Р.Ууганбаатар: “Иргэний засаглал” –ын зарчмууд Монголын ялзралын бүх шалтгааныг ор мөргүй эмчилж чадна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Өнөөдөр “Парламент дахь иргэний төлөөлөл хөдөлгөөн”-өөс “Ардчлал, иргэний засаглал” нэртэй ном гаргаснаа танилцууллаа. УИХ-ын сонгууль дөхсөн энэ цаг үед дээрх бүтээлийг танилцуулж байгаа нь Монгол орныг   сайн сайхан нийгэм рүү хөтлөх арга замыг тодорхойлоход чиглэсэн аж.  Тухайлбал Монгол улс социализмдаа байгаа гэдгийг баталж, социалист аргаар капитализм байгуулж болохгүй гэдгийг нотолж, дэвшилтэт орнуудын эрх зүйн баримтуудыг хавсаргаж, бодит амьдралын жишээ баримтаар иш татаж, тодорхой онол философи санал болгож, “иргэний засаглал" иргэний нийгмийг төсөөлүүлэхийг хичээж бичигджээ. “Ардчлал, иргэний засаглал” номыг бичсэн “Парламент дахь иргэний төлөөлөл хөдөлгөөн” –ний гүйцэтгэх захирал Р.Ууганбаатар ярихдаа  “1990 оны Ардчилсан хувьсгал хэрэв хувьсгал мөн юм бол төрийн эрх шилжих ёстой байсан. Төрийн эрхийг хулгайлсан намын атганаас эх орныг салган авч, иргэдэд, иргэний байгууллагуудад өгөх ёстой байсан. Гэтэл тийм шилжилт хийгдээгүй нь дэндүү тодорхой. Ардчилал нь хүний эрх дээр тогтдог бол хүний эрх нь харин нутгийн өөрийн удирдлага дээр тогтдог болохыг харуулсан. Нутгийн өөрийн удирдах байгууллага гэсэн оноосон нэрний ард иргэн хүний эрх, эрх чөлөө, дархан эрх бий, ардчиллын амин сүнс бий, хүчирхэг иргэн бий, иргэддээ үйлчилдэг цомхон, нээллтэй, чадварлаг төр бий, шударга ёс итгэл найдвар бий, өмчлөх эрх, эдийн засгийн эрх чөлөө бий, газар нутаг, эх орноо гэсэн эзэн хүний сэтгэл бий, ижил боломж, тэгш оролцоо бий, амжилт бүтээл, аз жаргал бий. Бидний дэвшүүлж байгаа “иргэний засаглал” хэмээх зарчмууд бол Монголын ялзралын бүх шалтгааныг ор мөргүй эмчилж чадна хэмээн баттай итгэж байна” хэмээсэн юм.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top