Чингэлтэй дүүргийн Ардчилсан намынхан сонгуулийн сурталчилгаагаа эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт өрсөлдөж буй АН-ын гишүүд өчигдөр сурталчилгааныхаа ажлын нээлтийг хийв. УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайхан, Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Б.Батбаатар нарыг дэмжиж баяр хүргэхээр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн З.Энхболд нар ирсэн байв. Мөн тус дүүргээс НИТХ-д нэр дэвшиж буй Б.Батмөнх, Т.Бат-Эрдэнэ, Ц.Баатархүү, С.Наранбаатар нар ч энэ өдөр хүрэлцэн ирсэн байлаа.
Харин дүүрэгтээ нэр дэвшиж буй АН-ын гишүүдийг дэмжихээр Чингэлтэй дүүргийн мянга гаруй хүн хүрэлцэн ирсэн байв. Нээлтийн ажиллагааны үеэр нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулж, ямар шалтгаанаар ардчилал ялах шаардлагатай байгааг тайлбарлан ярьж байсан юм. 
Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Баярсайхан үг хэлэхдээ намынхаа мөрийн хөтөлбөр хийгээд Чингэлтэй дүүрэгт ямар асуудал тулгамдаж байгаа тухай ярилаа. Тэрээр “Би байгаль эколгийн бүрэн бүтэн байдлын тухай их ярьж, энэ төрлийн ажил хийж хэрэгжүүлэхийг эрмэлздэг хүн. Тиймдээ ч өнгөрсөн 2008 оны сонгуульд өрсөлдөхдөө чингэлтэйчүүд төдийгүй нийт монголчуудын тахиж шүтдэг Чингэлтэй хайрхан уулыг улсын тусгай хамгаалалтад оруулах болно гэж амалсан. Энэ амлалтаа ч биелүүлсэн. Энэ мэтээр Чингэлтэйн иргэдээ төрд төлөөлөх гүүр нь болж ажиллах болно” хэмээн хэллээ. Харин Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Б.Батбаатар “2012 оны зургадугаар сар бол Монголын түүхэнд дэх ардчиллын агуу ололт, ялалтын жил байх болно. Энэ ч утгаараа би Чингэлтэй дүүргийнхээ иргэдийг төрд төлөөлөх гүүр нь болж ажиллахад бэлэн байна” гэсэн юм.
АН-ын дарга Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн З.Энхболд нар намынхаа мөрийн хөтөлбөрөөс танилцуулж яагаад ардчилал ялах хэрэгтэйг тайлбарлалаа. Тухайлбал, Н.Алтанхуяг дарга “МАН бол манай намын амлалтыг давуулан хэлэх ёстой юм шиг загнадаг болоод удлаа. Өнгөрсөн сонгуулиар манай намыг нэг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хувьцааг иргэддээ эзэмшүүлнэ гэж ярихад манайхыг давж амлах ёстой гэсэн сэтгэлгээгээрээ 1.5 сая төгрөгийг өгнө гэсэн. Гэтэл тэр амлалт нь энэ удаа хэрэгжсэнгүй. Харин манай нам УИХ-д олонх болоогүй ч нэг сая төгрөгтэй тэнцэх хувьцаагаа иргэдэд эзэмшүүллээ. Энэ мэт энгийн бусармаг зүйлээс салахын тулд АН ялах ёстой. Ардчилсан засаг тогтож шударга нийгмийг байгуулахын төлөө АН ялах ёстой байна” хэмээн хэлж байв.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top