МАХН бол МАНАН-гаас төрсөн “Будан”

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Сүүлийн өдрүүдэд нам эвслүүд нэр дэвшигчдээ тодруулж, түүнтэй зэрэгцэн хүмүүсийн санал сэтгэгдлүүд ч урсаж өглөө. Өөр өөрсдийн дэмждэг намаа өмөөрч, бусдыг нь үгүйсгэж хэрэлдэх ч энүүхэнд. Нэр дэвшсэн нөхдийг голж  шилэн, хөгшин залуу, хулгайч олигархиар нь дуудацгаан, талцаж маргалдаад жигтэйхэн.

Манайхан нөгөө л туйлширдаг зангаараа зарим нь МАНАН-гаас нэгмөсөн салаад гуравдагч хүчнийг сонгоцгооё гэж уриалаад л. Тэр гуравдагч хүчинд хэн хамаарч байгаа нь бас эргэлзээтэй. Зарим нь Н.Энхбаярын МАХН-ыг жинхэнэ гуравдагч хүчин гэж байх шиг. Харин тухайн намын доторх зарим нөхдийг хараад байхад огтхон ч цоо шинэ биш нөгөө л хуучин МАН, АН-д данстай байсан, бас ч үгүй авлига хээл хахууль, албан тушаалын хэрэгтэй  нэр холбогдож байсан хүмүүс байх.

Намын нэр солигдлоо гээд тухайн хүний мөн чанар өөрчлөгдөх нь юу л бол. Иймээс сонгогч бид зөвхөн намын нэрээр туйлшралгүй, аль ч нам эвсэл хамаагүй, жинхэнэ “нэр цэвэр” бөгөөд зөв сэтгэлтэй хүмүүсийг түүгээд сонгочихвол болох биш үү.  Одоо учиргүй ад үзээд байгаа МАНАНд ч ийм нэр дэвшигчид нилээн байгаа. Цөөн тооны олигархиудын  балагийг бүхэл бүтэн намд нялзааж боломгүй. Аль ч нам эвсэлд эх орон, ард түмний төлөө жинхэнэ сэтгэл зүрхээ зориулсан мянга мянган жирийн гишүүд байгаа. Урьд олон сонгуулиудын жишээнээс харахад монголчууд маань нэг туйлшрахаараа хамаагүй хазайж, намыг нь хараад л хүнийг нь хэн ч байсан хамаагүй бараг л “бор халзан төлөг” гэж байсан ч сонгох хэмжээнд хүртлээ савлагаатдаг сонин уламжлалтай ард түмэн.

Харин одоо бол нам нэг их сонин биш, гол нь биднийг төлөөлөх гээд байгаа тэр эрхэм л маш чухал. Зарим намууд залуучуудаа дэмжин гаргаж их мундаг байгаа гэж рекламдаж байна. Үнэхээр ярьж байгаатайгаа агуулга нь нийцдэг бол болж л байна. Харин нөгөө залуус нь төрд гарсан хойноо өөрийн гэсэн толгойгүй, хэн нэгэн акулын гарын аясаар хөдөлдөг утсан хүүхэлдэй болчихвол бидний сонголт ямар ч утгагүй болно.

Парламент маань санаагаар болдог бол улс орны жинхэнэ сор болсон хуульч, эдийн засагчдаас бүрддэг байвал хичнээн сайхан. Гэтэл намуудын нэр дэвшигчдийг хараад байхад бөх, дуучин, яруу найрагч, сүлжээчин, христчин гээд байхгүй юмгүй “Гала” парламент болох шинжтэй.

Б.Жаргалсайхан даргатай БНН, философич С.Молор-Эрдэнийн  Хамуг Монголын хөдөлмөрийн намтай хамтарсан  “Гурав дахь хүчний эвсэл” гэсэн албан ёсны нэртэй эвсэл сонгуульд оролцохоор нэр дэвшигчдээ өчигдөр тодруулжээ.  Буян Жагаа дарга Сонгинохайрханд нэр дэвшсэн байна. Энэ эрхмийн хувьд жаахан адайр зантай болохоос биш монголын парламентад байж, үзэл бодлоо уралдуулж байхад гэмгүй хүний нэг. Хэдий хатуу ч үнэн үгтэй.

Эцэст нь дурдахад, гуравдагч хүчнийг дэмжиж сонгуульд оролцъё гэсэн мэссиж ард олны дунд түгээд байгаа. Тэгвэл гуравдагч хүчин гэдэг  чухам хэн бэ гэдгээ л нарийн таньж, ялгаж ойлгох нь чухал болов уу...

Д.Мигаа    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top