Сэргэн мандалтын үеийн Монголчууд ба Монгол гаралтай хүмүүс

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 08

Энэ жилийн Улсын Их баяр наадмыг Хүннүгийн эзэнт улс байгуулсны 2220 жилийн ой, өнөөгийн ардчилал, даяаршлын үндсийг бий болгосон Их Монгол Улс байгуулсны 805 жилийн ойтой хамтруулан бүх монголчууд тэмдэглэлээ.

 

Түүнээс хойш хэдхэн хоногийн дараа дэлхийн монголч эрдэмтдийн X дугаар их хурал хуралдаж, Монголчуудын түүх соёл, зан заншил, хэлний талаар ярилцаж, Хүннүгийн эзэнт улс Монголын нутагт дээр үүссэн археологийн баталгааг гарган тавив.

 

21 дүгээр зуун бидэнд Монгол эх орноороо бахархах, монгол түүх, соёл, зан заншлаараа бардамнах, түүнийгээ дахин сэргээх, өргөтгөн хөгжүүлэх, сайн цагийг авчирлаа. Үүнтэй зэрэгцэн нааштай, наашгүйг хослуулсан даяаршлын эрэн үед бид амьдарч байна.

 

Даяаршил нь монголчууд биднийг гадаадад гарч нүд тайлах, тэнд амьдарч байгаа монгол ахан дүүстэйгээ уулзах, өвөг монголчууд буюу монголжуу хүмүүсээ эргэх, тэдэнтэйгээ дахин танилцаж монгол хэл, соёл, зан заншлаа хэрхэн цаашид авч явах талаар ярилцаж, түүндээ ямар тусламж дэмжлэг хэрэгтэй талаар санал солилцох боломж олголоо.

 

Бидний мах цусны тасархай хүмүүсээс бидний талаархи тэдний сэтгэгдлийг сонсвол бид тэднийг илүү мэдэрч чадах болов уу гэж үзлээ. Энэтхэгийн өвөг монголчуудаас: “Монголчууд та нар хувиа хичээсэн, мах цусныхаа тасархайг бүрэн мартсан хүмүүс. Уг нь биднийгээ эргэж татна, буцааж авна гээд амласан. Бид та нарыг нүдээ чилтэл зуун зуун жилээр хүлээж харлаа” гэдэг.

 

 

Одоо Энэтхэгт 30 гаруй сая өвөг Монголчууд буюу -Mongoloid хүмүүс амьдарч байна. Тэд Энэтхэгийн зуун хойт зүгийн 7 муж болон Хималайн уулын сав газраар амьдарна. Тэд бидэнтэй гаднах нүүр царай, зан заншлаараа их төсөөтэй. Тэдний эхний хэсэг нь 2700-3000 жилийн өмнө Энэтхэгт очиж суурьшсан гэдэг.

 

Түүнээс хойш 13 дугаар зууны үед Чингис хааны удам угсааныхан, 16 дугаар зууны үед Хувилай хааны эзэнт улс задрахад Юан гүрний емнөд нутгаар амьдарч байсан монголчуудын зарим нь Энэтхэг, Мьянмар, Тайландын нутагт нүүдлэн очсон байдаг.

 

Сүүлийн үеийн Энэтхэгийн эрдэмтэд Энэтхэг-Монголын хэлхээ холбоог 10 000 (арван мянган) жилийн түүхтэй болох талаар судалгааны зүйлээ дэвшүүлж байна. Энэтхэгийн монголойд хүмүүсийн бидэнтэй төсөөтэй зүйлүүд гэвэл, тэд эрийн 3 наадам (Бөх барилдаж, нум сум харваж Морин поло тоглоно), бөө бөөлж их тэнгэр уул усандаа мөргөдөг, борц хийж, уулархаг сэрүүн нутгаар нүүдэллэн амьдардаг.

 

Энэтхэгийн Манипур мужийнханы хөгжим нь морин хуурын аялгуутай, уртын болон харилцаа дуутай. Тэд араг үүрч жимс түүж, тогоо нэрж, малын цусаар цайдас хоол хийхийн зэрэгцээ хадмынхаа болон нөхрийнхээ нэрийг гэрийн эцэгтэй цээрлэж өөр нэрээр авгайлан дууддаг.

 

Тэд овоо тахиж, сүү хөөрүүлэн, хутга мэсийн төрөл хүнд өгөхдөө ишээр нь өгдөг бидэнтэй ижил заншилтай Хэрэйд, Ойродын төлөөлөлтэй тэднийг энэхүү хуралд багтаан оролцуулах шаардлага гарч байна.

 

Энэтхэгтэй хил залгаа Балбын хүн амын 20-50 гаруй хувийг монголжуу гэж Балбын эрдэмтэн Прем Катри тэмдэглэжээ. Энэ нь 4-10 сая. Гималайн сүрлэг уулсын өмнө бэлээр Шерпачууд амьдардаг. Тэдний тоо 154622. Балбын Хэрэйдчүүд 635151.

 

Хазарачуудаас: “20 гаруй жил байлдлаа. Энэ хугацаанд Пакистан Талибанчуудад, Узбекс-таныхан узбекүүдэд, Тажикстаныхан тажикуудад тусаллаа. Харин Хазара бидэнд тусалсан, хайрласан хүн байгаагүй. Монголчуудыг та нарыг харсан шүү” гэв. Афганистаны хүн амын 20 хувийг Хазарачууд эзэлдэг. Энэ нь бараг 5 сая орчим.

 

Тэдний ярианд тохой, толгой, ноён зэрэг монгол үг олон байдаг. Түүний зэрэгцээтэд монгол гэртэй, бурханы шашинтай байсан. Афганистанд Цагаадай гэдэг хотхон бий. Монгол Улсын төлөөлөгчийн газар байх ёстой орны нэг юм.

 

1949 онд БНХАУ байгуулагдахад Куньминийн монголчууд Монголдоо очих хүсэлт тавихад Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энь-Лайгаас та нар одоогийн нутагтаа олон зуун жил амьдарсан тул дасчихсан байгаа. Бид та нарыг ялган гадуурхахгүй нэгэн адил эрх тэгш амьдрах боломжоор хангана гэжээ.

 

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны монголчуудаас гадна Түвдийн өндөрлөгийн зүүн хойт хэсэгт амьдардаг Цагаан монголчууд /241 мянга/ , БНХАУ-ын Хөх нуур, Түвдийн өндерлөгт аж төрдөг дээд монголчуудын /90 мянга/ талаар Монголын төлөөх зүрх бүхэнд номондоо Ц.Санчир, Б. Цэрэн нар бичжээ.

 

Хятадын эх сурвалжинд БНХАУ-д Монгол үндэстэн 5,8 сая байна. Тайваньд цөөн тооны монголчууд бас байна. ОХУ-ын Буриад, Халимаг, Тувачууд бол монгол хэлтэй, монгол заншилтай бөгөөд тэднээс өөрсдийгөө монгол гэж бүртгүүлсэн хүмүүсийн тоо 2002 оны байдлаар 862613 байна.

 

Даяаршлын үеийн сайны зэрэгцээ саар зүйл гэвэл, дэлхий дээр байгаа цөөн тооны монголчууд болон монгол гаралтай хүмүүсийн хэл соёл, зан заншил, нүүдлийн ахуй амьдрал дэлхийчлэгдэж, цаашид түүнийгээ бие даан авч явахад хүндрэл үүсч байна.

 

Монгол Улсын хилийн гадна амьдардаг тэдгээр хүмүүс (монголчууд, монгол үндэстэн, өвөг монголчууд) өөрсдийгөө монголчуудын мах цусны тасархай гэж үзэн Монгол орныг ширтэн, Улаанбаатарт болж байгаа сайхан зүйлийг, дэлхий дахинд монголчуудын гаргаж байгаа ололт амжилтыг сонсоод баярлахын зэрэгцээ бидний талаар хэвлэлд гарсан муу муухай зүйлийг сонсоод гонсойн явдгийг би нүдээрээ үзэж, сэтгэлээрээ мэдэрсэн хүний нэг юм.

 

Тэд маань олон сая хүний дотор, олон хүчтэй шашин, соёлын дунд амьдарч монгол хэл соёлоо, зан заншлаа залгуулан өнөөг хүртэл авч ирээд, цаашид түүнийгээ ялангуяа дэлхийчлэлийн үед авч үлдэж чадах эсэх нь Улаанбаатарт төвтэй монголчуудын бодлогоос хамаарч болох эгзэгтэй үе меч бий болоод байгааг бид тунгаан эрэгцүүлэн бодох цаг нь ирлээ.

 

Их хаадуудын адилаар уужим тайван дэлхийн хэмжээгээр өргөн сэтгэж, тэднийхээ сургамжийг аль болох өвлөн авч, Монгол соёл, зан заншил иргэншлээ тэдэндээ үлдээх, монгол хэл бичгээ зааж, ахан дүүсийн байдлаар тэдэнд хандаж, тэднийг нутагтаа урьж өнөөдрийн ахуй амьдралтай танилцуулж, хамтран эртний түүхээ судлах шаардлага үүдэн гарч байна.

 

Тэдэнд үзүүлж байгаа Ерөнхийлөгчийн нэрэмжит цалинг улам өргөтгөн жил бүр өсгөж, Монголд ирэх хөнгөлтийг үзүүлж, хүсвэл тэднийг өөрийн иргэн болгохоор ,казак үндэстэнгээ нэгтгэж байгаа Казакстаны туршлага бэлэн байна.

 

Гадаадад гаран суурьшиж байгаа монголчууд. Гадаадад суурьшсан монголчуудаасаа бид хараа салгах ёсгүй. Харамсалтай нь гадаадын иргэдтэй гэр бүл болсон монголчууд монголын иргэнээс гарахаас өөр аргагүйд хүрч байна. Тэдний хүүхэд гадаадын иргэн болоод монгол хэл, соёл заншлаа мартаж байна.

 

Энэ бол Монгол эмгэнэл юм. Саяхан онгоцонд 2 хүүхэдтэй танилцлаа. Тэд 5-6 настайдаа Монголоос гараад 20 жилийн дараа нутагтаа уул уурхайн салбарт ажиллахаар ирж байна.Тэдэнтэй би англиар ойлголцлоо. Энэ бол над, тэдний эх эцгийн хувьд болон Монголын хувьд ичгүүртэй байлаа.

 

Үүнийгээ бид хурдан залруулах шаардлагатай байна. Гадаадад амьдарч ажилладаг хүмүүстэйгээ ажилладаг Өмнөд Солонгосын сонгодог туршлага байна.

 

Эдгээр зүйлүүд нь давхар иргэншлийг эхлээд АНУ, Европын холбооноос бид эхлүүлэх шаардлага байгааг хэлж байна.
Монголчууд, өвөг монголчууд өөрсдийн хэл соёл, Монгол зан заншил төрхөө хилийн гадаа авч явах ирээдүйн талаар санал бодлоо хэлнэ байх гэж найдаад үгээ төгсгөе.

 

Др, Проф. О.Нямдаваа /Монгол улсаас БНЭУ-д сууж байсан  элчин сайд/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top