МАН, АН дээрх тойргийн хэрүүл дээд цэгтээ туллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Сонгуульд нэр дэвших гэсэн гишүүдийнхээ амбици, шантааж, гуйлганд хоёр том намын удирдлагууд шар өдөр, бор хоногийг арайхийн үдэж байна. Хэрвээ тойрог өгөхгүй бол бие даана, өөр намд орно, хэвлэлийн бага хурал хийлгэнэ гэнэ. Хэн нь хэн бэ гэдгээ харуулсан, зэс нь цухуйж, царай нь тодорсон ийм нэг өдрүүдийг АН, МАН-ын гишүүд, дарга нар хамтдаа үзэж байна. АН-аас НИТХ-д нэр дэвшигчид аль эрт тодорсон. Гэтэл хурлаараа шийдсэн нэр дэвшилтийг хэн нь ч юм өөрчилчихөж. Жишээлбэл, намаас сонгогдох 15-ын жагсаалтыг орвонгоор нь өөрчилж 4-т жагссан нөхөр 9 хүртэл ухарсан байжээ. Үүнээс болж АН дээр өнөөдөр бөөн хэрүүл дэгдээд байна. Дайн дээр дажин гэгчээр УИХ-д нэр дэвших хүсэлтэй ч намын хорооноосоо гарч чадаагүй гишүүд хэрүүлийг өргөжүүлсэн байна. Баянгол дүүргийн намын хороон дээр Тэмүжин унаж, Чингэлтэйд Г.Баярсайхан дөрвөөр жагсаж, Дорнодод Алтангэрэл гишүүн өвдөг шороодож, Дарханд Л.Гансүх хөөгдөх шахам намын хорооны хурлаасаа гарчээ. Үүнээс болж намын дарга нар зарга шүүх, маргаан таслах ажилтай сууна. Ийнхүү АН дээр гал маналзаж байна. Маргааш болох Үндэсний зөвлөлдөх хорооны хурал гомдол, хорсол дүүрэн төгсөх нь үүнээс тодорхой болж байх шиг. Тэгвэл МАН дээр үүнээс ч дор зүйл болж байгаа ажээ. Намаасаа сайдын суудлаар шагнуулсан Ц.Дашдорж тойроггүй хоцрох магадлал өндөртэй байгаа аж. Тэгвэл Булганы нэг мандат дээр таван нэр дэвшигч, нэлээд хэдэн тойрог дээр ганцхан мандат дээр гурваас дээш нэр дэвшигч өрсөлдөж алалцахаас наахнуур байгаа аж. Тэдний маргааныг маргаашийн намын бага хурал нь хэрхэн шийдэхээс намаасаа хэн явах, МАХН руу хэд нь урвах нь тодорхой болно.

Д.Билгүүн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top