”Сод Монгол”-ын Ц.Анандбазарын араас ”Мон-Уран”-ы Б.Наранхүүг АТГ баривчлах уу?

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Өнөөдрийн гол дуулиан болоод байгаа “Сод Монгол” группын ерөнхий захирал Ц.Анандбазарын баривчилгаа МАН, АН-ын дунд томоохон хэрүүл дэгдээгээд байна. Дорноговь, Говьсүмбэр аймгаас УИХ-д нэр дэвших эрхийг намаасаа чамгүй өндөр үнээр авч чадсан гэх Ц.Анандбазарыг ямар шалтгаанаар баривчилснаа АТГ-ын зүгээс тайлбарлаагүй байна. Мөн түүнтэй хамт "Мон Уран"-ны Б.Наранхүүг баривчилсан гэх мэдээлэл түгсэн юм. Бидэнд ирсэн мэдээллээр Ц.Анандбазарыг өнөөдөр өглөө компанийх нь байран дээрээс баривчилсан байна. Харин энэ талаар АТГ-ын Тамгын Газрын дарга Ч.Өнөрбаяраас лавлахад: “Тийм зүйл болоогүй. Энэ талаар мэдээлэл өгөхгүй. Өнөөдөржингөө хүмүүс асуулаа” гээд утсаа салгасан юм. Түүний хувьд хэнийг хорьсон, хориогүй талаар тодруулга өгсөнгүй. Харин УИХ-ын сонгуульд Дундговь аймгаас нэр дэвшиж байгаа Б.Наранхүүг удахгүй баривчлах тухай мэдээлэл байна. МАН-ын томоохон санхүүжүүлэгчдийн нэг, М.Энхболдын фракцийн бизнесмен гэгдэх Б.Наранхүү АН-д элсэж, тус намаас нэр дэвшсэнийг АТГ-ынхан түүнийг баривчлахаар хөөцөлдөж байгаатай холбон тайлбарлаж байсан. Гэвч өнөөдрийн байдлаар Б.Наранхүүг баривчлаагүй байгаа юм. Энэхүү баривчилгааг Ардын намын зүгээс улс төрийн тоглолт гэж тайлбарлаж байгаа бол АН-ынхан хууль хяналтын байгууллагын ажил бидэнд хамаагүй гэж үзэж байна. Гэвч хоёр намын зүгээс ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй байна. АТГ-ын баривчилгаа үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд МАН, МАХН-ын хэд хэдэн нэр дэвшигч баривчилгаанд өртөх магадлалтай гэж эх сурвалж өгүүллээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top