Хуш модны самрыг зах зээлд борлуулах, бэлтгэн тээвэрлэхийг энэ сарын 20-ноос эхлэн хоёр жилийн хугацаатайгаар хориглох шийдвэрийг гаргалаа

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 22

Засгийн газрын өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар хэд хэдэн чухал асуудлыг шийдсэн юм. Тодруулбал, ирэх сард шинэ хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан 2011-2012 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежийн сургалтын төлбөрт зориулан 490 гаруй мянган төгрөгийг "Хүний хөгжил сан"-гаас үргэлжлүүлэн олгох шийдвэрийг гаргалаа. Түүнчлэн их, дээд сургуульд суралцах 170 мянган оюутны төлбөрт зориулж 2012 оны эхний хагас жилд 500 мянган төгрөг олгоход 85 тэрбум төгрөгийн санхүүжилтийг мөн л "Хүний хөгжил сан"- гаас олгох шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Мөн "Шинэ яармаг" орон сууцны цогцолбор хорооллын санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн банкинд БНХАУ-ын Эксим банкнаас 300 тэрбум төгрөгийн зээл авах асуудлыг хэлэлцээд дэмжсэн юм. Тиймээс "Шинэ яармаг" орон сууцны цогцолбор хорооллын санхүүгийн эх үүсвэрийн 300 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг 12 жилийн хугацаатай гаргахыг Монгол улсын Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Ч.Хашчулуунд зөвшөөрлөө. "Шинэ яармаг" орон сууцны цогцолборт 23900 өрх оршин суух боломж бүрдэх юм. Тус шинэ хорооллыг гурван хэсэгт хувааж, хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж. Мөн Хөгжлийн банкны үйл ажиллагааны талаар ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Түүнчлэн томоохон төслүүдийг санхүүжүүлэх ажлаа эрчимжүүлж, хурдтай ажиллахыг Хөгжлийн банкны удирдлагуудад Ерөнхий сайдын зүгээс тодорхой хугацаатай үүрэг өгсөн юм. Энэ үеэр хэлэлцсэн нэг чухал асуудлын нэг нь дизель түлшинд ногдуулж буй татварыг нэмсэн явдал байлаа. Тухайлбал, Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж буй дизелийн түлшинд 0 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 100.000 төгрөг болгов. Үүнийг энэ сарын 19-ний өдрөөс эхлэн мөрдөх шийдвэрийг гаргалаа. Харин бусад алслагдсан боомтоор орж ирж буй автобензин, дизель түлшинд ногдуулж буй онцгой албан татварын хэмжээг хэвээр мөрдөхөөр болсон юм. Энэ сараас эхлэн ОХУ-ын "Роснефть" компаниас Монгол Улсад нийлүүлж байгаа дизелийн түлшний хангамж хэвийн байдалдаа эргэн орсон тул урьд өмнө тэглэсэн татвараа ийнхүү сэргээх шийдвэрийг гаргалаа. Мөн хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх, зах зээлд борлуулах, бэлтгэн тээвэрлэхийг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаатайгаар хориглох шийдвэрийг гаргалаа. Тус тогтоолоор цаашид хуш модны самрын ургацын байдалд урьдчилсан үнэлгээ хийж ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийн бодлого тодорхойлох, ойн санд самар бэлтгэлийн хамгаалалттай бүсүүдийг байгуулах, зүй зохистой ашиглах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн  технологийг боловсронгуй болгоход чиглэсэн арга хэмжээний төлөвлөгөөг гаргахыг салбарын сайд нарт даалгав. Дэлхийн цаг уурын дулааралтай холбоотойгоор хуш модны үр буюу самрын гарцын хэмжээ багасах, улмаар самрын их ургацын жилийн давтагдах хугацаа удаашрах хандлагатай, боргоцойн хөгжилд нөлөө гаргаж байгаа аж. Түүнчлэн гадаадад гаргах идлэг шонхорын тоо хэмжээг тогтоох тухай асуудлыг хуралдаанаар хэлэлцэж, тогтоол гаргахаар болсон. Тус тогтоолоор гаргах идлэг шонхор шувуу 240 толгой байхаар тогтоож, үүнийг салбарын сайдад үүрэгдэв. Мөн Өмнөд Судан улс дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаа 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг оролцуулах тухай асуудлыг хэлэлцээд Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг БХ-ын сайд болон ГХ-ийн сайдад даалгалаа. Өнгөрөгч долоо хоногт БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Далайжаргалыг томилов. Суудал нь эзгүйрч, хэн гэгч дарга томилогдох эсэх нь тодорхойгүй, албан тушаалын далд өрсөлдөөн дагуулаад байсан эл асуудал шийдэгдсэн юм.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top