Газрын тос боловсруулах үйлдвэрүүд борооны дараах мөөг шиг олшрох нь ээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 22

Ийн хэлэхээс аргагүй үйл явдал ойрын хэдхэн хоногт өрнөж байна. Өөрөөр хэлбэл, газрын тосны үйлдвэрийн даллагатай байлаа гэж болох. Шатахууны хувьд нэг орноос бүрэн хараат манай улсын хувьд хамгийн хэрэгцээтэй үйлдвэр бол газрын тос боловсруулах үйлдвэр байхаас яахав. Дотооддоо газрын тосоо боловсруулж чаддаггүй болохоор арга буюу бусдаас шатахуун царайчилсаар олон оныг үджээ. Энэ байдлаас болоод бензин шатахууны хомсдолд өртөх энүүхэнд. Сүүлийн үед ийм байдал ойр ойрхон давтагдах болов. Чухам үүнээс үүдээд эх орондоо газрын тос боловсруулах нь хамгаас чухал хэмээн үзэж, Засгийн газраас ийм үйлдвэр байгуулахыг дэмжихээ илэрхийлсэн билээ. "Сод Монгол" групп хэдхэн хоногийн өмнө Дорноговь аймгийн Сайншандад 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавилаа. Ёслол их л сүр дуулиантай болов. ОХУ, БНХАУ, Сингапурын 20 гаруй компанитай хамтран 600 сая "ногоон"-ы хөрөнгө оруулалтаар босгох уг үйлдвэрийг 2014 он гэхэд барьж дуусгах аж. Ингэснээр мянга гаруй ажлын байр шинээр бий болж, орон нутгийн төсөвт жилд 28 тэрбум төгрөг оруулах гэнэ. "Сод Монгол" группын ерөнхийлөгч Ц.Анандбазарын хэлэхээр энэ үйлдвэр бүх төрлийн автобензин, тэр ч байтугай онгоцны түлш-ТС үйлдвэрлэж, сайн чанарын мазут, битум хүртэл гаргах аж. Дээрх ёслолд оролцсон УИХ-ын гишүүн Д.Загджав “Говийнхон азын од шүүрлээ" гэж бахархаж байна билээ. Гэтэл зарим нь "Анандбазарын л шоу байхгүй юу. Мань эр ирэх жилийн сонгуулиар Дорноговьд нэр дэвшиж өрсөлдөх гээд эндээс салахаа байчихаад

байгаа юм. Юуных нь газрын тос боловсруулах үйлдвэр байх вэ дээ. ТЭЗҮ ч байхгүй, тэр 600 сая доллар нь ч хаа байгаа юм бэ. Тэгээд ч гадаадаас шатахуун авчирч, өндөр үнээр шаглаж үлэмж ашиг олдог импортлогч компани дотооддоо

газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна гэж хэзээ ч байхгүй. Түүнийг хүсэх ч үгүй. Энэ бол жинхэнэ мянгуужингийн үлгэр " гэцгээх. Тийм үйлдвэртэй болчихвол сайхан л байна. Гэхдээ дээрх нөхдийн хэлж буйг анзаарахгүй орхиж бас боломгүй. Гоё сайхан нэртэй барилга байгууламжийн шав тавьж хадаг, цай булж, "энд тийм үйлдвэр сүндэрлэнэ" гэх сүржин бичигтэй пайз хатгаж, сүү өргөөд мартсан тохиолдол, ялангуяа, сонгуулийн өмнө хаа сайгүй гардгийг мартаж болохгүй.

Газрын тосны газрын дарга Д.Амарсанаа хэлж буйгаас үзвэл ийм маягийн үйлдвэр барих зөвшөөрлийг долоон аж ахуйн нэгжид хэдийнээ олгожээ. Одоо бас дөрвөн компани тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ ирүүлсэн байна. Гадаадаас бензин шатахуунаа гуйлгачилж байснаас дотооддоо үйлдвэрлээд эхэлбэл адаглаад үнэ ханш нь хямд төсөр болж, хомсдолд өртөхөө болихсон. "Монгол секью" компани Дархан- Уул аймагт, "Мон-Эл-Газ" компани Дорноговийн Зүүнбаянд, “Хэт" компани мөн Дорноговьд нефть боловсруулах үйлдвэр барих гэнэ. Уг нь эдгээр үйлвэрийг бариад ашиглалтад оруулчихвал Монгол улс бензин шатахууныхаа хэрэгцээний 70-80 хувийг дотооддоо хангах бололцоотой болох юм. Ганц бэрхшээл нь хөрөнгө санхүүжилтээ хаанаас яаж олох вэ гэх асуудал.

"Хэт "компанийнханд гэхэд наад зах нь 30-40 тэрбум төгрөг хэрэгтэй аж. Манай улсын шатахууны жилийн хэрэгцээ ойролцоогоор нэг сая орчим тонн. Мэдээж энэ хэмжээ жил ирэх тутам нэмэгдэж таарна. Ийм цагт газрын тосоо дотооддоо

үйлдвэрлэвэл үнэхээр ашигтай ч,  ач тустай ч бизнес болно. Тусгай зөвшөөрөл авсан арав шахам компаниас хэнийх нь үйлдвэр эхлэн ашиглалтад орж, монгол түмний магнайг тэнийлгэхийг хэлэхэд хараахан эрт байна.Нөхцөл байдлыг тандаж үзвэл "Монгол сэкью"-ийн үйлдвэр бодит ажил хэрэг болж мэдэх илүү магадлалтай мэт. Юу гэвэл энэ үйлдвэрийн талаар цөөнгүй жил хөөцөлдөж, ажил нь овоо эмхэрсэн байх учиртай. ТЭЗҮ-ийг нь боловсруулаад бэлэн болгосон, түүхий нефтиэ ОХУ-аас авахаар гэрээ хэлэлцээрээ хийчихсэн, тоног төхөөрөмжөө нийлүүлэх, түлхүүр  гардуулах журмаар барих талаар "Тоёо инженеринг", "Марубени” корпорацитай тохирчихсон, санхүүжилтээ хөөцөлдөж байгаа зэрэг нь үүний нотолгоо болох юм. Одоо Засгийн газраас барих зөвшөөрөл өгчихвөл болох  нь тэр. Боловсруулах үйлдвэртэй болчихвол газрын тосоо хямдхан үнээр  гадаадад гаргахаа больж, дотоодынхоо хэрэгцээг  хангадаг болно. Ийм  цаг хаяанд ирсэн байж ч мэдэх юм.

Эх сурвалж: Тэргүүн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top