П.Дүгэр: Н.Энхбаярын тухай дотор муухайрмаар үнэн

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26
Судлаач П.Дүгэрийн нийтлэлд МАХН ба түүний өмгөөлөгч маш хурдан хариу барив. Харин П.Дүгэр яарч хариу барьсангүй. “Баримт байгаа, цаг нь болохоор дэлгэнэ” гэж амласныхаа дагуу тэрээр 24tsag.mn сайтад ярилцлага өгчээ.

“Дуулиантай өлсгөлөнгийн шуугиантай жор” нийтлэлийн тань дараа үнэхээр дуулиан шуугиан өрнөлөө. Оргүй гүтгэлэг, үндэсгүй доромжлол гэж Н.Энхбаярын ойрын хүмүүс үзэж байна?
-“Болсон үйл явдлын мөрөөр, боломжтой сувгуудаар хөөцөлдөж олсон баримтуудыг өөрийн оюун дүгнэлтээр бичсэн. Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх түгээмэл эрхээс гадна өөрт байгаа эх сурвалжийн мэдээллийг ил болгохыг үүргээ гэж үзсэн”  гэж би тэр нийтлэлийг бичих болсон шалтгаанаа тайлбарласан шүү дээ. Уул нь бол миний боломжтой сувгууд сэтгүүлч та нарт ч нээлттэй, боломжтой зүйл. Нийгэм даяараа хоёр талд хуваагдаад, хөөрлийн байдалд орчихсон байхад тэр хуваагдал, хөөрлийн шалтгаан болсон хөшигний ардах үйл явдлын үнэн мөнийг мэдсэн, мэдсэндээ балмагдсан, урам хугарсан, жигшсэн хүмүүс надад хандсан юм. Тэр хүнтэй нүүр тулах хүртлээ сонины хуудас, телевизийн дэлгэц, интернет вэбээс мэдээлэл авч, өрөвдөж, харамсаж, ядахнаа л ойлгохыг хичээж байсан хүмүүс ичгүүргүй жүжиглэлт, эрээгүй авиртай нь нүүр тулаад үнэхээр цочирдсон. Н.Энхбаярыг тийм хүн гэж бодоогүй жирийн офицер, хуульч, эмч, сувилагч, хамгаалагч улсууд аргагүй шүү дээ. Эдний гэр бүлийн үнэн төрхийг мэддэг над шиг хүн бол эрхбиш ийм юм болно гэдгийг таамаглахтайгаа шүү дээ. Улс даяар “хуурай өлсгөлөн” гэдэг жүжиг тавьж, олон хүнийг хуурсан түүнийг “муухай хүн” гэж үзэн ядах эмнэлгийн ажилтнуудын сэтгэлийн зовиур хэзээ тайлагдахыг хэн ч таашгүй.

-Үнэхээр хууртсандаа цочирдоод үзэн ядаж байгаа гэж үү?

-Харамсалтай нь Н.Энхбаяр гэдэг хүний тухайд төрсөн ийм мэдрэмж анхных нь энэ биш. Энэ хүмүүс эхнийх нь биш юм. Би энд мөнөөх л албан ажлынхаа үүргээр энэ 5 дугаар сард түүнтэй тулсан та бидэн шиг эгэл жирийн хүмүүсийн тухай ярьж байна. Зануулсан ахлагч, хараалгасан офицер, өшиглүүлсэн сувилагч, доромжлуулсан эмч, салаавч авсан ард түмний тухай ярьж байна. Цагдан хорих 461 дүгээр анги буюу “Ганц худаг”-аас хөөрсөн олон, хөлхсөн сэтгүүлчдээс далдуур, хөлөөрөө алхаад, хөхөрч инээх нь холгүй шилжиж очсон  II эмнэлгийн хуучин дарга өөрийнх нь найз, шагнасан хүн нь, харин одоогийн дарга нь эхнэртэй нь илэн далангүй харьцаатай байдаг гэдэг бол тусдаа өөр асуудал. “Тангарагтаа үнэнч” зүтгэх эмч Тунгалаг, сувилагч Саранбаатар, Хишигжав, Цэнгэлмаа нарын Энхбаяр болон түүний ар гэрийхэнтэй ойлголцсон ажиллагаа бол бүр тусдаа сэдэв. Үнэт зүйл, эрхэмлэх соёл, этик, моралийн наад захын баримжаагүй ийм хүн, ийм гэр бүл энэ улсыг яаж удирдаж байсан юм бэ, бид ямар аймаар хүмүүсийг таниагүй байж вэ гэдэг зовиур Н.Энхбаярын хөлд өшиглүүлж унасан сувилагч эмэгтэйн сэтгэлд насан туршийнх нь сэв болон үлдэж байгаа шүү дээ.
-“Эхлээд хүн бол, дараа нь...” гэж нэг үг байдаг. Сайн улс төрч бүү хэл сайн хүн биш байсныг нь бид сая мэдэж байгаа юм гэж үү? Үнэхээр бид өчнөөн олон жил удирдуулсан хүнтэйгээ энэ хавар дахин танилцсан хэрэг үү?
-Ийм юм ярьж байгаадаа ичиж байна. Гэхдээ “өлсгөлөн зарлагч”-ийн хэрэглэсэн амин дэм, солонгос танг барим тавим дэлгэхээр өөрсөд шигээ бодоод ариун шударга нэр төрд нь халдсан гэж үзээд байгаа бол ийм юм ярихаас аргагүй болж байгаадаа хүлцэл өчье. Энэ гэр бүлийн ёс суртахууны хэмжүүрийг олон хүний мэдэх энэ баримт эрхбиш ойлгуулах биз дээ. Эхнэрийнх нь орны аравч ямар зурагтай байдаг тухай үйлчлэгч, хамгаалагчдаасаа авахуулаад зочид, найзууд нь хүртэл далдуур ярьцгаадаг шүү дээ. Бурхан шашны ариун дүрээр халхавч хийсэн эксийн эхнэрийн орны ард ямаатай явалдагч африк эрийн хөдөлгөөнт дүрс бүхий порно аравч өлгөөтэй байдаг юм. Орныхоо ард бүү хэл духан дээрээ ямар садар зураг наах нь хувь хүний хэрэг биз. Гэхдээ энэ бол Монголын төрийг бүтэн 10 жил зайдалсан гэр бүлийн ёс суртахууны үнэт зүйлийн тухай яриа. Н.Энхбаяр бол П.Дүгэр биш. Тэр бол англиар public person гэж нэрлэдэг олон түмний өмнө ил байдаг, нөлөө бүхий хүн. Түүний үгийг үнэн гэж боддог хууртсан түмэн, түүний дүрийг баатар хэмээн бахархдаг хөөрсөн олон бий. Мань эрийг инээж хөхрөөд эмнэлэг рүү нуугдан орохыг хараагүй мянга мянган хүмүүс өрөвдөж байсан. “Борц болсон” Н.Энхбаяр  “хутганы ирэн дээрх амь нас” нь “минут секундээр хэмжигдэж” байхдаа Новамин, Альбумин тариагаар уургаа нөхүүлээд, солонгос тангаар бантан хийж идээд сууж байгааг нь хараагүй эгэл жирийн хүмүүс үнэн сэтгэлээсээ түгшиж байсан. Өмнөөс нь өлсөж үхье гээд төрийн ордны гадаа өлсгөлөн зарлаад сууж байсан хүмүүс бүгдээрээ биш гэхэд ихэнх нь үнэнээсээ түүний төлөө тэмцэж байсан байх гэж би горьддог. Манай хүн эмнэлгээс “Та нар хуурай биш нойтон өлсгөлөн зарлаарай. Бие сайтай улс олж суулгаарай” гэдэг алдарт заавраа өгч байхад тавлагсдаасаа талархагсад нь илүү байсан байх. Тэгэхээр энэ хүн бол яаж ч бодсон нөлөө бүхий хүн. Нөлөө нь харин эерэг байгаасай гэж би залбирдаг байсан. Даанч энэ залбирлыг миний бурхан ч, О.Баасанхүү өмгөөлөгчийн Есүс бурхан ч сонссонгүй дээ. Монголын улс төрд түүний тарьсан балаг, тарьж ургуулсан хорт хавдрынх нь тухай ярьвал маш урт түүх болно. Зүгээр л хувь хүний хүмүүжил, ёс суртахууных нь тухай ярихад л дотор муухайрдаг юм шүү дээ.

-Та бол манайд нийтлэл, ярилцлагаа өгч байгаа эх сурвалж. Харин танд бидний мэдэхгүй маш олон нарийн эх сурвалж байгаа бололтой?
-Би түрүүн хэлсэн шүү дээ, миний мэддэгийг та нар ч хөөж сурвалжлаад мэдэх бололцоотой зүйл гэж. Жишээ нь, Улаанбаатарын ойролцоох цанын баазад өнгөрсөн өвөл  Н.Энхбаяр гуай халимаг эхнэр, 3 настай хүүхэдтэйгээ зугаалж явахыг харсан гэрч ганц биш. Нөгөө “Мандухай” кинон дээр гардаг шиг “энэ хоёр цийдмэрээрээ харсан” их олон хүн байдаг. Угаасаа түүний “албан ёсны” гэр бүл телевизийн реалити шоунд зориулсан хиймэл гэр бүл болоод удаж байгаа гэдгийг хүн болгон мэднэ. Гагцхүү сүүлийн 15 жилд хурааж хумсалсан өв нь л тэднийг гэрэлт наран дор нэг нэгнийгээ гэх далд таталцлаар хөтөлж яваа. “Өлсгөлөнгөө зогсоолоо гэж битгий хэл. Энэ л чиний аврал” гэж Цолмон яагаад нөхөртөө оросоор аминчлан хэлсэн байх вэ? Тэд юунаас аврагдах гээд байгаа хэрэг вэ? Дахин хэлье, хэн нэгэн иргэн 50 гаран насандаа чамин орны аравчтай эхнэрээсээ тусдаа амьдрах, залуухан халимаг бүсгүйтэй учрах, хэнз хүүхэдтэй болох нь ёстой надад хамаагүй, хаданд чимээгүй хэрэг. Харин үүнийгээ үгүйсгэх, нуух, Монгол улсын №1 шударга ариун явдалтны цол чимгийг өөртөө наагаад явах нь л гутамшигтай юм даа. Хүний амьдралаар амьдарч болно оо. Тэгвэл бас эгэл хүнтэй адил хууль дуудсан цагт очиж сурах хэрэгтэй шүү дээ.   

-Таны ийм эрс шийдэмгий мэдэгдлүүдийг дамжуулсныхаа төлөө иргэн Н.Энхбаярын нэр төрийг гутаасан гэж 24tsag.mn 200 сая төгрөгийн нэхэмжлэлтэй болоод байгааг та дуулсан биз дээ? Танаас мөнгө авч нийтлэл гаргасан гэж хардаад байна билээ?

-Тийм гэсэн. Уур биш инээд хүрсэн. Танайх миний нийтлэл тавьдаг өдрөө өмгөөлөгч О.Баасанхүүгийн ярилцлагыг бас гаргасан байсан биз дээ? Тэгвэл О.Баасанхүүгээс ярилцлагынх нь төлбөрийг аваад буцаагаад тушаахгүй юу. Хайрлах нэр төр, хамгаалах эрх чөлөө бидэнд бүгдэд нь адил тэгш байдаг. О.Дашбалбарын шүлэгт өгүүлдэгчлэн “Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор” хэн нэгний тусдаа ариун дагшин нэр төр гэж байхгүй. Эхлээд өөрөө тэр үнэтэй цайтай нэр нүүрээ бодож, хожмын өдөр гэгээн наран доор гэлбэлзэхээргүй амьдрах ёстой. “Хуурай өлсгөлөн”-гийн үеэр хууртагдсан олон, доромжлуулсан албан хаагчид сэтгэл санааны хохирлоо тэгвэл Н.Энхбаярын гэр бүлээс нэхэмжилж бас болно. Би О.Баасанхүүг өмгөөлөгчийнх нь хувьд төдийгүй хүнийх нь хувьд сайн ойлгож байна. Н.Энхбаяр шиг аль ч утгаараа “материал сайтай” үйлчлүүлэгч өдөр болгон өмгөөлөгч хүний зам дээр хэвтэж байхгүй нь мэдээж. Ашиг орлого, алдар нэр гэж хоёр чухал капитал өмгөөлөгч хүнд үнэхээр чухал шүү дээ.
-Үйл явдлын цаашдын өрнөлийг та ямраар төсөөлж байна вэ?
-Заримдаа би боддог юм. Ёр шүглэсэн юм шиг энэ бүхэн эцэс болох өдөр үгүй юм болов уу гэж. Бид түүнээс 2009 оны 5 сарын 25-нд арайхийн саллаа гэж бодсон. Үгүй байж. Түүний үлдээсэн өв одоо ч нийгмийг маань онгод буусан бөө шиг цамнуулсаар байна. Бид түүнд хууртаж хашраагүй, тэр биднээр тоглож ханаагүй байна. Бид гудамжны хоёр талаас нус цэрээ шидэлцсээр байна. Уул нь ганцхан хүн дуудсан цагт нь, очих ёстой газар нь очоод, шалгуулах ёстой юмаа шалгуулчихсан бол өнөөдөр ийм талцалд бид орох байсан уу? Нэг хүний асуудал нийт үндэстний хэрэг болоод, одоо бүр улс орны маань нэр нүүрийг хурааж хумсалсан хөрөнгөөрөө хамаг дэлхийгээр элдэвлэх ажилд тэд оржээ. Н.Удвал найз нь түүнийг өмөөрч, орон дэлхийгээр улсаа баалж байна.  “Нью Йорк таймс” сонины тэр зай 150 мянган долларын үнэтэй байдаг юм. Тус бүр нь сая долларын хөлстэй “Debevoise & Plimpton LLP” компаний англи өмгөөлөгч нар нь Монголын сайтыг сүрдүүлэн заналхийлж байна. О.Баасанхүү багш нараасаа сайн суралцжээ. Тэд биднийг хуурч байсан. Одоо хуурч байна. Цаашид ч энэ чигээрээ идсэн ууснаа дараад өнгөрнө гэж найдаж байгаа. “Ард түмний дэмжлэг хүчтэй” хэмээн ард маань нуугдан үлдэх гэж манийгаа шордож байгаа нь тэр.

Plimton1
Plimton1
Асар өндөр үнээр хөлслөгдсөн гадны компаний Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг дарамталж ирүүлсэн бичиг.

   Гэхдээ өнөөдөр 2000 он биш. 2005 он биш, 2009 он ч биш. Түүний тухай хүмүүс маргааш яачих бол гэж эмээхгүйгээр үгээ хэлж чаддаг болсон. Цаг өөр болсон. У.Хүрэлсүх шиг ганц нэг зоригтой хүн л үнэн бодлоо өөдөөс нь хэлж чаддаг байсан цаг азаар ард хоцорсон. Эксийн идсэн уусан хулгай найзуудынх нь хэлдгээр “минут секундээр хэмжигдэн” ил болсоор байна. Цагаа тулахаар гараг дэлхий бас тийм ч том биш юм. Эхнэрийнх нь дүү О.Алтан АНУ-ын харьяат болчихоод Э.Батшугартай Швейцарид компани байгуулж явсан тухай сая интернетээс уншлаа. Төрсөн ганц дүү Н.Энхтуяа нь ахынхаа их хулгайг нуух гэж хоёр охиноо хүртэл шар махтай нь хатаан хуулийнхнаас зугатсаар явна. Хожим Н.Энхбаярын гай, гавьяа хоёрыг өнөөдрөөс илүү бодитойгоор бичих байлгүй. Тэр бол үзэгдэл. Судлууштай, сургамж авууштай үзэгдэл юм.

эх сурвалж: www.24tsag.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hereg hiisen bolood l hari ulsad nuugdaj bgaa shdee(27.123.213.131) 2013 оны 04 сарын 22

burhan shiitgchih blgui dee

0  |  0
Top