Иргэний зориг-Ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ганхүүг “Шар айраг” хамтлагийн ахлагч гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. Тэрээр тус намаас 2000, 2008 оны сонгуульд нэр дэвшсэн хэдий ч өвдөг шороодсон удаатай. Энэ жилийн хувьд ИЗ-НН улс төрийн гурав дахь томоохон хүчин болж УИХ-ын сонгуульд оролцоно. Сонгуульд оролцож байгаа аль ч нам улс төрийн хүчин өрсөлдөгчдөө судалдгийн адилаар тус намын генсек Г.Ганхүү ч УИХ-ын сонгуульд аль нам давамгайлан оролцохыг хэдийнэ дүгнэж амжжээ. Тэрээр “УИХ-ын энэ удаагийн сонгуульд ИЗ-НН, МАН, АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” гэсэн дөрвөн нам давамгайлж орох юм шиг байна. ИЗНН-ыг цөөхөн, мөнгөгүй гэж харж магадгүй ч бид өнөөг хүртэл чиг шугамаа алдахгүй явсаар ирсэн. Эрх барьж байгаа МАН бол мөнгөтэй, улсын мөнгөөр байшин барьсан түүх намтартай нам. Ямар ч нам сайнтай муутай л байдаг байх. Гэхдээ энэ удаа МАН-ын рейтинг урьд өмнө байгаагүйгээр уначихсан байгаа. АН-ынх ч ялгаагүй. Өчигдөр миний сонссоноор бол АН-ынхан аль хэдийнэ ялалтаа байгуулчихсан, сайдуудаа хуваарилаад явж байна гэсэн. МАХН-МҮАН-ын эвслийг би хувьдаа “Али-Баба ба 40 дээрэмчин” юм болов уу гэж харж байна. Тэнд ард иргэдийн тархийг популизмаар угааж, хорслоо тайлж өшөө авах гэсэн хэдэн хүмүүс цугларчихсан мэт санагдаад байгаа юм” гэжээ.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )