Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Б.Батзоригийн сурталчилгааны нээлт боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

УИХ болон НИТХ-ын сонгуульд Монгол Ардын намаас нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж буй есөн кандитатын сурталчилгааны нээлтийн ажиллагаа өчигдөр боллоо. УИХ-ын 22-р тойрог буюу Баянзүрх, Найлайх дүүрэгт тус намаас  Б.Батзориг, Д.Арвин, Б.Мөнхбаатар нар нэр дэвшиж байгаа юм.  Энэхүү нээлтийн ёслолд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн  Ө.Энхтүвшин, нийслэлийн МАН-ын дарга Г.Мөнхбаяр нар оролцов. Сурталчилгааны нээлтийн эхэнд Баянзүрх дүүргийн Засаг дарга, дүүргийн МАН-ын дарга Б.Батзориг нэр дэвшигчийн хувиар бусад хамтрагчиддаа амжилт хүсэж, иргэд сонгогчиддоо бүрэн эрхийн хугацаанд “Баянзүрх-Нэг зүрх” уриатайгаар тодорхой зорилго бүрийн төлөө хамт явж, бодитой ажил хэрэг бүрийн ард гарч чадсанд талархаж  буйгаа илэрхийлсэн юм. Өнгөрсөн дөрвөн жилд Баянзүрх дүүргийг МАН-ынхан удирдсан бөгөөд чамгүй ихийг хийж, хэрэгжүүлсэн гэж үнэлсэн учраас хот, дүүргийн удирдлагуудаас хоёр хүнийг сонгож УИХ-д нэрийг нь дэвшүүлсэн гэдгийг ч нийслэлийн МАН-ын дарга Г.Мөнхбаяр энэ үеэр онцолж байлаа.  Мөн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “ Өнөөгийн хүрсэн түвшинг бататгах уу, эсвэл алдах уу гэдэг торгон сонголтыг баянзүрхчүүд та бүхэн хэдхэн хоногийн дараа хийх гэж байна. МАН бол хийсэн ажлаа бататгая, улам лавшруулъя гэдэг байдлаар хандаж энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө арт түмнээ сонсож, хамтдаа боловсруулсан. Одоо та бүхний мэргэн сонголтонд л найдаж байгаа. Баянзүрх бол өнгөрсөн дөрвөн жилд хамгийн их өөрчлөгдсөн, өнгөө зассан дүүрэг. Дүүргийн хөгжлөөс хотын, цаашилбал улсын нүүр царай  хамаардаг учраас намын удирдлагын зүгээс үүнд сэтгэл хангалуун байгаа.Тийм ч учраас Б.Батзоригийн нэрийг УИХ-д  дэвшүүлсэн юм шүү. Та бүхэн түүнтэй гар нийлж ажиллаж чаддаг учраас хүрсэн амжилтаа ахиулахын төлөө цаашид ч Б.Батзоригтой хамтарч ажиллах байх гэж бодож байна.” хэмээсэн юм. Түүнчлэн УИХ, НИТХ-ын сонгуульд  нэр дэвшигчдийн сурталчилгааны нээлтийн ажиллагааны үеэр тус дүүргийн1000 иргэн Монгол Ардын намд элссэн нь нэлээд онцгой үйл явдал байлаа.Сүүлийн үед тус намд нийгмийн янз бүрийн давхаргын олон мянган хүн гишүүнээр элсч байгаагийн тод жишээ энэ байсан гэхэд болно. Шинэ гишүүд намын удирдлагууд болон нэр дэвшигчдээс бат илэрхийлэхээ гардан авсандаа сэтгэл өндөр байгаагаа ч илэрхийлж байсан юм. Ийнхүү сонгуулийн сурталчилгааны эхний өдрөө Баянзүрх дүүргийн Монгол Ардын нам 1000 гишүүнээр эгнээгээ өргөтгөлөө. Цаашид Монгол Ардын намыг дэмжигчидийн эгнээ мянга мянгаараа тэлнэ гэдэгт намын удирдлагууд нь итгэлтэй байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top