Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг хоёр аварч, хоёр сүйрүүлэв

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Хүний амьдрал хувь заяагаар тоглож,  наадна гэдгийг манай Ерөнхийлөгч бэлхнээ харуулчихлаа. Н.Энхбаяр бол гайгүй сайн алсыг хардаг, хорчин, жүжигчин гэдгийг мэднэ. Харин Ц.Элбэгдорж түүнээс дутах юм алга. Давна уу гэхээс дордохгүй санж. Тэр Н.Энхбаяраас илүүтэй нь албан тушаал, эрх мэдлийн өндөрлөгт  буй. Нэгэн цагт ч Н.Энхбаяр түүн шиг халгиж явсан. Гэхдээ тэр Ц.Элбэгдоржийг үүргэвч үүрүүлээд явуулснаас бус дээл нөмөргөөд шоронд суулгаагүй. Ийм л ялгаа тэдэнд байна. Монгол Улсын урьд болон өнөө цагийн хоёр төрийн тэргүүний хоорондын зөрчил дэндүү гүнзгий аж. Хэн хэн нь энхийн цагаан тагтаа биш л дээ. Хэрээ хэрээний харыг гайхна гэж үг бий. Гагцхүү энэ цагт илүү эрх мэдэлтэй нь нөгөө хэрээнийхээ харыг гайхна гэгч л юм болж байна.

Хэдхэн сарын өмнө Н. Энхбаярт Ц.Элбэгдорж аврал болсон. Намаасаа өрх тусгаарлаж,  МАХН гэсэн нэрэн дээр өөрийн улстөрийн тоглолтоо үргэлжлүүлэх түүний хүслийг Ц.Элбэгдорж биелүүлсэн. МАХН 19 дэх шинэ улстөрийн хүчин болж, Н.Энхбаяр намын дарга нь боллоо. Энэ бол улстөрийн бохир үйлдэл, увайгүй явдал байгаагүй гэж үү. Эрх мэдлээ алдахгүй  гэсэн ичгүүргүй үйлдлийг Ц.Элбэгдорж гүйцэлдүүлж, Н.Энхбаярын магнайг тэнийлгэсэн юм. Хоёр “Э”-гийн үерхлээр улстөрийн амьдрал хэд хуваагдаж, эрх мэдэлд шунасан улстөрч хичнээн ч урваж шарвав, хэдэн ч нэр төрөө гээв дээ.  Гэтэл үерхэл удалгүй урвалт болж Н.Энхбаяр авлиглын хэргээр шүүхэд дуудагдлаа. Ерөнхийлөгч түүнийг үнэхээр шар махтай нь хатаана гээч болов. Өлсгөлөн зарлаж, амь насаа алдахын даваан дээр ” авралын од”  Ц.Элбэгдорж дахин тодорч Н.Энхбаяраа аварлаа. Энэ бол ерөнхийлөгчийн түүнд үзүүлсэн хоёрдахь аврал байв.  Ингэснээр Н.Энхбаяр сонгуульд нэр дэвших боломжоо олж чадлаа хэмээн ихэд баярласан биз. Ямар ч байсан шүүх гэм бурууг нь эцэслээгүй тул сиймхий гаргаж байгаад нэр дэвшинэ гэсэн гол зорилго биеллээ хэмээн ихэд баяссан. Харин үгүй аж. Дөрөвдэх Ерөнхийлөгч маань тийм амархан нөхөр биш ажээ. Сэжигтэн Н.Энхбаяр нэр дэвших эрхгүй хэмээн лүндэн буулгалаа. Н.Энхбаяр ийм цохилт ирнэ гэж тооцоолсонгүй. Дараа үеийн Ерөнхийлөгч өөрөөс нь илүү хатуу бас хахир гэж төсөөлсөнгүй. Мөн хүүг нь хүртэл нэр дэвшүүлэх эрхгүй хэмээн зарлав. Ингэж Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг хоёр аварч, хоёр сүйрүүлэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.193.7) 2014 оны 08 сарын 19

Ийм нийтлэл бичээд бусдаас юу сонсох гэж. Нэг нь үүргэвч үүрүүлээд, нөгөө нь дээл нөмрүүлсэн юм байх. Үүнийг энэ хүмүүс санаагаараа хийдэг хэрэг үү? Төрийн эрх мэдэл ард түмний гарт байдгийг мэддэггүй мал уу?

0  |  0
Top