Өнгөрсөн ням гаригт хилийн чанадад суугаа Монгол Улсын иргэд анх удаа 2012 оны УИХ-ын сонгуульд саналаа өгчээ. Гадаадад 130 гаруй мянган Монголчууд ажиллаж амьдардаг гэсэн тооцоо байдаг ч үүнээс 30 гаруй мянга нь шинэчилсэн бүртгэлд хамрагджээ. Гадаадад байгаа иргэд саналаа өгөхөд хүндрэлтэй байгаа талаар өмнө нь ярьж байсан бөгөөд хоёр удаа ЭСЯ-нд очиж бүртгүүлэх ажлыг нэг болгож хөнгөвчилсөн билээ. Энэ удаа гадаадад нийт 4320 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлсэн аж. Гэвч 44 сонгогчийн мэдээлэл Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт очоод бичиг баримтын зөрчилтэй гэдэг шалтгаанаар хасагдаж сонгуульд 4276 сонгогч саналаа өгөхөөр болжээ. Одоогийн байдлаар санал хураалт явагдаж дууссан бөгөөд нийт 2777 сонгогч саналаа өгсөн байна.
Ази, Европи болон хөрш орнуудад суугаа сонгуулийн салбар хэсгүүдэд ажилласан ажиглагч нар санал өгсөн хүмүүсийн дунд тандалт судалгаа явуулахад саналаа өгсөн иргэдийн дийлэнх нь Ардын намыг дэмжсэн бололтой. Хэдийгээр гадаадад буй хүмүүсийг Ардчилсан намыг дэмждэг гэж ярьдаг боловч үнэн хэрэг дээрээ аль нам улс эх орныг авч явах тулхтай, чадвартай вэ гэдгийг гадаадад байгаа монголчууд илүү мэдэрч байгаа нь харагдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )