Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байгаа “Салхи Дамбий”

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

“Хас”-ын хэмээн нэрлэгддэг Ч.Ганхуяг  Сангийн дэд сайдын сэтэр зүүснээсээ хойш элдэв хэл аманд өртөн өөдлөөгүй гэхэд хилсдэхгүй.

Хөгжлийн Алтан Сан (ХАС) ХХК-аа зургаан төрийн бус байгууллагатай нэгдэн байгуулахдаа гадны төслөөс зувчуулан, ялангуяа зарим хүмүүсийн сэрдээд байгаачлан Соросын сангийн хувь оролцоотойгоор “ХАС“ банкныхаа суурийг тавьсан гэлцэнэ.

Монголын оюутны холбооны ерөнхийлөгч байхдаа  энэ местээ ашиглан өөрийн “Тэнгэр даатгал” компанидаа оюутнуудыг хүчээр даатгуулан, суусан газраасаа шороо атгадаг ясны санхүүч болохоо харуулснаас бус өөрөөр олигтой ажил оюутнуудын эрх ашгийн төлөө зохион байгуулаагүй, энэ байгууллагыг зөвхөн өөрийн улс төрд авирах гишгүүр болгож ашигласан хэмээн шүүмжлүүлж, албан тушаалаасаа түдгэлзсэн нь саяхан.

Хаана ч явсан хар нүдний шил зүүж,  “Ipad” тэвэрч, мисс хүүхэн дагуулж, брэндийн хувцсаар гангардаг энэ залуу ярилцлага өгөх тун дуртай хэдий ч бодлогогүйгээсээ юү эсвэл амьдралаас хэт тасарчихсан тэнгэрийн амьтан болоод тэр үү, юм л бол асуултанд нь унаад ёстой нөгөө онигоонд орно гэгч болдог талтай.

Тэрээр 2010 оны арванхоёрдугаар сард Шууд телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо талхны үнэ 300 төгрөг л байдаг байх хэмээн ярьж иргэдийн эгдүүцлийг хүргэж орхисон удаатай. Ядаж нэвтрүүлэгт оролцох гэж байж ярилцах сэдвээ судалдаггүй, хариуцлагагүй нь дэндсэн нөхөр хэмээн удирдлагуудын зүгээс чангахан шүүмжлэл авсан гэж байгаа. Улс орны эдийн засгийг атгаж байдаг сайдын хувьд нэвтрүүлэгт орохоосоо өмнө юмыг яаж мэдэхэв гээд филиппин гэрийн үйлчлэгчээ гүйлгээд ч болсон дэлгүүрээс талхны үнийг мэдээд авчихгүй.

Бас нэгэн сэтгүүлч “Яагаад эдийн засгийн өсөлт бидэнд мэдрэгдэхгүй байна вэ, ядуурал буурахгүй байна шүү дээ?” гэж асуухад ”Эдийн засгийн өсөлт өөрөө тодорхой үе шат дамждаг, тодорхой хугацааны дараа иргэдэд мэдрэгдэнэ. Ядуурал гэхээсээ бидний санааг зовоосон асуудал нь хог болоод байна” хэмээн “тэмээ гэхэд ямаа гэв” гэгчээр тэс хөндлөн юм ярьж хүмүүсийг  цочирдуулж шоконд оруулж байсан нөхөр. Ямар сайндаа талх хочит хогны менежер гэсэн цол гуншинтай болохов дээ.

Энэ мэтээр түүний паянг яриад байвал барагдахгүй биз.

Банкир хүний хувьд бизнесийн байгууллагыг бол өлхөн удирдаад явчих байх. Харин түүнийг улс төрд ороод, УИХ-д ард түмний төлөөлөл болж сууна гэхээр санаанд огт бууж өгөхгүй байгаан. Амьдралаас хэт тасарчихсан, талх гэсэн үг хоолны цэсэнд нь байдаггүй, тийм тансаг хэрэглээтэй,  нэг л гоё амьтан...

Д.Мөнхөө  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top