Сонгуульд өрсөлдөх нам эвслүүд болон бие даагчид СЕХ-нд бүртгүүлээд бараг дууслаа. Үргэлжлүүлэн сонгуулийн сурталчилгаа эхэлж ярзайтлаа инээсэн янз бүрийн нөхдүүдийн зурагт самбар хотын төв хаа саагүй нөмөрлөө.
Энэ жилийн сонгуульд намууд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь юу юунаас түрүүнд ажиглагдаж байна. Манай улсын төрийн эрхийг ээлжлэн барьдаг хоёр лидер намууд гэхэд энэ сонгуульд нилээдгүй хэдэн эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлж байгаа бол зарим нам нэг ч эмэгтэйг дэвшүүлээгүйгээсээ болж СЕХ-н дээр очоод гацсан.
Тэгвэл энэ удаагийн сонгуульд өрсөлдөгч намуудын дундаас Иргэний Хөдөлгөөний Нам ганцаараа ялгаран эмэгтэйчүүддээ боломж олгож 38 хүнийг нэр дэвшүүлсний 36 нь эмэгтэйчүүд үлдсэн хоёр нь эрэгтэй байхаар шийджээ. Энэ талаар тус намынхан тайлбарлахдаа “Манай нам 2007 онд бүртгэгдсэн шинэ нам. 2008 оны сонгуульд оролцсон. Гэтэл сонгуулийн үр дүн будлиантай болсон учир гарч ирж чадаагүй. Тиймээс энэ удаагийн сонгуульд оролцохдоо маш өвөрмөц, их зорилготой шийдвэр гаргасан гэж үзэж байгаа” гэнэ.
Мөн тус намаас өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн ихэнх нь Иргэний Хөдөлгөөний Намд харяалалгүй юм байна. Ийнхүү Ж.Батзандан, О.Магнай нарын анхны голомт болсон ИХНамаас энэ жилийн сонгуульд богино үстэй хадагтай нар олонхийг бүрдүүлэн оролцохоор болжээ. Нэр дэвшигчдийн түүчээнд нь улстөрч хадагтай Д.Сүхжаргалмаа, Иргэний нийгмийн Ж.Занаа, хуульч Г.Уранцоож нарын эмэгтэйчүүд манлайлана.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )