Энэ удаагийн “Иргэд ярьж байна” буландаа Сонгинохайрхан дүүргийн иргэд сонгогчдын үгийг хүргэж байна.
-УИХ-ын сонгуульд аль нам болон хэн гэдэг нэр дэвшигчийг дэмжиж байна вэ? Яагаад?
СХД-ийн 23-р хорооны иргэн Г.Өнөрөө:
-Аварга Сумъяабазар, Хадбаатар нарыг л дэмжиж байна даа. Энэ хоёр арай түлхүү ажил хийх болов уу. Иргэддээ жаахан ойр дотно, иргэдийнхээ дунд орж, тавьсан шаардлагыг биелүүлж ажиллах болов уу гэж бодож байна.
СХД-ийн 26-р хорооны иргэн Б.Нэргүй:
-Мэдэхгүй. Одоогоор хэн нэр дэвшиж байгааг сайн мэдэхгүй байна. Залуучууд л гараасай гэж бодож байна. Өмнө нь нэр дэвшээд УИХ-д суугаад юу ч хийгээгүй хүмүүсийг битгий сонгоосой л гэж бодож явна. Ерөнхийдөө шинэ хүмүүсийг дэмжиж байгаа. Гэхдээ хэн хэн нэр дэвшээд байгаа талаар мэдээлэл алга.
СХД-ийн 7-р хорооны иргэн Б.Алтанхуяг:
-Ер нь Сумъяабазар аварга даа. Арай илүү юм хийх байх л гэж бодож байна шүү дээ.
СХД-ийн 23-р хорооны иргэн Ж.Эрдэнэчимэг:
-Би аль ч намыг дэмжихгүй байгаа. Итгэл алдсан шүү дээ. Гэхдээ МАН-ыг дэмжинэ. Одоогоор нам л дэмжиж байгаа болохоос яг тэр энэ гэж хэлж мэдэхгүй. Энэ намын удирдлаган дор өсч өндийсөн учраас МАН-аа дэмжинэ. Намын буруу гэж байхгүй ганцхан тэнд ажиллаж байгаа тэр томчуудын буруу. Өнөөдөр намаар халхавч хийсэн хүмүүс олон байна.
СХД-ийн 19-р хорооны иргэн Т.Ариунболд:
-Тодорхойгүй л байна даа одоогоор. Ер нь ардчилсан намыг дэмжиж байгаа. Бусад Хувьсгалт нам ч юмуу Ардын намын талаар сайн мэдэхгүй.
СХД-ийн 25-р хорооны иргэн С.Төрмөнх:
-Би бол ардын намыг л дэмжиж байна. Яагаад гэхлээр арай шинэ боловсон хүчинтэй болохоор улс орондоо илүү өгөөжтэй юм хийчих болов уу л гэж найдаж сууна. Манай дүүрэгт нэр дэвшигчдээс Сумъяабазар аварга л байна даа. Аваргыг арай илүү үр дүнтэй юм хийчих байх гэж боддог. Яагаад гэвэл бусад нэр дэвшигчдийг бодвол ард иргэдийнхээ амьдралтай илүү ойр дотно байсан хүн. МАН-ыг ялах байх гэж бодоод дэмжиж байна.
СХД-ийн 19-р хорооны иргэн Ж.Эрдэнэсүрэн:
-Ардчилсан намыг дэмжиж байна. Ардчилсан намынхан л юм хийх байх даа. Сонгинохайрханаас Д.Тэрбишдагва, Да.Ганболд, Л.Эрхэмбаяр гурвыг дэмжинэ.
СХД-ийн 15-р хорооны иргэн Т.Хангал-Эрдэнэ:
-Одоогоор нэр дэвшигчид хэн хэн байгааг мэдэхгүй байна. Ухуулагч нар нь явахгүй юм. Би нам бус хүн. Ерөнхийдөө арай гайгүй нь гэвэл МАН юм даа. Цаад хүнийх нь мэдлэгийг нь харж байгаад дэмжинэ. Хий дэмий дөрвөн жил хэний ч таньдаггүй нөхөр суугаад дэмий шүү дээ. Тийм биз дээ. Ард түмэнд ашиггүй бол хэрэггүй. Яг чин үнэнийг нууцгүй хэлэхэд бөх хүнийг дэмжиж байна. Ардчилсан нийгэм учраас ямар ч төрлийн мэргэжилтэй хүн гарч болно.
СХД-ийн 22-р хорооны иргэн А.Тунгалаг:
-Эгчид нь яг одоогоор тэрийг энийг дэмжиж байна гэсэн юм алга. Улс орныг маань аятайхан шиг удирдаад аваад явчихаар л хүн байвал дэмжинэ үү гэхээс биш энэ нам эвслүүдэд олон түмний үнэндээ итгэл алдарсан. Ард түмнийг өчнөөн ядууруулчихаад тэр ядуурсан ард түмнээрээ түрий барьж байна. Үнэндээ аль нам гарах нь хамаа алга, хамгийн гол нь эх орноо аятайхан шиг жолоодоод аваад явчих аавын хүү гараад ирээсэй гэж бодож байна.
СХД-ийн 7-р хорооны иргэн Р.Баяраа:
-Би бол МАН, АН хоёрыг л дэмждэг. Аль алинд нь саналаа өгдөг юм. Манай дүүрэгт Ардын намаас аварга Сумъяабазар байсан Ардчилсан намаас хэн ч байлаа даа. Би ч аваргаа нэг дэмжчихдэг юм уу даа гэж бодож байна шүү.
СХД-ийн 23-р хорооны иргэн Д.Жамъянгомбо:
-МАН-аас нэр дэвшиж байгаа аварга Сумъяабазарыг сонгоё гэсэн бодолтой байгаа. Ямар ч байсан залуучуудыг дэмжинэ. Ер нь хуучин их хуралд олон жил болсон, юм хийдэггүй архаг нөхдүүдийг дахин сонгох хэрэггүй. Нөгөө талаар өнгөрсөн сонгууль шиг нэг намыг шахаж будлиан битгий хийгээсэй гэж бодож байна.
СХД-ийн 23-р хорооны иргэн С.Баасанжав:
-Дэмжих болоогүй л байна даа. Одоогоор уулзалт хийгээд нэг их сүйд болсон юм алга. Тийм учраас тэрнийг гэж товлох болоогүй. Ерөнхийдөө МАН-ыг дэмжинэ. Залуучуудаа дэмжинэ, хуучин хүмүүсийг дэмжихгүй.
А.ТЭМҮР