутгийн хөгжил хоцрогдоод байна. Эдийн засгийн хувиарлалтын зарчим буруу болсон учраас үр өгөөжөө өгөхгүй байна. Хэдийгээр хөрөнгө оруулалт явж байгаа ч хүндээ тусч байгаа нь бага байна. Хувь хүний амьдрал дээшлэхгүй байгаа мөртлөө хөгжлийн тухай яриад байх ямар хэрэг байгаа юм бэ гэдэг асуудал тавигдаад байна.  Шуудхан хэлэхэд...Үргэлжлэлийг эндээс уншина уу

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top