Айдас. Энэ бол сэтгэлийн шаналал, түгшүүр. Бид өнөөдөр айдасгүй амьдарч чадаж байна уу. Үгүй ээ. Эрүүгийн гэмт хэргийн ертөнц шинэ хэлбэр, агуулгаар баяжиж, өдөр тутам сэтгэл сэрдхийлгэсэн аймшигт явдал сонсогдож байна. Хотын гэр хорооллын харанхуй гудамжаар хүүхэд, эмэгтэйчүүд ганц нэгээрээ явах боломжгүй боллоо. Тэд дээрэмдүүлнэ, эсвэл амиа алдана. Өнгөрөгч долоо хоногт олныг цочроосон гэмт хэргийн мэдээ цацагдлаа. Хүмүүс янз бүрээр үнэлж, цэгнэж байна. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 3 дугаар байранд амьдардаг нэгэн гэр бүлийн гурвын гурван хүний амийг хөнөөсөн энэ хэргийн эзэн Б.Эрдэнэбилэгийн талаар та бүхэн Zundaa.mn сайтын өмнөх мэдээллүүдээс уншсан байх. Тэрбээр урьд нь ч бас аймшигт хэрэг үйлдсэн байв. 2009 оны 1 сарын 8-нд өөрийн найз С.Эрдэнэбаяр, Д.Цогтбаатар, Н.Мэндбаяр, Ш.Гантулга нартай архидан согтуурч, нөхдөө зодож, хүлж орхиод, улмаар Ш.Гантулгыг дагуулан Н.Мэндбаярын дүүгийнд очиж, ээжид нь хутга тулган хүчирхийлсэн юм. Энэ хооронд найз Н.Мэндбаяр нь хүлгэндээ ороогдон нас барсан байв. Ш.Гантулга тэр хоёр анх хийсэн хэргээ хүлээсэн боловч сүүлдээ өмгөөлөгч нарыг өндөр хөлсөөр ажиллуулан мэдүүлгээсээ бултан зайлсхийсээр өдий хүрчээ. Б.Эрдэнэбилэгийн аав, ээж нь бизнес хийдэг, боломжийн амьдралтай тул шүүхийнхэнд овоо нэрт хүнд сайтай өмгөөлөгч Ц.Итгэл, Б.Оюунбилэг нарын зэрэг дөрвөн хүнийг тус бүрийг нь сая гаруй төгрөгөөр хөлслөн авч хэргийг өршөөлийн хуульд хамааруулж амжсан байлаа. Ийм нөхцөлд хохирогчдын ар гэрийхэн мэдээж дуугүй суугаагүй. Хэргийг дахин хянуулж, анхан шатны шүүхээс Б.Эрдэнэбилэгт 22 жилийн ял оноосон боловч давж заалдах шатны шүүх болон Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбатын оролцоотойгоор хэргийг нь дөрвөн удаа мөрдөн байцаалтанд буцаажээ. Ийнхүү цаг хугацаа алсрах тусам Б.Эрдэнбилэгийн гэмт үйлдэл замхрах тийшээ болж, хохирогчид нь ч “Гомдолгүй” гээд давж заалдах шүүх хурлаас түүний зүйл ангийг өөрчилж, эцэст нь санаандгүйгээр хүний амь хөнөөсөн болгоод 4.5 жилийн ял оноожээ. Ингэхдээ бас л Ц.Насанбат прокурор мөрдөн байцаагчид нь “Энэ хэргийн хохирогч Мэндбаярын нас барсан цагийг тогтоо” гэсэн үүрэг өгсөн байв. Зандалчин Б.Эрдэнэбилэгийг цагдан хоригдох хугацаа дууссан гээд бас хорихоос гаргачихсан байлаа. Хугацааг сунгах боломж уг нь байсан юм билээ. Ийнхүү шүүх, прокурор, өмгөөлөгч нартай найраа хийсэн Б.Эрдэнэбилэг хорихоос гараад удалгүй дээрх аймшигт хэргийг үйлджээ.
Эндээс шүүх, прокурор дахь авлига, ашиг сонирхлын зөрчлийг илүүтэй олж харахаар байна. Мөн өнөөх гайтай өршөөлийн тухай хуулийн цоорхой. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болмогцоо Өршөөлийн тухай хуулийг санаачилж, УИХ-аар батлуулсан юм. УИХ-ын 76 гишүүнээс энэ хуулийн үзэл санааг шууд эсэргүүцэх улс төрч байхгүй байлаа. Ихэнх нь Ц.Элбэгдоржийн санаачилсан хууль юм чинь хэмээн долдой царайлсаар дэмжицгээсэн. Олон сөрөг үр дагавруудыг тэд олж харахыг үнэндээ хүсээгүй. Өөрийгөө овоо дориун хуульч гэж бие тоодог Ц.Нямдорж хүртэл эхний үед эсэргүүцэх аятай бага сага юм ярихаас цаашгүй байв. Тиймээс энэ хуулиар олон хүн ял завших болжээ. Одоо Ерөнхийлөгч, Улсын Ерөнхий прокурор, Дээд шүүх дээр ял завшигчдын тухай иргэдийн гомдол овоорчихоод байгаа. Жишээ нь Ховд аймгаас охиноо хүчингийн гэмт хэрэгтэнгүүдийн гарт харамсалтайгаар алдсан өндөр настан Б.Каваш гуай бараг гурав дахь өргөдлөө Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригтод хүргүүлээд байна. Мөн хүүгээ бусдын гарт хөнөөлгөсөн М.Чадраа гуайн “Хүүгийн минь амийг бүрэлгэсэн Д.Одхүү, А.Цагаанбаатар нарын гэм бурууг Б.Баасандоржийн гэх зохиомол хэргээр хаацайлж байна” гэсэн өргөдөлд шийдтэй хариу алга. Хэрэгтэнгүүд цөм өршөөлийн хуулиар наранд алхаж явна.
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн дагуу өршөөлөөр суллагдсан 2000 гаруй хоригдлыг нийгэмшүүлэх орчинг бүрдүүлээгүй байлаа. Тэд гарч ирээд ажилд орох гэхээр ажил олгогчид өөдөөс нь цагдаагийн тодорхойлолт шаардаж, гэмт хэрэгт холбогдож байсныг мэдээд шууд татгалзаж байв. Заримыг бараг бүх насаар нь орон нутгийн захиргаа, цагдаа нар хяналтандаа байлгах журамтай байсан юм. Өөрөөр хэлбэл нийгмийн ялгаварлал, гадуурхалт тэднийг тосон авчээ. Тиймээс өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүс дахин гэмт хэрэг үйлдсээр явна. Тэр бүү хэл шоронгоор амьдралаа хийх хүсэл сонирхолтой бүлэг, бусдын гэмт үйлдлийг өөртөө дааж авдаг “Хэрэг худалдан авагч”, “Гэмт хэрэг зохиогч” нар хүртэл гараад иржээ. Шүүхийн шинэтгэлийн талаарх “Иргэний танхим”-ын хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэмт хэрэг зохиогчид, худалдагчид бий гэдгийг онцолж байсан нь ийм учиртай болов уу.
Хэрэг зохиогчид ба хэлмэгдүүлэлт
2007 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн Оргилболд нарын гурван залууг таксины жолоочийн амийг хороосон гэх хэрэгт холбогдуулан Ганц худагт бүтэн жил шахам хорьж, эрүүдэн шүүсэн баримт бий. Тэдгээр залуус хүн алаагүй байлаа. Цагдаа нар жинхэнэ алуурчинг нуух сэдлээр тэднийг гэмт хэргийн золиос болгохыг оролдсон тухай өмгөөлөгч нь ярьж байв. Араас нь тууштай хөөцөлдөх хүн бүл муутай байсан бол Оргилболд цаазын ял сонсох байлаа. Түүнд ийм ял төлөвлөөд байтал Их Засаг их сургуулийн хуулийн ангийн оюутан дүү нь цагдаа нарыг мөшгиж явсаар тэдний хуурамч хэргийг илчилжээ. Ингээд Оргилболд нар цагаадаж, төрөөс эрүүл мэнд, нэр төрөөрөө хохирсон хохирлоо нэхэмжлэхэд хүрэв. Иймэрхүү жишээ дэндүү олон. Энэ бол эрүүгийн өвөрмөц ертөнц дэх зэрлэгшил цагдаагийн албан хаагчдыг хамаад авчихаж буй нийгмийн үзэгдэл юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны 1 дүгээр сарын 14-нөөс цаазын ялаас түдгэлзэж, 30 жилээр хорих болсон нь нэг талаар дэлхий нийтийн чиг хандлага руу хөл тавьж буй сайн үйл мөнөөс мөн. Гэвч сөрөг нөлөө их байна. Одоогоор Монголчуудын маань иргэншил, ёс зүйн зөв төлөвшил хэтэрхий саармагжсан тул ихэнх нь үүнийг хүлээн авах чадваргүй байгаа юм. Тиймээс шорондоо очоод гэдэс цатгалан, сэтгэл амар хэвтэхийг хүссэн зэрлэгүүд олширов. Тэдэнд хүн алах бол юу ч биш болж байх шиг байна. Энэ бол нийгмийн том эмгэнэл. Үүнийг сэм өөгшүүлэгчид байхыг бас үгүйсгэх аргагүй. Эрүүгийн хууль дахь албан тушаалтантай хамааралтай заалтыг Ц.Шаравдорж нь аваад хаячихсан л байсан. УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүн хүн гэмт хэргийн үйлдэл дээрээ баригдаагүй л бол хариуцлага хүлээхгүй байхаар хуульчилсан, одоогийн мөрдөгдөж буй хуулиудаас 90 гаруй нь ямар нэг зөрчилтэй, үндсэн хуулийн агуулгад нийцээгүй зэрэг эрүүгийн ерцөндөд далдуур нөлөөлж буй олон хүчин зүйл бий.
Айдас бол хүчирхийллийн ул мөр, хэлмэгдүүлэлт, хүний эрхийн зөрчлүүд ажээ. 2008 оны 7 сарын 1-ний хэргийг одоо болтол шийдэж чадсангүй. Германд хүн хулгайлсан хэргээр шүүгдэж буй Б.Хурцыг тойрсон асуудлууд, түүний гараар Монголын шоронд эрүү шүүлтийг амсаж өөд болсон Д.Энхбатыг одоо хэлмэгдэгч гэж үзэхээс өөр аргагүй боллоо. Д.Энхбатыг өмгөөлсөн хурандаа Санжаасүрэнг шоронд хорьж, өмгөөлөх эрхийг хассан нь дэлхийн өмгөөллийн түүхэнд бараг гараагүй үзэгдэл буюу Монгол маягийн шинэ цагийн хэлмэгдүүлэлт юм. Одоо “Анод”-ын Н.Даваа болон түүний нөхдийг ч хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр дарж байна. Н.Давааг улс төрийн шалтгаанаар хорьсон хэвээрээ. Тэрээр шоронгоос бичсэн захидалдаа “Улсын санг хоосруулж, эргэж олдохгүй алт диллерийн алдагдал дээр ч ингэж сүржигнэж, бусдыг зовоож байгаагүй биз дээ. …”Анод” банкны барьцаа хөрөнгүүдийг булаан авч, улмаар тус барьцаанд байсан ганцхан ашигт малтмалын ордоор нь манай банкны болоод бусад банкны 130 тэрбум төгрөгийн бүх өрийг дарах гэж байгаа нь ямар их доромжлол вэ” гэжээ. Энэ нь түүний сүүлчийн үг ч байж магадгүй. Шоронд бие нь тун тааруу байгаа.
Шүүхийн шинэтгэл маш удаан явж байна. Энэ шинэтгэлд Ц.Нямдорж сайд анхнаасаа дургүй байсан юм. Тэрээр “Иргэний танхим”-д хийсэн хэлэлцүүлгийн үеэр “Шүүхийн шинэтгэлийг бид хийчихсэн шүү дээ” гэж байлаа. Гэтэл шинэтгэл зайлшгүй, гагцхүү шуурхай хийхийг олон нийт хүсэн хүлээсээр байна. Өнөөдөр авлигад хамгийн их өртсөн газар нь шүүх байгууллага боллоо. Зарим судалгаагаар харин улс төрийн хүрээнийхэн тэдний дээр гарчихдаг. Айдасгүй амьдрахад минь шударга, мэргэн шүүгч, сэтгэл зөөлөн, үйлс ариун, сайн цагдаа маш их хэрэгтэй байна, Ерөнхийлөгч өө.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )