Чингэлтэйн МАН-ынхан Тэрэлжид өдөрлөг зохион байгуулж, сонгуулийн хууль зөрчжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Чингэлтэй дүүргийн МАН-ынхан хэд хоногийн өмнө дүүргийнхээ өндөр настнуудыг Тэрэлж амралтын баазад аваачиж, өдөрлөг зохион байгуулсан байна. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэн явуулдаг “Тэнүүн дэлгэр” компаниас хоёр автобус хөлслөн тойргийнхоо иргэдийг тээвэрлэн авч явсан ажээ. Тэрэлж амралтын газар иргэдийг аваачиж, өдөрлөг зохион байгуулж, баг хэмжээний дайллага цайллага болсныг дүүргийн иргэд мэдэгдэж буй юм.

Энэ үйл явдалыг СЕХ-оос тодруулахад “хууль зөрчсөн үйлдэл” гэдгийг мэдэгдэж байна. СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнгээс энэ талаар утсаар тодрууллаа.

-Сонгуулийн сурталчигаа хийх хугацаа болоогүй биз дээ. Саяхан нэгэн дүүргийн намын хороо, уулзалт өдөрлөг зохион байгуулсан байна. Бүр иргэдийг автобусаар тээвэрлэж аваачсан байна?

-Сурталчилгаа хийх хугацаа болоогүй байгаа. Хууль зөрчсөн үйлдэл гэж ойлгогдож байна. Энэ талаар Сонгуулийн хуульд тусгагдсан байгаа.

-Сонгуулийн ямар хууль заалтыг зөрчсөн гэж. Та доторхой хариулт өгнө үү. Ямар хариуцлага хүлээлгэх ёстой бэ?

-Сонгуулийн хуулинд Сонгуулийн сурталчилгаа явуулах, энэ асуудлаар заасан байгаа. Олж үзнэ биз ээ. Би хуралтай байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

СЕХ-ноос ийм хариултыг өгсөн юм. Чингэлтэй дүүргийн МАН-аас УИХ-ын 2012 оны сонгуульд УИХ-ын гишүүн Д.Зоригт, Д.Очирбат нар өрсөлдөхөөр болоод буй юм. Дээрх үйл явдалтай холбогдуулан тус тойрогт нэр дэвших, УИХ-ын гишүүн Д.Очирбатаас тодруулахад “Би энэ талаар ямар нэгэн мэдээлэлгүй байна. Миний зүгээс ийм арга хэмжээ зохион байгуулаагүй. Манай дүүргийн намын хороо зохион байгуулсан байх” гэсэн хариултыг өглөө.

Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйл, Сонгуулийн сурталчилгаа явуулах заалтад энэ асуудлаар доторхой заасан байдаг юм байна. 35 дугаар зүйлийн 18.13-т “Сонгогчдын саналыг татах зорилгоор хүлээн авалт, дайллага, цайллага, сонгуулийн бус олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно” хэмээн заажээ.

Хуульд зааснаар бол Чингэлтэй дүүргийн МАН-ынхан ийнхүү хууль зөрчсөн үйлдэл хийсэн болох нь ажиглагдаж буй юм. Хэрэв дээрх үйлдэл нь хууль зөрчсөн тогтоогдсон тохиолдолд нэр дэвшигчид захиргааны арга хэмжээ авах, нэр дэвших эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах хуулийн заалттай байдаг юм.

Т.АМУР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top