Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг Германы цагдаа, шүүх байгууллагынхан шалгаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа хараахан дуусаагүй байгаа бололтой. Харин түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн тухайгаа зарласан юм. Б.Хурцыг гол нь 2003 онд Францаас Монголын иргэн Д.Энхбатыг хулгайлж Герман, Бельгийн нутгаар дамжуулан хууль бусаар хил давуулж эх орондоо авчирсан, эрүүдэн шүүж, зодож тарчлааж эрх чөлөөнд нь халдсан хэмээн буруутгаж байна. Д.Энхбат бол урьд нь олон удаа гэмт хэрэгт холбогдож байсан, Монголын шоронд хоригдож байхдаа бие нь муудаж, шүүхээс түүний ялыг хойшлуулан гаргасан гэдэг. Дараа нь дахиад хэрэгт холбогдохоор нь интерполоор эрэн сурвалжилж байсан тухай ч мэдээ бий. Гэхдээ энд эргэлзээтэй олон зүйл байгаа. Түүнийг Б.Хурц тагнуулын гурван ажилтны хамтаар хулгайлж авчраад талийгаач С.Зоригийн хэрэгт холбогдуулсан байдаг юм. Ер нь анх хулгайлж, ухаан алдуулах уусмал хэрэглэн баривчилсан зорилго нь ч ийм байлаа. Тийм биш бол Д.Энхбатыг интерполын шугамаар Герман, Франц, Бельги зэрэг түүний очиж байсан улс орнуудтай албан ёсоор харилцаж, тэдгээр улсын цагдаагийн хүч оролцоог ашиглан баривчилж авчрах боломж байсан юм. Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй сэжигтэн, гэмт этгээдийг ийм замаар авчрах учиртай байлаа. Гэтэл тэгээгүй тул хууль ёсыг уландаа гишгэсэн хэрэг болж байгаа юм. Тиймээс Д.Энхбатын дүү Д.Баяраа саяхан Германыг зорьсон нь ахынхаа үхлийн шалтгаан, анх хэрхэн баривчлагдсан зэргийн талаар мэдээлэл өгөх гэсэн явдал болов уу. Ингэх нь түүний эрхийн асуудал.
Харамсалтай нь сүүлийн үед Д.Энхбат бол муу хүн байсан, тэртээ тэргүй элэгний хүнд өвчний улмаас үхэх гэж байсан, харин тамлан зовоосон, хулгайлж авчирсан, эрүүдэн шүүсэн нь үхэлд хүргээгүй мэтээр ярьж бичих хүмүүс олон болж байх шиг байна. Энд нэг л зүйлийг хэн хүнгүй хатуу анхаарах хэрэгтэй байх. Юув гэвэл, Д.Энхбат хулгайч, луйварчин алуурчин гээд үзэшгүй муухай амьтан байсан ч хамаагүй, гагцхүү түүний эрхэнд хууль бусаар халдсанд гол учир шалтгаан байгаа юм шүү дээ. Өмгөөлөгч, хурандаа Л.Санжаасүрэн Б.Хурцыг Англид баривчилсаны дараахан хэвлэлд өгсөн ярилцлагадаа:
“Би Д.Энхбаттай 2003 оны зургаадугаар сард анх уулзсан. Д.Энхбатын хувьд дорой ядарсан нэгэнд их туслаж, өмгөөлж бусадтай сөрж, алдаж эндэж явсан нэгэн болохоос, хүн алж хүрээ талсан хүн биш. Ер нь олон хүнтэй уулзаж түүний тухай ярьж байхад, хүнлэг сэтгэлтэй, цагаан цайлган хүн гэж хэлдэг.
Д.Энхбат надад нэг л зүйлийг хэлж байсан. “За, намайг гүтгэлээ. Би амьд гарахгүй юм байна. Надаар хүн алсан хэрэгт бусдыг гүтгүүлэх гэж байна. Би амьд байхдаа ийм гүтгэлэг хийхгүй ээ. Тиймээс та бичлэг хийгээд миний үгийг олон түмэнд дамжуулж өгөөч ээ. Би үр удмаа нэр цэвэр үлдээе ээ.
Надад ямар ч гэм буруу байхгүй. Гэхдээ хэмжээ байдаг юм байна. Хүн хүндээ хүнлэг хандах ёстой юм байна. Хүн алдаж эндэж болно. Үнэхээр алдаж эндсэн хүн бүр муу сэтгэлтэй байдаггүй юм байна. Өндөр албан тушаалд байгаа хүмүүс яасан муухай сэтгэлтэй юм бэ. 10, 20 жил суусан гяндангийн ялтнаас доор сэтгэлтэй улсууд өндөр албан тушаалд байна. Тэнд ядарч, алдсан нэгэндээ туслахыг боддог” гэж хэлж байсан юм. Тэр бичлэг дээр нь ч хэлж ярьсан зүйл нь байдаг юм. Ер нь хүн эцсийн эцэст гэм буруугаа л наминчлах ёстой. Албан тушаал, эрх мэдэлтэй, хэн ч байж болно. Гэхдээ нүгэл бол нүдээрээ гарах учиртай. Б.Хурц баригдсан нь хамгийн тодорхой байгаа зүйл. Энэ бүхний дараа юм өөрчлөгдөнө. Талийгаач бид хоёрын асуудал нэгэнт Олон улсын анхаарал татсан учраас, бид хоёр бол цагаадана. Хүний эрх сэргээгдэнэ. Би амьд байх, байхгүй юу гэдэг дараачийн асуудал” гэжээ. Ийнхүү ярьж буй Л.Санжаасүрэнгийн өмгөөлөх эрхийг одоо болтол сэргээсэнгүй. Д.Энхбатыг өмгөөлсөнийхөө төлөө шоронд хоригдоход нь өмгөөлөх эрхийг хассан байлаа.
Германы тал одоо Б.Хурцад дээрх хэргийн улмаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бол хамт явсан тагнуулчдыг нь сонирхож таарна. Тэдний нэрийг одоо нууцлах шаардлагагүй болжээ. Тухайн үед Б.Хурцтай тагнуулч Сийзхүү, Бат-Эрдэнэ, Эрдэнэбат нар цуг явсан бөгөөд Францад амьдарч байсан монгол иргэдтэй уулзан Д.Энхбатыг сураглаж нэлээд хэд хоносон гэдэг. Зарим хүмүүсийг тэд их хэмжээний мөнгөөр хөлслөж авсан байв. Тэдгээр хүмүүсээрээ Д.Энхбатыг дуудуулж авчран баривчлахыг харсан хүмүүс одоо амьд сэрүүн байж л байна. Харин Сийзхүү, Бат-Эрдэнэ, Эрдэнэбат нар өнөөдөр Монголд байхгүй. Гадаадын аль нэг улс оронд дүрвээд гарчихсан гэдэг. Тухайн үед Тагнуулын Ерөнхий газрын дарга байсан М.Батсайхан одоо Орост атташегаар сууж байна. Германы мөрдөн байцаагч нар тэдний тухай Б.Хурцаас асуухгүй өнгөрнө гэж юу байхав. Тиймээс Д.Энхбатын дүү Д.Баяраа болон Германд амьдарч буй талийгаач Д.Энхбатын хүүхдүүдийн мэдүүлгээс илүү чухал мэдүүлэг тэдгээр тагнуулчдаас л гарч таарна. Тэд Германы талд илүү “хэрэгтэй” хүмүүс юм. Энэ талаар хурандаа Л.Санжаасүрэн гуай ярихдаа, “Тэр нэр гурваар тогтохгүй байх аа. Албан тушаалтны үйлдсэн гэмт хэрэг төрийн нууцад ордоггүй. Европын холбоо, тухайлбал НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн Франц, байнгын бус гишүүн Германы нутаг дэвсгэр дээр эрүүгийн мөрдөлт явуулсан Монголын ажиллагаа нь өөрөө гэмт хэрэг. Олон улсын хүрээнд хориглосон гэмт хэрэг болох хүн хулгайлах үйлдэл сэдсэн, турхирсан, зохион байгуулсан, гүйцэтгэсэн нь төрийн нууц гэсэн ойлголтод огт хамаарахгүй. Энэ бол олон улс дамнасан гэмт хэрэг. Дээрх хууль бус үйлдлийн улмаас эрдэнэт хүн амь насаа алдлаа. Монголд ийм эмгэнэл дахин бүү давтагдаасай. Ийм үйлдлийг ардчилсан улсын тагнуул, цагдаа, дипломат алба хийдэггүй. Хүн хулгайлсан гэмт хэрэг дарангуйлагч улс оронд гардаг. Бүр мафийн сүлжээ байдаг талаар хэвлэлд гарч байдаг шүү дээ” гэсэн юм. Монголын хувьд энэ нь бас нэг том сургамж болов уу.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )