Өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр сэтгүүлчидтэй уулзлаа. Тэрбээр тус намаас нэр дэвшиж байгаа зургаан хүнийг СЕХ бүртгээгүй нь хууль бус үйлдэл хэмээснээс гадна энэ сарын 12-нд болох шүүх хуралд өөрийн биеэр оролцоно гэв. Гэхдээ хавтаст хэрэгтэйгээ гүйцэд танилцаагүй. Учир нь нэг хавтас нь 100 орчим хуудас бөгөөд 49 хавтаст хэргийнхээ дөнгөж эхний гурвыг нь уншаад байгаа аж.
- Өнөөдөр таны эрүүл мэндийн байдал ямар байна вэ?
- Хувийн нууц болохоор энэ талаар дэлгэрэнгүй ярих нь зөв юм уу, буруу юм уу.
- Гэхдээ...
- Жингийн хувьд өмнө нь 93 кг байсан. Одоо 77 орчим кг байгаа. Элэг, бөөрний ажиллагаанд өөрчлөлт орсон. Зүрх, тархины үйл ажиллагаанд нөлөөлөл ороогүй ч, цус өтгөрснөөс цусны эргэлт нь удааширсан. Үүний улмаас өлсгөлөн зарлах үеэр зүрх хэмнэл алдагдах байдал илэрсэн. Гэхдээ эргэж буцалтгүйгээр нөлөө ороогүй. Яагаад гэвэл эмч нар эргэж буцашгүйгээр муудах процессийг саармагжуулж байсан. Цаашдаа биед ямар өөрчлөлт гарахыг хэлж чадахгүй. Тиймээс эмч нар байнга хяналтандаа байлгаж, үзүүл гэж шаардаж байгаа. Одоо бол байнга даардаг.
- Өлсгөлөн зарласан үед таны биед ямар өөрчлөлт, зовиур мэдрэгдсэн бэ?
- Биед болж байгаа өөрчлөлтүүд заримдаа их хурдан, заримдаа их удаан болж байгаа. Ам хатах, турах, хүч чадал буурах, тамир тэнхээ алдах, хөлний ул их халууцдаг юм билээ. Хүний бие дотор шатах процесс явагддаг. Бие хоол, усгүй болохоор өөрийгөө идэж эхэлдэг. Ингэхдээ өөх, махаас гадна эд эсээ идэж эхэлдэг. Энэний улмаас биед шатах процесс явагддаг. Яг энэ үед хөлний ул халаад шөнө унтаж чадахгүй амь тэмцдэг. Шөнө нойр хүрэхгүй амь тэмцмээр байдаг хэрнээ өдөр нойр хүрдэг. Энийг эмч нар тайлбарлахдаа элэгний ялгаруулж байгаа хорт бодис тархи руу очих гэж процесс гэсэн. Тийм болохоор өдөр унтуулдаггүй байсан. Цус их өтгөрдөг юм билээ.
- Таны сэтгэцэд өөрчлөлт орсон гэж ярих боллоо?
- Эмч нарын тайлбарласнаар бол өлсгөлөн байгаа үед элэгнээс блюрбин гэдэг бодис ялгардаг. Тэр нь эргээд гэдэс ходоодонд нөлөөлдөг бөгөөд улмаар цусаар дамжин тархи руу очиж нөлөө үзүүлэх магадлалтай гэж үзэж блюрбиний ялгаралтыг бууруулах, удаашруулах эм тариа хийж байсан. Өлсгөлөнгийн үед бухимдалтай, цочимтгой байсан. Сэхээн амьдруулах тасагт гарч эмчлүүлэхэд тэр аюул өнгөрсөн гэж эмч нар хэлсэн.
- Уучлаарай. Та ойрд юу идэж байна вэ?
- Шингэн юм ууж байгаа. Зажлах юм идэж чадахгүй байгаа. Жимс хааяа идэж байгаа. Тэрнээс мах, талх гээд зажлах хоол идэхээр ходоодны үйл ажиллагаа хүлээж авахгүй байна. Тэжээлээ байнга тариагаар нөхнө гэж байхгүй болохоор хоол ундаа аятайхан зохицуулбал намар гэхэд тэнхэрчих байхаа.
- Таныг Төв аймгийн урьдчилан хорих ангид байхдаа гурав хоног гар утастай байсан гэсэн?
- Манай хамгаалагчдыг цагдан хорих төвд байлгахгүй гэсэн шийд гарсан юм. Би хамгаалагчгүй очихгүй гэсэн. Тэгэхээр манай өмгөөлөгч: "Ийм шийд гарсан болохоор та аюулгүй байдлаа бодохгүй бол болохгүй. Гар утастай байж бай. Ямар нэгэн байдлаар амь насанд чинь аюул учирбал мессеж илгээ" гэсэн. Өөрөөр хэлбэл таны аюулгүй байдал эрсдэлд орлоо гэж тайлбарласан. Би тэр утсаар яриагүй, ямар нэг мессеж явуулаагүй. Юмыг яаж мэдэхэв, хамгаалагчгүй юм чинь аюулгүй байдал шийдэгтэл гээд гар утсыг халаасандаа байлгасан. Тэрнээс утсаар ярьж, мэдээлэл тараасан зүйл байхгүй.
- “Салаавчтай” бичлэгийн талаар?
- Өлсгөлөн зарласан хүн чинь ууртай байгаа шүү дээ. Тэгтэл өлсгөлөн зарлаж байгаа хүнтэй хүндэтгэлгүй, ёс бусаар харьцаж, хууль бус олон үйлдэл гаргасан. Тэр бүрт нь хүлээцтэй хандаж, харьцсан ч тэд хүлээж аваагүй. Тэгээд л та нарын мэддэг хэл, харьцдаг харьцаагаар чинь харьцая гээд салаавч гаргасан.
Өлсгөлөн зарлаж байгаа тохиолдолд хянах зорилгоор 24 цагийн турш хянадаг. Ер нь тэр бичлэгийг олон нийтэд зарлах нь өөрөө хууль бус үйлдэл. Нэгэнт тэгж бичлэг гаргаж байгаа бол 32 өдрийн бичлэгийг бүтнээр нь үзүүлэх ёстой.
-Таныг нүцгэн хоригдол дундуур явуулсан гэсэн?
- Өмгөөлөгчтэйгээ уулзах гээд бууж байхад хоригдож байсан хүмүүсийг нүцэглээд галуун цуваагаар алхуулж байсан. Өмгөөлөгчөөсөө асуухад хашрааж, хэрэг хүлээлгэх аргын нэг гэж хэлсэн.
- Та ямар нэг байдлаар хөрөнгө мөнгө идсэн болоод л хэрэг үүсгэн шалгаж байгаа байх?
- Тэр “Өргөө” зочид буудал, тэр “Улаанбаатар таймс” сонины хэрэгт би огт хамааралгүй. Би буруугүй.
- Шүүх хурлаар та ялсан эсвэл яллагдсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
- Шүүх шударга байвал би ялах нь тодорхой. Харин дээрээс өгсөн даалгаварын дагуу шударга бусаар намайг яллах юм бол худал хуурмаг яллаа гэсэн үг. Одоо яахыг л харъя. Өөрийнхөө эрхийг хамгаалахийн төлөө ямар боломж байна, тэр бүхнийг хийнэ. Энэ бол ганц Н.Энхбаярын асуудал биш, Монголын нийт ард түмний асуудал. Н.Энхбаярыг ингэж чадаж байгаа юм чинь хэнийг ч ингэж чадах нь байна гэсэн тогтолцоо тогтоно. Тийм учраас Н.Энхбаяр өөрийгөө биш, Монголын ард түмэн нийлээд Н.Энхбаярыг хамгаалах ёстой. Хэлмэгдүүлэлт нэг хүнээс эхэлдэг. Сүүлдээ бүгд хэлмэгдэж дуусдаг.
- Олигархиудын нэрийг хэлээд яагаад хэвлэлээр сайн муугаа хэлэлцэж болохгүй гэж?
- Өнөөдөр би эд нарын нэрийг хэллээ гэхэд шалгахгүй. Жишээлбэл би Ц.Нямдоржид байшин чинь мөн бол хэл, биш бол хэл гэж өчнөөн ярьсан. Хэллээ гэхэд өөрийнх нь гар хөл болсон хүмүүс нуугаад гарах нь тодорхой.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )