Атрын III аян шиг үйлдвэржилтийн аяныг хийцгээе

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 Монголчууд 22 жил чөлөөт сонгууль хийлээ. Анхны алхам маань чөлөөт сонгууль хийх байв. Түүнийг хийлээ. Эхний ээлжинд тэр коммунист, энэ анархи гэх мэтчилэн бие биеэ үзэл суртал ч гэхэд хаашаа юм, үг хэл гэхэд ч хаашаа юм нэг тийм эцэс мухаргүй юмаар булж байв. Жаахан мөнгөтэй болоод тэр хулгайч, энэ авилгач гээд бужигнадаг болов. Одоо бол мөрийн хөтөлбөр харж, хэлдэг үгийг нь биш хийх ажлыг нь сонсож төлөвших цаг иржээ. Аль ч намд адгийн шаар нь ч бий, ариун явдалтан нь ч байгаа. Зарим нь бие даагчийг гаргана л гэж байна. Энэ бол хувь хүмүүсийн сонголт хэдий боловч улс орныг тогтсон мөрийн хөтөлбөртэй, хариуцлагатай, туршлагатай улс төрийн хүчин чирж явдаг гэдгийг бүх л улс орнуудын өнөөгийн байдал харуулж байна. Адгийн ядуугаас эхлээд амжилтын оргилд хүрсэн улс орнуудын алинаас нь ч үүнийг харж болно. Намууд хариуцлагагүй байгаа нь үнэн хэдий ч 76 нэр дэвшигч, эсвэл элдэв эрээвэр хураавар нөхөд гараад ирлээ гэхэд шуудай дотор хийсэн 76  үхрийн эвэр шиг л юм болно. Ер нь ингээд харахад сонгуульд оролцдог нөхөд маань бүгд л хөрөнгө чинээтэй хүмүүс байх юм. Аль нам нь хамаагүй  социализмын үед баригдсан байшин барилгыг хувьчилж аваад додомдчихсон нөхдүүд. Зээл хууль авч байгаад боссон нь ч байна. Уул хад ухаж байгаад хөрөнгөжсөн нөхдүүд ч байна. Ерөнхийдөө л бүгд монголын баялгийн үрээр хөгжиж хөлжсөн улс. Ингэхээс ч өөр аргагүй. Нэгэнт л зах зээлд шилжиж байгаа бол төрийн өмч хувийн өмч бололгүй яах вэ? Нохой үүрлэх нь халаг байсан дутуу хаягдсан байшин барилгыг додомдсон  нь ч байна. Овоож оцойж байсан юмыг сүйтгэсэн нь ч байна. Энэ бүхнийг шүүн хэлцэх гэсэнгүй. “Өнгөрсөн болгонд хүн цэцэн байдаг” учир өнөөдөр цэцэрхэж, хоёр хар хэрээ бие биенээ гайхна гэдэг болох утгаггүй юм.

Одоо бол ухаанаар уралдах цаг болжээ. Ухаанаар уралдана гэхээр мэргэн цэцэн үгсийн уралдаан биш хийх ажлын уралдаан. 60-хан жилийн өмнө Монгол улсад томоохон үйлдвэр байгаагүй. 1959 онд атрын анхны аян явж байж  үүнтэй зэрэгцэн гурилын үйлдвэрүүд бий болжээ. Оёдлын үйлдвэр гэхэд 1000 хүүхэн өдөр шөнөгүй ажиллаж байдаг үйлдвэр байв. Нэгдсэн засварын үйлдвэр гэхэд 500 гаруй ажилчинтай байх жишээтэй. Гутлын үйлдвэр, арьс ширний үйлдвэр. Барилгын материалын үйлдвэрүүд. Энэ бүх үйлдвэрийг тоолоод барахгүй. Эд тэгэхдээ монополь үйлдвэрүүд байлаа. Уг нь бол зах зээлийн амин сүнс нь өрсөлдөөн байдаг. Өрсөлдөхийн тулд бид монополиос ангижрах хэрэгтэй. Монополь нь өөрөө хөгжлийн тушаа учраас. Монополь гэдэг үг нь “ганцаархнаа л худалдаж байя” гэсэн утгатай грек үг юм гэнэ лээ. Үнийн хөөрөгдөл, ядуурал, ажилгүйдэл, авилга хээл хахуулийн эх үүсвэр ч эндээс ямар нэг байдлаар угтай. Одоо бид монополийг халах цаг болжээ. Тэгж байж улс орны өрсөлдөх чадвар сайжирна. Атрын III аян гэдэг шиг үйлдвэржилтийн шинэ аяныг давалгаалуулах цаг ирсэн байна.  

 

Сонгууль болох гэж байна. Сонгогчид маань мөнгө төгрөг дагаж санал өгөх биш мөрийн хөтөлбөр дагаж санал өгөх цаг нь болжээ. Ардын нам 10 000 үйлдвэр шинээр барина гэжээ. Монгол орон 1921 он гэхэд үгээгүй ядуу феодалын орноос 1960 он гэхэд гурилын үйлдвэртэй, ноосоо боловсруулчихдаг, утас холбоотой, төмөр замтай, гэрэл цахилгаантай улс болчихсон байв. Энэ бүхнийг хийж чадсаны ачаар улс шиг улс болсон. Одоо бид цаашаа хөгжихийн тулд үйлдвэржилтийг тэргүүн зэрэгт тавих хэрэгтэй. Өнөөдөр улс орон болгон өөрийнхөө зах зээлийг бусдаас харамлаж байна. Улс орон дотроо аймаг, муж цаашлаад хот тосгон болгон зах зээлээ бусдаас харамлаж байна. Иймээс хоорондоо өрсөлдөж байна. Гэтэл бидний зах зээл харийнхны түрэмгийлэлд нэвт идэгджээ. Монгол хүн бусдын иддэгийг иддэг, бусдын өмсдгийг өмсдөг. Бид тэднээс өөр биш шүү дээ. Гэвч бид яагаад бусдын хийдгийг хийж чадахгүй байна вэ.

 Дорноговьд Өвөр монголд үйлдвэрлэсэн хайрцагтай сүүгээр цайгаа сүлээд сууж байх жишээтэй. Уг нь монгол малчин хүн хөдөө аж ахуйн нэгдэл гэж байхад зуны цагт өдөрт ямаагаа хоёр саадаг, хонио нэг саадаг байлаа. Энэ өдөлмөрийнхөө ачаар сүүгээ хэнээс ч авдаггүй байж. Одоо бол хөдөөгийн зарим нь хот руу ирж нэг кг ааруулыг зах дээрээс 10000 төгрөгөөр худалдаж авч байх жишээтэй. Хөгжил гэдэг бол сайн юмаа хаяхгүй улам хөгжүүлж байхыг л хэлнэ.

Хөдөө аж ахуйн нэгдэл нь үнэндээ хамтын хүчийг нэгтгэдэг аж ахуйн том сүлжээ байжээ. Одоо л орон нутагт үйлдвэрлэлийн тэр амьд сүлжээг бий болгох цаг болж. Байшин барих туйпуугаа гаднаас зөөж хичнээн жил явж байна. Өөрсдөө яагаад хийж чадахгүй байна вэ.

Яагаад бид, бидний үр хүүхэд ажилгүй байна вэ? Яагаад Монгол хүний гурван хүн тутмын нэг нь ажилгүй байна вэ. Ажиллах үйлдвэр нь алга. Монгол улс өвөг дээдсийнхээ ач буянаар их мөнгөтэй болох нь. Эндээс гарсан мөнгөөр эргээд бүгдээрээ гутлаа хийж сурья. Хувцсаа хийж суръя. Их “хуцвал” бензин шатахуунаа  боловсруулчихдаг болъё. Төмөр арматураа өөрсдөө хийчихье. Цаашаа хэд алхаад   химийн үйлдвэртэй болъё.

Алийн болгон гурил зуурдаг түмпэнгээ гаднаас зөөж байх вэ дээ, ёстой хаваажид. Монопио задлъя, хоорондоо өрсөлдье. Аймаг сумаараа айл хотлоороо хоорондоо өрсөлдье.

                                                                                                                                                                            Х. Бүрэнтогтох

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top