Нийслэлчүүд 2019 онд тусгай замын автобусаар зорчино

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 26

 Улаанбаатар хотын авто замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг 2020 он хүртэл хэрэгжүүлж тусгай замын автобусаар хөдөлгөөнийг зохицуулах төслийг өчигдөр Эдийн засгийн байнгын хороо  болон Төсвийн байнгын хороодоор хэлэлцсэн юм. Нийслэлчүүд бид бүхэн 2019 оноос эхлэн замын бөглрөлөөсөө салж тусгай замын автобусаар зорчино гэнэ. Энэ асуудлаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга П.Нарантуяагаас тодрууллаа.

-Хотын тээврийг хөгжүүлэх төсөл  хэр удаан хугацаанд хэрэгжих вэ?

- Улаанбаатар хотын тээврийг хөгжүүлэх төсөл 2009 оноос  2020 он хүртэлх хугацаанд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа. Үүний үр дүнд өнөөдөр зээлийн асуудлын чиглэлээр Их хурлын байнгын хорооны хурал дээр орж ирж байна. Тэгэхээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтаар хийгдэх гол ажил маань Тусгай замаар нийтийн тээврийн автобусыг явуулах, шинэ тээврийн төрлийг бий болгох чиглэлээр хийгдэж байгаа төсөл. Энэ төсөл гурван үе шаттайгаар хийгдэнэ. Эхний ээлжинд 2012-2014 оны хооронд нэгдүгээр үе шатыг оруулах, 2014-2016 оны хооронд 2-р үе шат гэсэн төслүүд явж байгаа. Гуравдах үе шат нь 2019 он хүртэлх байдлаар хийгдэхээр төлөвлөгдсөн. Хугацааны хувьд  Азийн хөгжлийн банк аль болохоор нэг төслийг дуусгаад нөгөө төслийг яарахгүйгээр нэгдүгээр үе шатныхтайгаа хоёрдугаар үе шатныхаа ажлыг давхар хийж явахаар хугацааг аль болох нааш нь татахаар хийгдэнэ. Гэхдээ санхүүжилтийн асуудал их нарийн байдаг учраас хугацааг уужуу тавьж өгсөн байгаа.

-Өчигдөр байнгын хорооны хурал дээр гишүүд нэлээд асуулга тавьж байсан. Нийслэлийн нийтийн тээврийн зам ачааллаа даахгүй байхад дээр нь нэмж зам барина гээд байна. Энэ замуудыг ер нь хаагуур тавих юм бол?

-Өчигдрийн хуралдаанаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх төслийн ажил яригдсан. Үүнд: нэгдүгээрт замын хөдөлгөөний менежментийг  сайжруулах хэд хэдэн замын давхар гүүрэн байгууламж болон замын уулзвар гарцуудыг өргөтгөх шинэчлэх ийм ажлууд байгаа. Одоо байгаа хэвтээ тэнхлэгийн дагуу Улаанбаатар хот маань нэлээн өргөжин тэлж байгаа. Босоо тэнхлэгийн дагуудаа урагшаа Төв аймгийн зам руу тэлэгдэж байгаа. Энэ рүү хандсан тээврийн төлөвлөлтийн ажлууд ерөнхийдөө Улаанбаатар хотын 2020 он хүртэлх хот хэрэгжүүлэх төсөл, ерөнхий төвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх стратегийн чиг бодлого одоо хэлэлцэгдэж, хуульчилагдах гэж байгаа. Энэ хүрээнд зам, тээврийн төлөвлөлтийн асуудал болсон метро болон, тусгай замын автобус, уламжлалт автобуснуудын уялдаа холбоог шилжүүлэх ийм асуудлууд төлөвлөгдсөн байгаа.

-Улаанбаатар хотод тусгай замын автобус явуулах ийм зам талбай байгаа юм уу?

-Хотын төв өргөн чөлөөгөөр явуулахаар төлөвлөсөн.  Байгаль орчинд ээлтэй экологийн хувьд шаардлага хангахаар, агаарын бохирдол багатай хямд өртөг бүхий тээврийн хэрэгсэл байна. Энэ тээврийн хэрэгсэл нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн суух буух нөхцөлийг хангасан багтаамж ихтэй, шаардлагатай үед нэмэлт автобусаар залгаж болох ийм багтаамж ихтэй автобусыг сонгож байгаа. Энэ автобус нь  цахилгаан хөдөлгүүрт автобус байхаар төлөвлөсөн.

-Нийтдээ хэдэн километр зам барина гээд байгаа билээ?

Нийтдээ 67.5 километр замд хийгдэх ажлууд байгаа. Тусгай зам хийгдэнэ. Энэ дотроо 25 километр замд зайлшгүй өргөтгөлийн ажлууд хийгдэнэ. Цахилгаан хөдөлгүүртэй автобус явуулах учраас нэмэгдэл депо байгуулах, тэжээлийн эх үүсвэртэй дэд станцууд барих ёстой. Ийм ажлууд  энэ хугацаанд хийгдэх юм.

А.Төмөрсүх


Top