Монгол хүн Лондон хүртэл 11555 км замыг гүйж туулна

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 26


          Гүйлтийн спортын мастер Б.Буджаргал хэмээх энэ шавилхан биетэй залуу 2012 оны Лондонгийн олимпод зориулан Улаанбаатараас Лондон хүртэл 11555 км замыг гүйж туулахаар багаа бүрдүүлж, бэлтгэлдээ гарчээ. 2008 оны Бээжингийн олимпод 1500 километр гүйж орсон түүний амжилтыг ард түмэн төдийлөн мэддэггүй. Тэрээр энэ удаагийн гүйлтээ Монгол улсад төдийгүй дэлхийд газар аваад байгаа зүрхний шигдээс, цус харвалт, хорт хавдар, чихрийн шижин зэрэг өвчнөөс сэргийлэх уриан доор зохион байгуулж байгаа аж. 10 сарын турш үргэлжлэх энэхүү холын зайн гүйлтийг МУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах ажээ. Түүний ярианд анхаарлаа хандуулна уу.

-Сайн байна уу та.  “Улаанбаатар-Лондон Олимп 2012” олон өдрийн гүйлтийг та санаачилсан байна. Маш сонирхолтой санагдаж байна. Энэ талаар яриагаа эхэлье?
    -Энэ оны 9-р сарын 1-нээс эхлэн Улаанбаатараас Английн  нийслэл Лондон хүртэл 11555 км замыг 10 сарын турш туулж 2012 оны 7-р сарын 14-нд  Лондонд барианд орохоор бэлтгэл ажлаа хангаж байна. Энэхүү гүйлт маань “Халдварт бус өвчний эсрэг” дэлхийн хүн төрөлхтнийг уриалсан олон өдрийн гүйлт байх юм. 12 үе шаттай явагдана. Тухайлбал, нэгдүгээр үе нь Улаанбаатараас Эрхүү хүртэл 1000 км  “хөдөлгөөний дутагдлын эсрэг”, хоёрдугаар үе нь Эрхүүгээс Красноярск  хүртэл 1000 км ”Зөв бус хооллолтын эсрэг”, гурав дахь нь Красноярскаас Новосибирск хүртэл 1000 км “Тамхины эсрэг” гэх мэт 1000 км бүр тус тусдаа уриатай  холын зайн олон өдрийн гүйлт юм. Хамгийн сүүлийн 555 км нь “Эрүүл зөв амьдралын төлөөх“ гүйлт байх юм. Энэ гүйлтэнд 8 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно. Ер нь би ганцаараа бүтэн гүйнэ. Бусад нь эмч, дасгалжуулагч, жолооч, менежер, телевизийн сэтгүүлч зэрэг арын албаны хүмүүс байх бөгөөд тэд бас боломжоороо гүйцгээх юм.
    -Монгол улсаа сурталчлах томоохон төсөл болох нь ээ?
-Тэгэлгүй яахав. Уг гүйлтийн онцлог нь Монгол үндэсний уламжлалт гэр тэргийг орчин үеийн хэв маягт оруулсан монгол гэрт тамирчид маань амьдарч, үндэсний хувцас, морин хуур, уртын дуу, хөөмий зэрэг бидний бахархал болсон соёл урлаг, зан үйлийг сурталчилж явах юм. ”Халдварт бус өвчний эсрэг” гүйлт нь 8 улсын нутаг дэвсгэрийг дайрч өнгөрөх бөгөөд зам дагуух хотуудаар бүх нийтийн гүйлт зохион байгуулна. Монгол, Орос, Украйн, Словак, Чех, Герман, Франц, Англи зэрэг орнуудаар холын зайн гүйлт хийнэ.
    -Ийм гүйлт зохион байгуулах санаа хэзээ төрсөн бэ?
    -Ер нь бол 2008 онд Бээжингийн олимпод зориулж 1500 км-ийн олон өдрийн гүйлт зохион байгуулж, барианд орсон цагаасаа л бодож эхэлсэн. Тэгээд энэ гүйлтээ дэлхийн хүн төрөлхтөнд тодорхой уриалга гаргах, эх орныхоо нэрийг дэлхийд сурталчлах зэрэг бүтээлч ажилтай холбох ёстой юм байна гэж бодсон. 2010 онд хуралдсан дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар халдварт бус өвчний улмаас эдийн засагт учирч буй хохирол эрчимтэй нэмэгдэж байгааг нэн тэргүүнд анхаарах шаардлагатай гэж үзсэн. Тиймээс “Халдварт бус өвчний эсрэг” дэлхийн хүн төрөлхтнийг уриалан дуудсан эрүүл энхийн төлөө олон өдрийн гүйлтийг зохион байгуулж байгаа юм. Сүүлийн жилүүдэд халдварт бус өвчин, тэр дундаа зүрхний шигдээс, цус харвалт, хорт хавдар, чихрийн шижин зэрэг нь нас баралтын дийлэнх хувийг эзэлж байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас анхааруулж байгаа билээ. Тиймээс бид өвчлөхгүй байх гол үндэс бол хөдөлгөөний дутагдалд орохгүй  байх, зөв хооллох, гүйлтээр хичээллэхийн ач тусыг хүн төрөлхтөнд сурталчлан таниулах, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 3-р сарын 26-ны өдрийн 53-р зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 12-р сарын 14-ний 246-р тогтоол, 2009 оны 1-р сарын 7-ны өдрийн 05-р тогтоолыг хэрэгжүүлэхэд энэ гүйлтийн зорилго оршино.
    -Та ер нь урьд нь холын зайнд гүйж байсан уу. Ямар  амжилт гаргаж байв?
    -Би 1995 оноос гүйж эхэлсэн. Аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлээд бүс, улс, олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцож байсан. Хамгийн хол гүйсэн нь түрүүнд хэлсэнчлэн 2008 онд Улаанбаатараас Бээжин хүртэл 1500 км-ийн зайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Олимпийн алтан медалын төлөө” уриан дор амжилттай туулсан. Мөн 2010 онд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Ёлын амнаас Сэврэй сумын Хонгорын элс хүртэл 220 км замыг туулж түрүүлсэн. Энэхүү гүйлтэнд 18 орны тамирчид оролцсон. Ер нь Монголд болон гадаадад болдог 42 км 195 метр зай буюу марафон гүйлтийн тэмцээнүүдэд тогтмол оролцдог. Мөн 24, 12 цаг, 75 км-ийн гүйлтнүүдэд оролцож байлаа.
    -Гавьяа шагналын тухайд?
-Гавьяа шагнал гэвэл Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, уулын болон гүйлтийн спортын мастер, Биеийн тамир спортын газар, Олимпийн хороо, Хөнгөн атлетикийн холбоо зэрэг байгууллагуудын шагналыг авч байсан.
    -Энэхүү гүйлтийг хаанаас зохион байгуулж байна. Ивээн тэтгэж, дэмжиж байгаа байгууллагууд байгаа биз дээ. Зардал мөнгө их орно биз?
    -“Халдварт бус өвчний эсрэг” гүйлт маань Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа. Дэмжлэг үзүүлж байгаа байгууллага гэвэл Эрүүл мэндийн яам, Биеийн тамир спортын газар, Үндэсний Олимпийн хороо, Мянганы сорилтын сан, Хөнгөн атлетикийн холбоо, Биеийн тамир спортын “Ажнай” клуб, Холын зайн гүйлтийн холбоог нэрлэж болно. Ерөнхий ивээн тэтгэгчээр “Ажнай” корпораци, ивээн тэтгэгчээр “Таван толгой” ХК, “Таван толгой транс” компани ажиллаж байна. Нийт зардал нь 150 мянган ам.доллар болж байгаа.
    -Энэ гүйлт гиннесийн номонд бичигдэх болов уу?
    -Энэ талаар судалсан зүйл алга. Юуны түрүүнд төслөө амжилттай болгох нь нэн чухал байна.
    -Танд амжилт хүсье. Манай сайт таны энэхүү сонирхолтой төслийг цаг тухай бүрт нь сурвалжилж, дэмжин ажиллах болсныг танд дуулгахад таатай байна аа.
    -Баярлалаа. Энэ дашрамд миний ажлыг дэмжиж ажиллаж байгаа бүх хүмүүс, байгууллагуудад талархал илэрхийлье.
Д.Билгүүн. Zindaa.mn

Top