Д.Сумьяабазар аварга болдог жилээ барилдахгүй хэмээн гүрийжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Д.Сумьяабазар тухайн үед шуугиулж байсан зургаан залуу заанаас хамгийн түрүүнд улсын наадмын үзүүр түрүүнд хүрсэн бөх. 2002 оноос машины наймаагаар бизнесээ эхэлж байсан аварга маань 2006 онд Үндэсний Хөрөнгө оруулалтын Банкийг байгуулж Төлөөлөн удирдах Зөвлөлийн даргаар сонгогдсон нь бэлтгэлээр хичээллэн бөхчүүдтэй барилддаг аваргыг бичиг цаастай зууралдаж, тоо тооцоотой ноцолддог болгочихжээ.

Ингээд 2006 оны улсын их баяр наадмаар зодоглох тал дээр асуудал үүссэн байна. Аваргын хувьд Банкны оффистоо цаас шагайж өдөр шөнөгүй суусаар барилдааны бэлтгэлээ хангалттай хийж чадаагүй хэмээн шалтаглан барилдахаас татгалзахад аав Д.Долгорсүрэн заан загнаж байгаад хүчээр барилдуулжээ. Ийнхүү 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор түрүүлэн аварга болж, аавынхаа магнайг тэнийлгэж, ард олноо баярлуулсан билээ. Түүнийг түрүүлэхэд цэнгэлдэх даяар “Аварга, аварга” гэж бүгд нэгэн хүн шиг нүргэлэн хашгирч байсныг тод санаж байна. Энэ бол монгол бөхийн түүхэн дэх нэгэн онцгой түүхэн агшин байсан. Зөвхөн Сумьяабазарын төлөө л тэр үед бүх хүн нэгдэн “Аварга” гэж хашгирч чадах байсан үе билээ.

 Хэрэв нэг талаас аав нь загнаж байгаад хүчээр барилдуулаагүй бол, нөгөө талаас Д.Сумьяабазар аавынхаа үгэнд ийм үлгэр жишээ ордог сайн хүү байгаагүйсэн бол бөхөө дээдэлдэг Монголын ард түмэн нэгэн сайхан залуу аварга төрөхийг үзэхгүй ч байж болох байсан.

Эцгийнхээ тээврийн зам дагасан амьдралын анхны гарааны цэг болох Сонгинохайрхан дүүргийн Толгойтын тойргоос 2008 онд нийслэлийн ИТХ-д сонгогдож, дүүргийнхээ иргэдийн төлөө өөрийнхөө чадлаар, сэтгэлээр зүтгэж ирснийг сонгогчид нь үнэлж ихээхэн ам сайтай байна.

Тэрээр энэ удаа Сонгинохайрхан дүүргийнхээ ард олны сайн сайхан амьдралын төлөөх үйлсэд хувь нэмэр оруулахаар зоримог улс төрийн шийдвэрийг гарган, УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр МАН-аас нэр дэвшсэн билээ. Аав, ээж, ард түмэндээ арван жил хүлээсэн аварга цолыг авчирч чадсан юм чинь, ард түмнийхээ төлөө, Сонгинохайрханчуудын сайн сайхны төлөө зохих хувь нэмрээ оруулж баттай чадна гэж түүнийг сонгогчид нь итгэл дүүрэн сэтгэлээр үнэлж байгаа юм.

Аливаа зүйлд түрүүлж хөдөлж, түрүүлж дуугарч, хаашаа ч хамаагүй цойлж давхиад байхыг хүсдэггүй, бас хойш суугаад буруу, болохгүй зүйлтэй эвлэрээд, дагаж намираад байхыг боддоггүй хувь хүний чанартай тэрээр Монгол улс хөгжих ёстой, бизнес хийж байгаа хүмүүсийн эрх зүйн орчинг сайжруулах учиртай гэж бодон түүнийхээ төлөө зүтгэхээр сэтгэл шулууджээ.

2008 оноос МАН-ын Бага хуралд сууснаар их олон зүйлийг мэдэж аван, олон сайхан, ухаантай, хүлээцтэй залуучуудаар найз нөхдийнхөө хүрээг өргөжүүлсэн байна.  Мөн НИТХуралд дөрвөн жил ард түмний төлөөлөл болон амжилттай ажилласан нь түүнийг зөвхөн аварга бөх төдийгүй нилээн чамбай бизнес-улс төрийн хүн болсныг тодхон харуулж байна.

Их спортод зүтгэсэн он жилүүдэд өөрөө өөрийгөө  ялж амжилтад хүрч чадсан тэрээр хүн олныхоо төлөө сэтгэл гаргаж чадахаар хатуу хөтүүг туулж, ган болд мэт хатаагдан ширгээгдсэн,  амьдралын туршлагатай нэгэн болж чаджээ.

 

Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top