1.5 сая төгрөгийн амлалтыг 330 мянган төгрөгөөр хааж болохгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Монголын нийгмийг урагш алхуулсан, монголчуудад үр  өгөөжөө бодитойгоор өгсөн томоохон санаачилгуудын автор нь АН-д байдаг юм гэж УИХ-ын гишүүн Р.Амаржаргал хэлсэн байна лээ. Сонгуулийн үеэр л хэлсэн болохоос биш түүний энэ үг ортой байж мэднэ. Монгол хүн хувьдаа малтай, орон сууцтай, газартай байх боломжийг ардчиллынхан засаг барьсан богинохон хугацаандаа амжуулсан байдаг. Газрыг өрхийн хэрэгцээнд л өмчлүүлнэ гэсэн хязгаарлагдмал боломжийг иргэн бүрт болгож хуулийн концепцийг үндсээр нь өөрчилсөн хүмүүс нь АН-ынхан  л байсан. 2004 оны УИХ-ын сонгуулиар Хүүхдэд сар бүр 10 мянган төгрөг олгох замаар хүн амаа өсгөх бодлогыг анх санаачлахад тухайн үеийн МАХН, одоогийн МАН шинээр гэр бүл бологчдод 500-г өгнө гэж давуулан амлаж байв. Хүүхдийн мөнгийг олгож эхэлснээр төрөлт нэмэгдсэн, монголчууд өдрөөс өдөрт олон болж байгаа бол шинэ гэр бүлд өгсөн мөнгө хуурамч хайр сэтгэлийг цэцэглүүлж, жилд 15 мянган хүн гэрлэлтээ бүртгүүлдэг байснаа 40 мянга болтлоо халуурсан. Мөнгөний төлөө суусан залуус яахав дээ, төд удалгүй хоёр тийшээ болцгоосон доо. Эхнэр авч, нөхөрт гарсныхаа төлөө мөнгө авъя гэж залуус хүсээгүй шүү дээ. Тэднийг биеэ үнэлэгч аятай үзсэнд харин ч дургүйцсэн. Дөрвөн жилийн дараа АН иргэн бүртээ эрдэнийн хувь буюу нэг сая төгрөгөөс доошгүй хувьцаа хүртээнэ гэсэн амлалт санал болгов. Харин тэгтэл маргааш өглөө нь МАН-ынхан иргэн бүрт 1.5 сая төгрөг бэлнээр олгоно гэж бас л давуулан тонгорлоо. Бүр 1.5 саяын батламж гэгчийг мөнгөн дэвсгэртийг дууриалган хэвлүүлж айл өрх, хүн болгонд тараасан. Энэ бэлэн мөнгөний амлалтыг Эх орны хишиг гэж нэрлэснийг олон нийт надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

Дөрвөн жил хэдийнэ өнгөрч сонгогчид дүнгээ тавих цаг болжээ. Улс төрийн намууд амласнаа биелүүлж чадсан уу гэдгийг 2004 оны сонгуулиар хамгийн их хит болж, сонгогчдын сонголтод хамгийн хүчтэй нөлөөлсөн Эрдэнийн хувь, Эх орны хишиг хоёроор жишээ болгон авч үзэж болох байх. АН, МАН хоёр гурван жил гаруй хамтран ажиллах хугацаандаа Хүний хөгжил сангийн тухай хуулийг батлан гаргаж, энэхүү сангаар дамжуулан Эрдэнийн хувь, Эх орны хишгийг олгохоор эрхзүйн орчин бүрдүүлсэн. Харин энэ хоёр амлалтын хувьд биелэлт нь тэнгэр газар шиг зөрүүтэй байгаа нь анхаарал татаж байна. АН-ын амласнаар иргэд “Эрдэнэс-Тавантолгой” төрийн өмчит компанийн 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшихээр боллоо.  Хүмүүс хувьцааны үнэ цэнэ, хөрөнгийн зах зээлийн ашиг тусыг одоо бас ч гэж ойлгодог болж байна. Яг энэ жишгээр стратегийн ордуудаас монгол хүн бүр ашиг хүртэх үүд үүгээр нээгдлээ. Эх орныхоо хөрсөн доорхи баялагт монгол хүн жинхэнэ утгаараа эзэн нь байх боломжийг АН-ын 100 хувь биелсэн амлалт олгож байгааг онцлох ёстой. МАН-ын 1.5 саяын амлалт тун хэцүүхэн байдалтай байгаа. Хамгийн сүүлд ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөгийг бэлнээр олгоно гэж мэдэгдсэн боловч ахмадуудын гар дээр ердөө 330 мянган төгрөг л тавилаа. Тэгэхдээ улс орондоо хийдгээ хийчихсэн хэдэн хөгшчүүлийг хот, хөдөөгөөр нь ялгаварласан нь олон хүнд таалагдсангүй. Хотын ахмадууд 330 мянгадаа өдөржин оочерлож байхад хөдөөгийн буурлуудад энэ мөнгө очсонгүй. Өмнөх сонгуулиар амласан мөнгөө   дараагийн сонгууль дундаа орж явахад өгөөгүй хэрнээ бид амлалтаа биелүүлсэн, зөндөө ихийг хийлээ гэж сурталчлах нь шударга явдал яавч биш. Биелүүлж чадаагүй амлалтаа биелсэн мэт болгож харагдуулах гэж бачимдахдаа эрх баригчид хөгөө хөлдөө чирч орхив. Сонгогчид тэнэг биш шүү дээ. Нэг саяын амлалтыг 330 мянгаар хааж болохгүй гэдгийг Долоон буудлын Долгор эмээ маш сайн мэднэ. Тал еэвэнгийн үлгэр шиг хөгийн л юм болж байна.

Төрийн ялгаварлах бодлого ганцхан ахмадуудыг ч дайрсангүй. Оюутнууд санхүүгийн хэрэгцээнээсээ болоод Тавантолгойн ордоос хувьцаа эзэмших эрхээ автоматаар хасуулчихлаа. Тэдэнд сургалтын төлбөр болгож хоёр удаа 500 мянган төгрөг олгосон болохоор хувьцаа эзэмших эрх өгөхгүй гэнэ ээ. Ингэж иргэдээ ялгаварладаг төр засаг байж болох уу. Оюутан болж сурч мэдэхийн хязгааргүй хүсэлд умбаж яваа нь энэ залууст буруу байхгүй шүү дээ. Энэ залуучууд эрдэмд боловсорч гүйцээд нэг л өдөр улс эх орныхоо хөгжлийн залуурыг атгана. Амласан мөнгөөр нь хуулиар нээж өгсөн боломжийн дагуу сургалтын төлбөрөө даалгасны төлөө эх орныхоо стратегийн ордуудаас хувь хүртэх эрхээ бүрмөсөн хасуулна гэдэг энэ цагийн чимээгүй хэлмэгдүүлэлт болчихсон юм биш үү. МАН-аас ингэж асуух эрх сонгогчдод бий. Ам алдвал барьж болдоггүй гэдэг. Ер нь өрсөлдөгчөөсөө илүү гарах гэж ямар ч тооцоо судалгаагүй амлалтын горыг оюутнууд гэлтгүй нийгмээрээ дөрвөн жил амслаа. 21 настай шижигнэсэн сайхан  залуу ажил хөдөлмөр хийхийн оронд сар болгон 21 мянган төгрөгт оочерлохыг илүүд үздэг болжээ. Энэ хөгжил биш, харин мөхөл.

Б.Түвшинтөгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top