БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Багт бараалхав

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 23


 

            Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд манай улсад төрийн айлчлал хийж байгаа БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Багт 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдөр бараалхав.

            Эрхэмсэг ноён Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлалд Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд амжилт хүсээд дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.

            Ерөнхийлөгч Ли Мен Багийн энэ удаагийн айлчлалаар хоёр орны харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд шат ахиулахаар тохиролцож, харилцааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон “Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр” байгуулсныг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэв.

            Энэ хүрээнд талууд дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээгээ улам өргөжүүлэн эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа далайцтай урагшлуулах, соёл, хүмүүнлэг, иргэдийн харилцааг гүнзгийрүүлэхээр тохирсон нь харилцааг шинэ шатанд гаргах чухал алхам болж байгааг тэрээр мөн тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хавар Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын үеэр яригдсан хамтын ажиллагааны асуудлууд энэ зун ноён Ерөнхийлөгч таны айлчлалаар үргэлжлэн баталгаажиж, бодит ажил болж байгаа нь хоёр улсын түншлэл эрчимтэй хөгжиж байгаагийн илрэл гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэллээ.

            Мөн манай улсын гуравдагч хөрш, бүс нутаг дахь ойрын түнш БНСУ-ын бодит ашиг сонирхлыг Монгол Улсад бий болгох нь талуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, улмаар гадаад эдийн засгийн ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх чухал нөхцөл гэж үздэгээ Ерөнхий сайд С.Батболд онцоллоо.

            Түүнчлэн хоёр орны харилцааны агуулга, цар хүрээ эрчимтэй өргөжиж байгаатай холбогдуулан хамтын ажиллагааны үр ашиг, нэгдсэн зохицуулалтыг хангах Засгийн газар хоорондын зөвлөлдөх байнгын механизм байгуулах шаардлагатай гэж хоёр улсын төрийн тэргүүн санал нэгдсэнийг сайшаан тэмдэглэв.

БНСУ-ын Засгийн газар, ард түмэн манай улсыг ардчилал, зах зээлийн тогтолцоог хөгжүүлэх, шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээлийг давах туулахад туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэн. БНСУ-д байгаа хэдэн арван мянган монгол иргэний амьдарч, ажиллаж, сурах боломжоор хангаж, чин сэтгэлээсээ дэмжиж байдагт Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд талархаж байдгаа илэрхийлээд энэ асуудалд цаашид ч анхаарлаа хандуулж дэмжинэ гэдэгт итгэлтэй байна гэв.     

            БНСУ-ын Засгийн газар эрүүл мэнд, агаарын бохирдлыг бууруулах зэрэг тэргүүлэх чиглэлийн төслүүдэд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох болсон. Энэ хүрээнд хэрэгжүүлэх “Үндэсний оношлогоо, эмчилгээний төв” байгуулах төслийг хоёр орны хөгжлийн хамтын ажиллагааны үлгэр жишээ, ард иргэд өгөөжийг нь хүртсэн төсөл болгоход нягт хамтран ажиллахыг гүйцэтгэх засаглалын тэргүүн санал болголоо.

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Багийг дагалдан ирсэн тус улсын нөлөө бүхий ажил хэрэгч хүмүүс, бизнесийн салбарынхныг Монгол Улсад бизнесийн өргөн хүрээтэй, харилцан бие биенээ нөхсөн, идэвхтэй  үйл ажиллагаа явуулахыг Ерөнхий сайд С.Батболд уриалсан байна.

Түүнчлэн дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар эрчимтэй ажиллаж байгаа, төслийн эцсийн шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их Хурал гаргах учиртай гэлээ.

Ганц Тавантолгой бус, стратегийн бусад орд, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөр, эрдэс баялаг, дэд бүтэц, эрчим хүч, хүнд болон боловсруулах үйлдвэр, хот байгуулалт, барилга, далайн тээвэр, усан боомт болон эрүүл мэнд, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт БНСУ-тай хөрөнгө оруулалт, технологи, хүний нөөцийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна гэж Ерөнхий сайд С.Батболд хэлэв.  

Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Багануурын уурхайг түшиглэн нүүрс гүн боловсруулах үйлдвэр байгуулах хамтарсан төслийн ажлыг түргэтгэх, төслийг  хэрэгжүүлэхэд БНСУ-ын талтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Монгол Улс уурхайн ордуудыг ашиглахдаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавьж байгааг Ерөнхий сайд С.Батболд дурдаад нүүрснээс шингэн түлш гарган авах, зэс боловсруулах үйлдвэр барихад БНСУ-тай хамтран ажиллах сонирхолтой байгааг ч тэмдэглэлээ.

Хямд үнээр баригддаг барилгын “модулар-систем” технологийг ашиглан шинээр байгуулагдах аж үйлдвэрийн бүсэд барилга барих, Дорноговь аймагт аж үйлдвэрийн бүс байгуулахад солонгосын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах боломж байгаа гэж тэрээр хэлэв.

 БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Халх голын бүс нутагт эрчимсэн мал аж ахуй, газар тариалан хосолсон загвар аж ахуй байгуулж байгаатай танилцсанаа Ерөнхий сайд С.Батболд хэлээд энэ нь экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх орчин үеийн шилдэг техник, технологи бүхий экспортын баримжаатай хүнсний үйлдвэрлэлийн бүс нутгийн томоохон баазын үндэс суурь болно гэж үзэж байна гэлээ.

Хоёр орны хооронд иргэд, бараа бүтээгдэхүүний урсгал эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд иргэний агаарын тээврийн харилцааг өргөжүүлэх тухай хөндөж, энэ талаар холбогдох байгууллагууд яриа хэлэлцээ хийн, харилцан ашигтай, тодорхой шийдэлд хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Өнгөрсөн 3 дугаар сард БНСУ-д хийсэн айлчлалын үеэр иргэдийн визийн нөхцлийг хөнгөвчлөх асуудлыг үе шаттай шийдвэрлэх хамтарсан хөтөлбөр гарган ажиллахаар болсныг тэрээр өндрөөр үнэллээ.

БНСУ-ын орон нутгийн хөгжлийн бодлого, засаг захиргааны тогтолцооны туршлагаас суралцах зорилгоор сумын Засаг дарга нарыг энэ онд тус улсын Орон нутгийн удирдлагын хүрээлэнд сургалтад хамруулах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийлж, үүнд дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг Ерөнхийлөгч Ли Мен Багаас хүсэв.

Хоёр орон байгаль орчинд ээлтэй технологи, эрчим хүч, ус, ой, байгаль орчны нөхөн сэргээлт, мал, амьтны хил дамнасан гоц халдварт өвчинтэй тэмцэх,   хорио цээрийн салбарт талуудын шугамаар болон бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтойг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Түүнчлэн БНСУ-аас эм, эмийн бүтээгдэхүүн шууд худалдан авах, технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтойгоо дахин илэрхийлж, өмнө нь байгуулсан эрүүл мэндийн хамтын ажиллагааны баримт  бичиг үүнд чухал ач холбогдолтой гэж хэлэв.

Монгол Улс Зүүн хойд Ази, Солонгосын хойгийн байдлыг хурцатгахгүй байх, аливаа маргаантай асуудлыг яриа хэлэлцээний замаар зохицуулах, энэ талаарх талуудын хүч чармайлтыг дэмжиж, өөрийн хувь нэмрээ оруулж ирсэнийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ. Хоёр Солонгосын хооронд яриа хэлэлцээ сэргэж байгаад тэрээр баяртай байгаагаа илэрхийлж, цаашид бүс нутгийн тогтвортой байдлыг хангах талаар холбогдох улс орнуудтай хамтран ажиллахад бэлэн гэлээ. 

Аз, Номхон далайн худалдааны хэлэлцээр, Зүүн Азийн дээд түвшний уулзалт, АПЕК-т Монгол Улс нэгдэхэд БНСУ дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайд С.Батболд Ерөнхийлөгч Ли Мен Багаас хүсэв.

БНСУ, БНХАУ, Японы гурван талын дээд түвшний уулзалт тогтмолжиж байгаад Монгол Улс баяртай байгаа бөгөөд цаашид бүс нутгийн орнуудыг хамарсан яриа хэлэлцээний механизм болон төлөвшинө гэдэгт итгэж байгаагаа  илэрхийлж, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин зэрэг чиглэлээр дээрх гурван орны хамтын ажиллагааны ажлын хэсгийн уулзалтад оролцох сонирхолтой байна гэв.

БНСУ 2018 оны өвлийн олимпийг өөрийн оронд зохион байгуулах эрх авсанд Ерөнхий сайд С.Батболд баяр хүргэж, Зүүн Азийн орны хувьд бахархан баярлаж байгаагаа илэрхийллээ.

Өнгөрсөн 3 дугаар сард Ерөнхий сайд С.Батболдын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргасан айлчлал байсныг БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг хэлсэн үгийнхээ эхэнд онцлоллоо.

Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын энэ үед Монгол Улсын эдийн засгийн өсөлт 10 хувиас дээш гарч байгаа нь Ерөнхий сайд С.Батболд таны улс орноо зөв, чадварлаг удирдаж байгаагийн бодит илрэл. Үүнийг харахад сайхан байна гээд баяр хүргэлээ. Монгол Улсын хөгжил, цэцэглэлтийг БНСУ бүрэн дэмжиж байна. Улсаа богино хугацаанд хурдацтай хөгжүүлэх их боломжийг таны тэргүүлсэн Засгийн газар сайн ашиглаж, Монгол Улс богино хугацаанд өндөр хөгжилтэй улс болно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна гэж Ерөнхийлөгч Ли Мен Баг онцлон тэмдэглэв.   

БНСУ-аас үзүүлсэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Монгол Улсад “Үндэсний оношлогоо, эмчилгээний төв” байгуулахаар өөрийнх нь орны холбогдох хүмүүстэй хамтран ажиллаж байгааг төрийн тэргүүний хувьд бүрэн дэмжиж байна гэв.  

Ерөнхийлөгч Ли Мен Баг хэлсэн үгэндээ ашигт малтмалын орд газруудыг ашиглахад БНСУ, Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр мөн АНУ-ын санхүү, төсвийн хүндрэлтэй байдал дэлхийн эдийн засагт, тухайлбал БНСУ, БНХАУ, Японы хөрөнгийн зах зээл, худалдааны салбарт хэрхэн нөлөөлж байгаа болон БНСУ-д авч байгаа арга хэмжээний талаар санал солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top