Засаг даргын яриа зангарагтай сонсогдож байлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Өнөөдөр 15 цагт Баянгол дүүрэгт УИХ болон НИТХуралд МАН-аас нэр дэвшиж байгаа УИХ—ын гишүүн Ц.Мөнх-Оргил, дүүргийн Засаг дарга Л.Амгалан, “Оргил” төвийн захирал Ж.Ганбаатар нар  УИХ-ын сонгуулийн 25-р тойрог, НИТХ-ын сонгуулийн 23-р тойрогт хамардаг 8,10,12,13,14,22-р хороодын иргэдтэй уулзалт хийж, намын мөрийн хөтөлбөрийн онцлох зүйлс болон өөрсдийн цаашид голлон анхаарч хэрэгжүүлэх асуудлуудын талаар танилцуулан, иргэдтэй санал бодлоо солилцлоо.

Хэдийгээр хүйтэн салхитай жихүүн өдөр хэдий ч гадаа талбайд настай голдуу 100 гаруй хүмүүс уулзалтанд хүрэлцэн иржээ. Тэд нэр дэвшигчдийн яриаг хичээнгүйлэн сонсож, ихээхэн ач холбогдол өгч байв.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил намын мөрийн хөтөлбөрт иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр баримтлах бодлогодоо 0-5 настай хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй болгон төрөөс зардлыг даах талаар тусгасныг нилээн дэлгэрэнгүй ярилаа.

Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалангийн хувьд дүүргийн иргэдийнхээ амьдрал ахуйг сайн мэддэг, дотор нь хутгалдан амьдардаг хүн болохоор оршин суугчдын хувьд асуудал үүсгэдэг лифт, дээвэр засвар, автогражуудын зохион байгуулалт, зам засвар гээд нилээн өргөн хүрээнд их ч зүйл ярив. Үүнийг сонсож суухдаа уг нь өөрсдийнх нь аж байдлыг сайн мэддэг иймэрхүү хүмүүсийг сонгоод гаргачихдаг бол хэн хэндээ хэрэгтэй л юм даа гэсэн бодол төрж байлаа.

Нэр дэвшигчид өдөрт 6-7 удаагийн уулзалт хийн шахуу хөтөлбөрөөр зай завгүй ажиллаж байгаа ажээ.

Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top