Н.Гэрэлт-Од: Өсөж төрсөн уул ус, өвөг дээдсээ шүтэж явдаг

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 17

Бага насныхаа дурсамжаас яриа эхлэх үү. Хүүхэд байхдаа хурдны морь унаж байв уу?
Багадаа жаахан том биетэй хүүхэд байсан болохоор хурдны морийг төдийлөн олон жил унаж байгаагүй. Багаасаа хөдөө өвөө, эмээ дээрээ малын дэргэд өссөн болохоор адуу малд их ойрхон хүүхэд байлаа. Моринд их дуртай хүүхэд байсан болохоор  морьноос хасагдаад л морь уяж эхэлсэндээ.

Хэдэн оноос морь уяж эхлэв?
Морьноос хасагдсаны дараа өвөө маань намайг моринд дуртай хүүхэд гээд удам сайтай азарга, гүү авч өгч моринд оруулж, 1992 оноос л бие даан морь уяж эхэлсэн. Анх даага уяж гараагаа эхэлж байлаа.

Өвөө тань морь уядаг хүн байв уу?
Яг намайг өсгөсөн өвөө маань морь уядаггүй хүн байсан. Гомбожавын Лувсаншарав гэж насаараа хонь хариулсан,  төрийн шагналт, алтан гадаст  хоньчин хүн байсан. Бас гэрийн шаггүй лам хүн байсан. Манай аавын аав Гүрийн Лувсанжамц гэдэг хүн 1951 оны Ардын хувьсгалын 30 жилийн ойн улсын их баяр наадамд  хээр даагаа аман хүзүүдүүлж, хүрэн халзан хязаалангаа есд, хээр соёолонгоо наймд давхиулж байсан уяач хүн байсан. Харамсалтай нь тэр өвөө маань намайг бага байхад бурхан болчихсон.

Та түрүүнд ярьлаа, өвөө маань удам сайтай азарга, гүү авч өгч моринд оруулсан гээд. Хаанаас ямар удам угшлийн адуунууд авч байв?
Тэр үед нэгдэл ниймэлчлэлийн үе байлаа. Манай нутгийн адуучин “аварга” Дондов гэдэг хүн шилмэл омгийн адуу малладаг байсан юм. Тэр шилмэл омгийн адуунаас нэг азарган хүрэн үрээ авч өгч байсан. Мөн адуучин Дондог, Цэвээндорж гээд хүмүүсээс ганц нэг гүү авч адууныхаа эх үүсвэрийг ерөнхийдөө тэгж тавьж байсан. Тэр хүрэн азарганы маань үр төлүүд сайхан хурдалж, 2000 онд хүрэн азарганы төл хүрэн шүдлэн үрээ сумын наадамд хол түрүүлсэн. Тэр цагаас хойш л морийг идэвхитэй уяж аймаг, сум, орон нутгийнхаа наадамд өнөөдрийг хүртэл сайхан наадаж, өнгөрсөн жил аймгийн алдарт уяач болсон.

Аймгийн алдарт уяач цолыг ямар амжилтаар хүртсэн бэ?
Өө яаахв орон нутгийн болоод бүсийн чанартай наадмуудад хүний өөрийн морьдийг газар газарт очиж нэлээн хэд айрагдуулж, түрүүлгэсэн. Сэлэнгэ аймгаар хэдэн жил сайхан наадсан. Мөн Сүхбаатар, Хэнтийн нутгуудаар бишгүйдээ сайхан наадаж 10-аад түрүү, 30-аад айраг авсан. Тэгээд аймгийн алдарт гэдэг энэ сайхан эрхэм хүндтэй цолыг хүртээд өнгөрсөн жил Өвгөн ноёны нэрэмжит зүүн бүсийн наадамд долоон настай их насны бор морио түрүүлгэсэн дээ.

Зүүн бүсд түрүүлсэн бор мориныхоо талаар яриач. Удам угшил.......?
Дээд тал нь манай нутгийн өндөр Зундуйн боруудын угшилтай гэж нутгийн өвгөцүүл ярьдаг юм. Би бол өөрөө өнгөрсөн өвөл Төмөртогоогийн Оюунбаатар гэдэг найзаасаа авсан. Надад ирэхээсээ өмнө хөдөө наадамд нэг айрагдаж байсан. Бусад наадмуудад айргийн архнаар л давхиад байсан морь байгаа юм. Ноднин зүүн бүсийн өмнө Хэнтийн Баян-Овоо сумын наадамд түрүүлсэн.

Бор морь зарагдчихлаа гэж дуулдсан....?
Өө тийн. Эрдэнэчулуун тод манлайтай сайхан танилцаж, сайхан ах дүүс болсний хувьд яриа хөөрөө тохироод бараг бэлгэлчихсэн дээ.

Зүүн бүсд дөрөвт орсон Эрдэнэчулуун тод манлайгийн бор морийг бас таний унаган морь гэж дуулсан?
Миний унаган морь биш ээ. Би сум орон нутгийнхаа наадамд хэдэн удаа айргдсан амжилттай үрээг Хэнтийн Баян-Овоогийн Барсийн Нямдорж гэдэг залуугаас машинаа өгч авч байсан юм.  Тэгээд Эрдэнэчулуун тод манлайд авчирч өгөөд хоёр жилийн дараагаар өвс тэжээлэндээ дасаад энэ жил зүүн бүсд дөрвөөр орсон.



Улсын наадамд ирж уралдаж байв уу?
2004 оны улсын наадамд ирж нэг үрээ маань 23-аар давхиж байсан. Тэрнээс хойш  2009 онд Б.Эрдэнэгэрэл манлай уяачын туслах уяачаар төрийнхөө наадамд оролцож байсан. Ирэх жил Улс хувьсгалынхаа 90 жилд зорьж ирж алтан тууртынхаа тоосыг өргие гэж бодож байгаа.

Ер нь уяач болоод анхныхаа айраг түрүүг хэзээ ямар наадмаас хүртэж байв?
2000 онд Мөнххаан сумынхаа наадамд хүрэн шүдлэнгээ түрүүлгэж байсан. Тэр наадамд хүрэн шүдлэн маань их хол түрүүлж байсан. Тэр л ер нь миний хувьд хамгийн сайхан наадам байсан гэж боддог. Тэр үед намайг хүн болгож хүмүүжүүлсэн өвөө маань амьд сэрүүн байсан. Өвөөгөө тэгж баярлуулсан даа одоо хэр нь сэтгэл хангалуун явдаг даа. Ер нь тэгээд өсөж төрсөн уул ус, өвөг дээдсээ шүтэж, нутгийнхаа ахмад уяачид, ахмад буурлуудыгаа хүндэлж, тэд нарынхаа зааж сургасан зөвлөмжийг л бодож санаж явдаг хүн дээ.

Нутгийнхаа ахмад уяачдаас ямар хүнийг хамгийн ихээр хүндэлж явдаг вэ?
Нутгийн сайхан буурлуудыгаа бүгдийг нь л хүндэлж явдаг даа. Манай нутагт мундаг мундаг сайн уяачид бас олон бий. Тухайн цаг үедээ нэгдлийн мал малладаг захиргаадлын үе байсан болохоор гадагшаа дотогшоо явж уралдах нөхцөл боломж байгаагүй, тэгсэн хэдийч адууныхаа удам угшлийг мундаг сайжруулсан Бураа Пүрэвжав гуай, Ембүү Пүрвээ гуай, адуучин Дондог, Дондов, Цэвээндорж гээд нэрлээд байвал олон сайхан өвгөцүүл байгаа. Энэ хүмүүс маань тухайн үед бид нар шиг ингээд морио уяад дуртай газраа очиж уралдаад явж байсан бол тэр материал, адуу, хурд нь байсан юм чинь тодорхой хэмжээний өндөрт амжилт гаргахаар хүмүүс байсан. Тэхдээ тэдгээр буурлуудын маань унаган адуунууд нь улс бүсийн наадамд айрагдаж түрүүлж нэрийг нь гаргаж байгаад энэ нутгийн залуу уяач хүний хувьд их л баярлаж явдагдаа. Ер нь манай Эрдэнэ Далай Вангийн хошуу ч хурдтай шүү.

Адуугаа эрлийз талруу нь жаахан үржүүлж байна уу? Ер нь адууныхаа цусыг ямар адуугаар сэлбэж байна?
Айхтар эрлийзжүүлсэн юм бол байхгүй ээ. Оросын Будённый үүлдрийн азарга, гүү хоёр аваад дундаас нь гарсан нэг азарга бий. Тэхдээ одоогоор хараахан гүү хураалгаж амжаагүй л байна. Манай нутгаар 2008 онд сүрхий салхи шуурга болоод тэр шуурганд адуу малаа их эрсдүүлсэн. Эх эцэг хоёр нь тэр шуурганд эрсдсэн.Үлдсэн ганц төлийнх нь үр шимийг үзнэ л гэж бодож байна. Ерөнхийдөө энд тэнд гайгүй хурдалж байгаа нутгийн адуунуудын үр төлийг цуглуулж байгаа. Манай унаган адуунаас улсын наадамд Б.Цэрэнбалтав гуайн нэр дээр хүрэн үрээ 2008 онд айрагдаж, 2009 онд Завхан аймгийн Очирвааны хурдад гурваар орсон байдаг.

МОРЬ УЯХААСАА ИЛҮҮ ШИНЖИХ ТАЛ ДЭЭРЭЭ АРАЙ ДАЖГҮЙ


Таныг шүлэг зохиодог гэж сонсож байсан юм байна?
Хаяа нэг дөрвөн мөрт эвлүүлээд тэрнээсээ кайп авдаг. Ер нь байгаль дэлхий, адуу малаа харж суухдаа өөрийн санаанд орсон юмаа хаяа цаасан дээр буулгачихдаг хобби бий. Тэр жил би  нэг хурдан удамтай хар гүүгээ унагалахад  сайхан хурдан буян төрлөө дөө гэж их баярлаж байсан. Түүнийгээ соёолонд  нь уяж нэг түрүүлүүлж, гурав айрагдуулаад байхдаа “соёолон зээрд” гээд нэг шүлэг зохиож байсан. Тухайн үед дуу болгоно энтэр гэж байгаад нэг их хөөцөлдөлгүй орхичихсон. Ер нь бол  дажгүй боломжийн үгтэй дуу гарах байсан байх. /Шүлгийг ЭНД  дарж уншина уу/

Морь уяж, шүлэг зохиохоос өөр хобби, сонирхол бий юу?
Морь уяхын хажуугаар бөх бас барилддаг байлаа. 2005 онд Хэнтийн Баян-Овоод сумын начин болж байсан. Тэгээд жаахан бэртэл гэмтэл аваад одоо барилдахаа болиод байгаа. Энүүхэндээ гэж хэлэхэд морь уяхаасаа илүү шинжих тал дээрээ арай дажгүй. Хүмүүс онгирлоо гэх юм болов уу...? /инээв/ Ер нь тэгээд гар сайтай ч гэдэг юм уу хурдан морь авие гэсэн хүмүүс “чи нэг гайгүй адуу олоод өгөөч” гээд над дээр нэлээн ирдэг. Тэдгээр хүмүүсийг нутгийн ардуудтайгаа зуучилж өгдөг. Тэр нь бас хөдөөний хүмүүсийн маань аж амьдрал болоод аль аль талдаа тус нэмэр болдог байх гэж боддог.

Ямар ямар хүмүүст хичнээн морь шинжиж өгөөд байна. Тэдгээр морьд тань ер нь яаж давхиж байна?
За да ер нь бол нэлээн хэдэн морь гарсан. Говь-Алтайруу нэг халиун морь гарсан сайхан хурдалж л байгаа дуулдсан. Увс аймгийн Дүгэрээ гэдэг залууд нэг бор үрээ өгсөн, бас л сайхан хурдалсан. МУАУяач Б.Эрдэнэгэрэл гуайтай сайхан нөхөрлөж улсад соёолон түрүүлдэг хонгор үрээг нь зааж өгч байсан. Бас нэг цагаан  азарга гаргаж өгсөн. Ирсэн жилээ улсад зургаалаад Булган аймгийн 70 жилийн ойд аман хүзүүдсэн. Одоо Архангайн Өгийнуурт ААУяач Насандэлгэр гэдэг хүн дээр байдаг гэсэн. Тэнд миний гаргасан бас нэг хээр азаргатай хойно өмнөө л уралддаг гэж дуулдсан. Цэрэнбалтав гуайд бас нэг бор үрээ гаргаж өгсөн нь улсад соёолон дөрвөөр ороод Заамарын төвийн бүсд гурваар орсон. Өнгөрсөн өвөл Багануурын Туваан гэдэг хүнд бор морь өгсөн. Тэр маань Багануурын бүсийн наадамд таваар давхиж нийтдээ долоо найм уралдаж тав зургаа айрагдлаа гэж дуулдсан. Ер нь тэгээд нэрлээд байвал Эрдэнэчулуун тод манлайн бор морь энэтэр гээд нэлээн юм бий..

Морийг шинжихдээ юуг нь илүү их хардаг вэ? Онон манлай бол “айлын адуунд ороод хамгийн түрүүнд толгойг нь хардаг. Хүмүүс морь авахдаа хөлийг нь барь үзэж байгаа харагддаг. Тэрний оронд шүдийг нь үзэж бай” гэж ярьдаг. Таны хувьд?
Морь шинших гэдэг бол бас нэг урлаг аа. Морь уяхаас өөр урлаг. Яагаад гэвэл өөрийн нүдэнд тусаад анхаарал татаж байгаа тэр адуундаа яваа морийг хараад  за би энэ морийг уяхад тийм морины хөрөг гарна гэдгийг төсөөлөх хэрэгтэй. Энэ бол морь шинших бас нэг арга барил. Ер нь тэгээд их олон юм харна л даа. Хүн болгон өөр өөрийн арга барилаар шинждэг. Хурдан морь эр хүний аз хийморийг дагаж таарч байдаг. Морь гэдэг чинь бас их билгийн амьтаншдээ. Жишээ нь нэг сайхан бор халзан морь зүүдэлчихээд өглөө нь адуундаа давхиж явахад яг тэр зүүдэлсэн морьтойгоо таарч байвал түүнийгээ авахад сайхан хурдалж байдаг. Тэхдээ дандаа тийм юм байна гэж юу байхав. Эр хүнд хаяа нэг зон совин ч гэх  юм уу тийм юм тохиолдоход азаа үзэхэд бас буруудахгүй байх.

Таньд тийм юм тохиолдож байв уу?
Тохиолдож байсан. Нэг удаа энэ уил зүүн бүсд түрүүлдэг бор морины маань эзэн цагаан морь хөтлөөд манайд ирж байна гэж зүүдлээд. Тэгээд өглөө нь дөнгөж сэрээд хувцасаа ч бүрэн өмсөж амжаагүй байтал бор морины маань эзэн ороод ирлээ. Мэнд мэдчихээд байж байтал “хөгшөөн гадаа байгаа машиныг чинь авие. Борь морио өгие” гэхээр нь тэгие тэгие гээд дуртай нь аргагүй наймаа хийж байсан. Зүүд зөнтэй гэдэг бас ортой юм билээ.

МОИРНЫ БАЙ ГЭЖ ЦАЙНЫ ПЕЧЕНЬ, САРЛАГ ЧИХЭР ХУДАЛДАЖ АВЧ БАЙЛАА


Морь уяж байхад хөгтэй, хөгжилтэй явдал бас тохиолдоно биз?
Өө тэгэлгүй яахав. Би чинь анх дөчөөд адуутай, бараг хориодыг нь уяна. Өвөө маань хэдийгээр нас өндөр гарсан ч надад их тусалж дэмждэг байсан. Багаасаа өвөө эмээдээ жаахан эрх өсчихсөн болохоор өөрийнхөө санасан бодсон болгоныг л хийнэ. Хэдэн адуугаараа мөн ч их туршлагийн туулай хийсэндээ. Тэхдээ тэрнээсээ бас их зүйлийг мэдэж авсан. Ингэж болдоггүй юм байна, тэгж болдоггүй юм байна гээд алдаанаасаа их суралцсан. Суралцаж явахдаа ингээд алдаад байвал миний нас гүйцэхгүй юм байна гэж ойлгоод ганц нэг хүнээс үг сонсох юмсан гэсэн эрмэлзэл төрж эхэлсэн. Тэгээд нөгөө уясан морьдоо хөтлөөд л сумын наадамд явна. Нөгөөдүүл маань бүгд харшаад зогсоод явахгүй болчино. Туухыг нь туугаад хөтлөхийг нь хөтлөөд морины хүүхдүүд маань ч их ядарна, өөрөө ч их ядарна. Заримдаа морин дээрээ үүрэглээд л явна. Тэглээ гээд хальшрахгүй энд тэндхийн наадамд их явна. Явсан наадам болгоноосоо л нэг номертэй ирнэ. Тэгсэн өвөө маань “морь уяад л байхын уяад л байхын. Миний хүү ч номерноос өөр юм авч чадахгүй хүн юм даа. Ядахдаа модтой давхиулж чадахгүй юм” гээд жаахан сэтгэл дундуурхан хэлж байна. Өвөөгийн хэлсэн тэр үг сэтгэлээс ерөөсөө гардаггүй. Тэгээд 1998 оны зун сумынхаа наадамд уралдаад нэг ч морь модтой давхисангүй. Тэхээр нь наймаа хийж байсан машинаас нэг цайны печень, хэдэн сарлаг чихэр аваад, уутанд хийгээд хүрэн үрээ маань 23-т орлоо, өгсөн бай нь энэ гээд өвөөдөө аваачаад өгсөн чинь “хүү маань морь уяад анхныхаа байг авлаа” гээд дээжийг нь бурхандаа тавиад, өөрөө амтархан идээд л..... Тийм байтай наадам ч гэж юу байхав яс юман дээр нөгөөдөх нь өөрөө худалдаад авчихсан байдаг. Дотроо бол  ичиж үхэх шахаж байдаг, тэгсэн өвөө маань маш сэргэлэн хүн байсан болохоор  энэ нөхөр хэзээч ийм бай аваагүй гэдгийг мэдэж байсан хэрнээ миний өвөөгөө баярлуулах юмсан гэсэн сэтгэлд юм хийчихгүй юм шүү гэсэндээ тэгж байсан байгаа юм. Тэгээд л ер нь өөртөө жаахан зорилго тавьж морь уяад хойтон жил нь даага маань яг 23-т ороод жинхэнэ сумын наадмын байгаа авсан чинь цай, лаа энтэр ирээд түүний хойтон жил сумынхаа наадамд шүдлэн түрүүлгээд тэрнээс хойш л сүүлийн 10 жил морины төлөө зүтгэж, адуу малаа ийш тийш нь хөдөлгөөнд оруулж, өөрөө ч их явж сууж Эрдэнэчулуун тод манлайтай танилцаж, бараг л ар гэрээ орхиод хаана л наадам болж байна тэнд л явдаг болсон. Нуугаад яахав нийнуугүй хэлэхэд сайн айлын хөрөнгө л моринд зарцуулчихсан хүн дээ.

Адууг их үнэдэж авдаг байв уу?
Нэг сайхан ягаан халзан морь нэлээн үнэлж авч байсан. 2008 онд Түмэнцогтын 30 жилийн ой гээд хэдийгээр сумын ой боловч бүсийн хэмжээтэй сайхан наадам болж хавчиг морь тавд оруулж байсан. Тэр наадамд Түмэнцогтын Баярсайханы хонгор морь түрүүлж дараагаар нь Алтан-Овоонд гурваар орж байсан. Халзан морь маань асар доороос гарч ирээд олон аварга морьдтой уралдаж айрагдсан нь миний хувьд бас их сайхан дурсамж байдгийн. Тэгээд халзан морио МУАУяач Б.Эрдэнэгэрэлд бэлгэнд өгч байсан. Уяа сойлго энэтэр нь болдоггүй юм уу яадгийн сүүлийн үед дуулдахгүй л байна. Ерөнхийдөө бол том наадмын эрэмбэтэй, бор мориныхоо хэмжээний  л морь гэж боддогийн. Ер нь тэгээд бор, бүгээн зүсмийн морь надад их хурдалдаг. Мөнххааны Гэрэлт-Од гэхээсээ илүү бор морины Гэрэлт-Од гэж зарим хүмүүс цаашлуулж байдгийн.

Таний өөрийн уяаны арга барил...? Морь болгон өөр уяатай гэдэг шиг уяач болгон өөр өөрийн арга барилтай байдаг.
Ер нь бол ийм юм шиг байгаа юм аа. Өвөг дээдсээс маань уламжилж ирсэн хуучин цагийн уяа, тэр их өв соёл бол хэзээч салахгүй, хазайхгүй, гуйвахгүй. Тэр хуучин цагийн уяаны арга барил бол орчин үеийн уяаны үндэс суурь нь гэж боддог. Тэхдээ өнөө үед өвс ургамал, бэлчээрийн өөрчлөлтөөс болоод нэмэлт тэжээл, овъёос, янз янзын витамин хэрэглэх болсон. Ер нь бол онол, практик хоёр хосолж байж л уяаны амжилт гаргах байх. Миний хувьд уяж байгаа мориныхоо амьсгааг их хардаг. Мэдээж хөлс бас их чухал. Ямар ч байсан давхиад ирснийхээ дараа амьсгаа нь сайхан зөв байгаад өвс хунхиалаад идэх гээд дайрч байгаа адуу яалтач үгүй зөв уяандаа шургажээ гэж боддог. Морины уяа гэдэг чинь ер нь их эмзэг. Ялихгүй жаахан уяаны алдаа гарахад л мориндоо асар их сөрөг нөлөөтэй байдаг. Ер нь тэгээд морь уяхдаа байгаль цаг уур, нутаг бэлчээр гээд байгаа орчинтой нь зөв харьцаж уях нь чухал юм болуудаа л гэж боддог.

Энэ жилийн хувьд өвөл уралдах морьдоо барьсан уу? Арай болоогүй байна уу?
Миний хувьд ганц нэг адуу унаж эдлээд, овъёос тэжээлд оруулж эхэлж л байна. Манай нутагт энэ жил сүрхий өвчин гараад хорио цээр ихтэй л байгаа. Өвөл уралдаан хэр гарах юм байгаан, ямар ч байсан хийдэг юмаа хийгээд л байж байя гэсэн бодолтой байна.



АДУУ ДАГАСАН ХҮН АЛЗАХГҮЙ ЭЭ


Хурдан морины ертөнцөд хамгийн хурцдаад  байгаа нэг асуудал бол шинэ цагийн монгол адуу гэж нэрлэгдээд байгаа эрлийзүүдийн асуудал. Эрлийз адууг монгол адуутайгаа уралдуулах нь зөв үү, буруу юу? Энэ тал дээр таны бодол....?
Дан цэвэр монгол адуугаараа уралдах нь зөв гэж бодож байна. Тэхдээ энэ бол аль аль талдаа бодууштай зүйл л дээ. Учир нь тэр эрлийз адууны үржил селекцийн цаана хүний асар том хөдөлмөр явагдаж байгаа. Адууныхаа цусыг холдуулж, үүлдэр угсааг нь сайжруулж байгаа тэр улсуудыг бас буруутгаж болохгүй. Эрлийз адууг уралдуулахгүй гэхээр тэдгээр хүмүүст маань бас сөрөг нөлөө гарах байх. Тэхдээ ерөнхийдөө адуугаа жигдхэн эрлийзжүүлсэн үед  уралдаж болох л байх. Өөрөөр хэлбэл тодорхой цаг хугацааны дараа эрлийз, монгол гэлтгүй хамт уралдаж болох байх. Одоохондоо бол хольж уралдах нь буруу юм шиг санагддаг. Сүүлийн үед бага насны адуунд цэвэр монгол адуу айрагдах нь их ховор болсон. Тэхээр эрлийз адуутай болоогүй хөдөөний уяачид маань “өө тэр эрлийзүүдийг чинь яаж ч уралдаад барахгүйшдээ” гээд цэвэр унаган төрмөл бага насны монгол адуугаа уяхгүй болж байна. Ингээд бага насныхаа адууг уяхгүй болохоор шаргалсан сайн адуу гарч ирэхгүй. Тийм болохоор энэ асуудлуудыг харж үзээд ойрын хэдэн жилдээ цэвэр монгол адуугаараа л удардсан нь дээр байх.

Хурдан морины төлөө зүтгэж яваа залуу уяач хүний хувьд үеийнхээ уяачид болоод моринд орж байгаа залуучууддаа хандаад хэлэхэд................?
Ямар ч хүн өөрийн зорилготой байх хэрэгтэй. Тэр зорилгодоо хүрэхийн тулд хөдөлмөрлөх хэрэгтэй. Тийм болохоор залуу уяачиддаа хандаж хэлэхэд адууныхаа төлөө сайн хөдөлмөрлө, уяа сойлгийн тал дээр өөрийгөө бүрэн дайчилж өөртөө итгэлтэй бай л гэж хэлийдаа. Бусдаар уяаны арга барил дээр морио тэгж уя, ингэж уя гээд яриад байх нь миний хувьд арай ахдсан асуудал болов уу....  /инээв/ Ер нь бол монгол эр хүнийг хурдан морьгүйгээр төсөөлж болохгүй дээ. Заавал тэр том амжилт гаргаж алдарт, манлай болохдоо гол нь биш. Бид бүхэн чинь энэ сайхан монгол эх нутагтаа тэр монгол морь, монгол эр хүн хоёрын зориг тэвчээр, агуа их хөдөлмөрийн ачаар дэлхийн талыг эзэлж, ийм сайхан эрх жаргалыг эдэлж яваа гэдгээ ямагт мартаж болохгүй. Тийм ч учраас хүн болгон монгол адуугаа сайхан шүтэж, уралдаж, ид хавыг нь үзэж байх хэрэгтэй гэж боддог.

Адуу дагасан монгол эрийн хийморь доройтно гэж байдаггүй гэдэг.....?
Ёстой үнэн. Би чинь 2008 оны шуурганаар адуу малаа уруудуулчихаад, амьдрал ахуй хүнд байх үедээ морь уях чинь хэцүү юм байна гэж бодож шантарч байсан удаагүй, яг мориныхоо төлөө л зүтгэж байсан. Тэгсний хүчинд морь маань надад амьдралын сайн сайхан болоод өөртөө итгэх итгэлийг төрүүлж урам зориг хайрласан.Тэгээд өөрийгөө бүр ихээр хөгжүүлие, тэмцие, хүний хүрдэг амжилтанд хүрие гэсэн хүсэл мөрөөдөлтэй болгож өгсөн. Адуунд дурлаад, адууны төлөө зүтгэсэн хүнийг адууны тэнгэр хардаг л юм байна лээ. “Адуу дагасан хүн алзахгүй ээ” гэдгийг ер нь бардам хэлнэ дээ.

 

 Эх сурвалж: Хийморь.мн


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top