Өнөөдөр 11 цагаас иргэн С.Нарангэрэл, Н.Энхбаяр, С.Авирмэд, Э.Батшугар, З.Ойдов, Санжаадорж нар Үндсэн хуулийн цэцэд гомдол хүргүүлэхээр болжээ. СЕХ нэр дэвшигчдийг бүртгэж мандат олгохдоо иргэн Н.Энхбаярыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.2, 29 дүгээр зүйлийн 29.11.4 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг, С.Нарангэрэл, С.Авирмэд нарыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6., 26.7 дугаар зүйлийг, Н.Санжаадоржийг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дугаар зүйлийг, Э.Батшугарыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26.4-г зөрчсөн гэж үзэн бүртгэхээс татгалзсан юм. СЕХ-ны энэхүү шийдвэр нь улс төрчдийн захиалгаар хийгдэж байгаа хууль бус үйлдэл гэж дээрх иргэд үзсэн тул Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйл, 8 дугаар зүйлийн 2.6.-г удирдлага болгон иргэний өргөдөл гаргаж байна аж. Иргэн Н.Энхбаяр энэ дагуу өнгөрсөн баасан гаригт хийсэн мэдэгдэлдээ “Би өнөөдөр /2012-06-08-нд/ СЕХ-нд дахин гомдлоо хүргүүлсэн. СЕХ шударга шийдвэр гаргах нь уу үгүй юу гэдгийг харна. Шударга шийдвэр гаргахгүй байх магадлал бол их өндөр байгаа. Иймд бид СЕХ-ны хууль бус шийдвэрийг хүчингүй болгохын төлөө ажиллана. Гадаад улс орны хүний эрхийн байгууллага, Монголд суугаа элчин сайдын яамдууд, Европын холбоо, НҮБ, Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж Монголын СЕХ ингэж хууль бус шийдвэр гаргаж, бусармаг ажиллаж байгаа талаар мэдээлнэ” хэмээн мэдэгдэж байсан юм.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )