Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж, нэр дэвшигчдийнхээ сурталчилгааны ажлыг албан ёсоор эхлүүлсэн Ерөнхий сайд өнгөрсөн баасан гаригийн орой аяны тоосоо ч гөвж амжилгүйгээр Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн “ Евро-2012” тэмцээний нээлтийг үзэхээр ирсэн юм. Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах “Евро-2012” тэмцээний нээлтийг TV-9, ETV телевизүүд шууд дамжуулан үзүүлж, нээлтийн ёслолын ажиллагаанд Ерөнхий сайдыг урьсан нь энэ ажээ. Ингээд Ерөнхий сайдтай уулзаж цөөн асуултад хариулт авлаа.
-Хөдөөнөөс дөнгөж ирэнгүүтээ энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Энэ оройн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Маш сайхан байна. Энд цугларсан залуусын нэгэн адил би хөлбөмбөгийг дэмждэг, шүтдэг. Тиймээс ч энд ирж нээлтийн ажиллагааг хамт үзэж байгаадаа баяртай байна. Спортын баяр бүх нийтийн баяр байдаг. Бээжингийн олимпоос манай тамирчид медальтай ирэхэд Монгол улс даяар баярлаж байсан. Энэ удаагийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 250 сая хүн үзнэ гэсэн тооцоо гарсан байна лээ. Магадгүй тэдний нэг хэсэг нь Монголын залуус юм. Залуустаа та нарын дэмжиж байгаа баг түрүүлээсэй гэж хүсье.
-Та аль багийг дэмжиж байгаа вэ?
-Энэ жил би Испанийн багийг дэмжиж байгаа. Энэ шигшээ багт олон сайхан одод тоглож байгаа. Тэд ур чадвараа гайхуулж, сонирхолтой тоглолт үзүүлэх байх гэдэгт найдаж байна.
-Мөн үүнтэй холбогдуулаад үйлчилгээний газруудын ажиллах хуваарийг сунгасан гэж сонслоо?
-Тийм ээ. Би Ерөнхий сайдын хувьд Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэх боломжийг залуустаа олгох үүднээс хотын захирагчид үүрэг өгсний дагуу үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг сунгасан байгаа. Тодруулбал, шөнийн 02 цаг хүртэл ажиллуулахаар болсон. Гэхдээ 24 цагаас хойш согтууруулах ундааны зүйл худалдаалахгүй юм. Залууст маань энэ мэдээ таатай санагдана гэдэгт итгэлтэй байна. Ингээд залуустаа дэмжиж байгаа баг нь түрүүлээсэй гэж хүсье.
-Баярлалаа, таны дэмжиж байгаа баг тань бас түрүүлээсэй гэж залуусынхаа өмнөөс хүсье .
-Баярлалаа.
Сэтгэгдэл ( 0 )