Долоон сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн удирдлагуудын шүүх хурал хоёр өдрийн турш үргэлжилж, энэ сарын 7-нд ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 3,6 жил, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтод 2,6 жилийн ял оноолоо. Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарыг өршөөлийн хуульд хамруулж ял оноосонгүй. Цагдаагийн аппарат Хууль зүйн сайдын шууд удирдлаган дор харьяалагддаг төдийгүй цагдаагийн даргыг Хууль зүйн сайд томилдог.
Одоогоос дөрвөн жилийн өмнө Ц.Мөнх-Оргил Хууль зүйн сайд байсан.Тушаалын дагуу үүрэг гүйцэтгэсэнийхээ төлөө тус яаманд шууд хамааралтай ЦЕГ-ын дарга нар ял авч, тухайн үед үүрэг өгч байсан Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил УИХ-ын сонгуульд нэр дэвшин “Иргэнд тэгш боломж, Нийгэмд шударга ёс” хэмээн уриа дэвшүүлсэн шиг сурталчилгаагаа хийж явна. Түүний инээсэн дүрс бүхий сурталчилгааны самбаруудыг харсан хүмүүс “Энэ Мөнх-Оргил юун нэр дэвших вэ, Өдийд цагдаагийн удирдлагуудтай цуг ачигдчихсан баймаар юм” гэлцэж байна.
Түүнтэй хариуцлага тооцохыг Долдугаар сарын 1-ний хэрэгт хохирогсдын холбооныхон мэдэгдсэн ч тэрээр “Би өөрийгөө сонгуульд оролцох ёс зүйн бололцоотой гэж үзэж байгаа. Үүнтэй санал нийлэхгүй хүмүүс гарах л байх. Гэхдээ үймээн самуун үүсгэж, нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд хүргэсэн хүмүүс сонгуульд оролцох эрхтэй гэж үзээд нэрээ дэвшүүлж байгаа цагт миний сонгуульд оролцох эрх хаагдахгүй. Хариуцлага хүлээх хүн нь би биш. Сонгуульд нэр дэвшихэд энэ огт хамаагүй” гэсэн байна. Тэгвэл одоогоос дөрвөн жилийн өмнө нэг баг болон ажиллаж бие биедээ тушаал өгч, гүйцэтгэж байсан эрхмүүдийн тушаагч, зохион байгуулагчийг нь үлдээн, гүйцэтгэгчийг нь яллаж байгаа нь “Нийгэмд түгээж буй шударга ёс уу”. Тус яаманд шууд хамааралтай ЦЕГ-ын дарга нар ял авч Ц.Мөнх-Оргил УИХ-ын сонгуульд нэр дэвшээд явж байгаа нь “Иргэнд тэгш боломж” олгож байгаа хэрэг үү.
Өөрөөс нь доод тушаалын ажилтнууд тушаалын дагуу үүрэг гүйцэтгэснийхээ төлөө дөрвөн жилийн турш эрүүл мэнд, сэтгэл санаа, ажил албаараа хохирч, өнөөдөр ялын тогтоол уншуулаад сууж байгаа нь тухайн үед Ц.Мөнх-Оргил ажлаа хийж чадаагүйн маш тод жишээ. Монголын ард түмэн Ц.Мөнх-Оргилд хариуцлага тооцохыг шаардаж байна. Одоо тэрээр УИХ-ын сонгуульд Баянгол дүүргээс нэр дэвшээд явж байгаа. Яагаад Монгол төрийн бодлого, Монголын шүүх, хууль хяналтын байгууллага ингэж иргэндээ эрх тэгш бус хандаж байнаа. Ер нь Ц.Мөнх-Оргил Хууль зүйн сайд байсныхаа хувьд Долдугаарсарын 1-ний хэрэгт ямар хариуцлага хүлээсэн юм бэ, Тушаал гүйцэтгэсэн цагдаагийн дарга нар ял авч л байгаа юм бол Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил, Ерөнхий сайд байсан С.Баяр нар ч ял авах ёстой. Тэд яагаад ял авсангүй вэ?
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )