Нийслэлийн МАН-ын хорооны IV хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших эрхмүүдийг тодруулсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд хуралдаанд оролцож үг хэлэхдээ “Манай нам ууган нэрээ сэргээж, ирэх сонгуульд оролцох гэж байна. Монгол Ардын нам бол хийсэн ажилтай, хэлэх ч үгтэй улс төрийн хүчин. Бид бүтээснээсээ ихийг бүтээнэ” хэмээн онцлов.
Харин нийслэлийн МАН-ын хорооны дарга Г.Мөнхбаяр “Улаанбаатар хотын барилгажилт, дэд бүтцийн хөгжилд бид огцом эргэлт хийнэ. Нийслэл хотоо метротой болгох, байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдлын асуудлыг бүрэн шийдэх, ундны усны шинэ эх үүсвэртэй болох зэрэг далайцтай ажлуудыг удахгүй эхлэх гэж байна. Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ажилтай, орлоготой иргэд бүхий Улаанбаатар хотыг цогцлоохын тулд хийх ажил олон. Тухайлбал, оюутны хотхоныг Багануур руу шилжин суурьшуулна. Туул, Сэлбэ голыг сэргээх төсөл, хөтөлбөрийг бодит ажил болгоно.
Дулааны шугамын шинэ эх үүсвэртэй болно. Чухам ийм л учраас нийслэлийн МАН-ын хороо мэдлэг, чадвартай, дадлага туршлагатай хүмүүсийг холбогдох хуулийн дагуу энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдлээ. Манай намаас нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зургаа нь инженер, 10 нь эрх зүйч, хуульч, мөн гурав нь эмч мэргэжилтэй бол сэтгүүлч хоёр, багш хоёр, химич нэг, орчуулагч нэг бий. Насны хувьд ангилж үзвэл, 18-35 насны найман хүн нэр дэвшигчээр тодорлоо” гэсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигч 45 эрхэм мажоритари 30, пропорциональ 15 гэсэн хувилбараар өрсөлдөнө. Өөрөөр хэлбэл, тухайн намаас нэр дэвшигч 30 хүн тойрог, тойрогтоо өрсөлдөх бол үлдсэн 15 нь намын нэрсийн жагсаалтаар нэр дэвших юм. Нийслэлийн МАН-ын хорооныхон нэр дэвшигчдийг тодруулахдаа намын анхан шатны 152 үүрээр хэлэлцүүлж, тодорхой нэрсийг гаргасан юм байна.
Хуралдааны үеэр нэр дэвшүүлэх хүмүүсийн талаар хэлэлцэх үед танхимаас гурван хүн нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн. Тэдний хоёр нь нууц санал хураалтын дүнд нэр дэвших эрхтэй боллоо. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвших эрхмүүд маргааш сонгуулийн тойргийн хороодод бүртгүүлнэ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )