УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болж, УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас өргөн мэдүүлсэн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эл төсөлд Чингэлтэй хайрханыг улсын тусгай хамгаалалтад авахаар зааж өгсөн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд эл төслийг дэмжиж, УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасан нь мөн дэмжлэг хүлээсэн юм. Тиймээс эл төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар болж тогтов.
Тус байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зарим газар нутгийг байгалийн цогцолбор газарт хамааруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл байлаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд нэр бүхий 15 газрыг байгалийн цогцолбор газарт хамааруулахаар заажээ. Нийт 15 нэр бүхий газраас Их газрын чулуу нь хамгаалалтад аваагүй байгаа гэнэ. Эл асуудлыг гишүүдийн олонх нь гар өргөн дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэв.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )