Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслээс ирүүлсэн баримт бичиг үнэн зөв , гүйцэд эсэх, хуулийн дагуу нэр дэвшүүлэх ажиллагаа явагдсан эсэхийг хянан шалгаад бүртгэж улмаар зарим нам, эвслийн нэр дэвшигчид үнэмлэхийг нь олгов.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо намын жагсаалтаар нэрийг нь дэвшүүлсэн Монголын Уламжлалын нэгдсэн намын зургаа, Эх орон намын тав, Монголын Социал-демократ намын долоо, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн хорин тав, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын хоёр, Хөгжлийн хөтөлбөр намын таван нэр дэвшигчийг тус тус бүртгэж Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн үнэмлэхийг өнөөдөр олголоо.
Нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх хуульд заасан хугацаа өнөөдөр дуусч байна. Гэхдээ хуулийн дагуу нам, эвсэл санал авах өдрөөс 20 хоногийн өмнө нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлтээ уламжлах, өөр хүний нэрийг болон нөхөн нэр дэвшүүлэх боломжтой билээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )