Үндэс сайтай нум дэлээч мод

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


“Нум дэлээч” нэртэй нэгэн гайхамшигтай мод Засагт хан аймгийн Засагт ханы хошуу, алдарт Бурхан буудай уулын өөдөөс харсан хөндийд эрт дивангарын цагт ургажээ. Хөвчийг нь татаж нумаа харвахад бэлэн болсон нумчингийн дүрстэй учраас тэр модыг “нум дэлээч” гэж эцэг өвгөд нэрлэжээ. Бүдүүн мөчрүүд нь махиралдан дэлсэн нум сум шиг хэлбэртэй ургасан тэр модноос холгүй бас Бугын толгойт гэдэг нэртэй газар байдаг нь сонин.
Нумаа дэлж, сумаа тавиад буга намнаж байгааг санагдуулам тэр нутгийн баруун хойд уруу бас Гүү бариач гэдэг нэртэй газар бий. Нумаа дэлж, бугаа намнаад, гүүгээ барьж айргаа ууж явсан эртний монголчуудын аж байдлыг санагдуулах энэ нутаг бас нэг юмаараа өнөө үед аль ч газартай зүйрлэхээргүй онцлогтойн талаар яривал энэхэн хавиас Монгол Улсын цэргийн алдартай жанжнууд төрдөг ажээ.
Найман зуугаад жилийн тэртээд их эзэн Чингис хаан өөрийн дайчин нөхдийн дотроос хамгийн түрүүнд “Гоо ван” цол олгож, хамгийн ээдрээтэй хязгаар болох Нанхиад газрыг захиран түвшитгэхээр илгээсэн бөгөөд түүнийг Мухулай гэдэг жалайр хүн байсныг түүх гэрчилдэг. Жалайруудын ихэнх хэсгийг Чингис хаан баруун замын байлдаанд илгээсэн бөгөөд тэд өнөөгийн Дундад Ази гэгдсэн уудам их нутгийг байлдан дагуулж, улмаар Мисир, Сири хүртэл аян дайн хийхэд гол хүчин болж, 1336-1411 он хүртэл 75 жилийн турш Жалайруудын эзэнт улсыг Багдад, Тебриз төвтэйгөөр байгуулан удирдаж байсан түүхтэй юм.
Тэр хүртэл Цагаадай, Хүлэгийн эзэнт улс тэр ч байтугай Бабурын Их могол улсад жалайрууд цэрэг дайны гол хүч байсан ажээ. Түүхийг бяцхан дурсахын учир нь эзэн Чингис хааны тэнгэрт хальсны дараа Хан тайшир уулын ар өвөрт цэргийн харуул суулгасны арван нэгэн отгийн нэгэн томоохон нь жалайрууд байсан бөгөөд тэд дээр дурдсан Нум дэлээч нутагт оршин сууж байжээ. Тэр тойргоос л ХХ зууны Үндэсний болон Ардын хувьсгалын жанжнууд төрж гарсан ажээ.
Анхны жанжин (генерал) бол Нийгмийг аюулаас хамгаалах яамны дөрөвдэх генерал, сайд Дашийн Цэдэв агсан билээ. Түүнээс хойш тоолбол гарын таван хуруунд багтахааргүй генералууд төрж Улсыг батлан хамгаалах болон Нийгмийг аюулаас хамгаалах яамыг ч удирдаж байлаа. Генералуудын үе залгамжлахад бэлхэн хурандаа нар ч мөн тэр нутгаас төрж өсөөд одоо бас л тоолбол гарын таван хуруунд багтахааргүй болжээ... Гэтэл саяхан Батлан хамгаалахын сайдаар Жадамбаагийн Энхбаяр гэдэг залууг Улсын Их Хурал батлав. Тэгтэлчиг зарим хэвлэл сонин шуугиан дэгдээв. Бахархлын биш атаархлын бас ашиг сонирхлын захиалгат шуугиан гэдэг нь хэнд ч илэрхий байлаа. Жаал хүүхдийг сайд болголоо гэх маягаар зарим нь орилолдов. Гэтэл тэр нь хүүхэд биш, Монгол Улсын Их хурлын гишүүн хүн байлаа. “Паскалийн хууль” гэж алдаршсан хуулийг нээсэн Паскаль шиг 16 настан биш байлаа.
Зуун дамжин хэрэглэгдэж байгаа Брайлийн цагаан толгойг зохиосон Луи Брайль шиг 16 настан биш байлаа. Сургуулиа дуусгалгүй гарсан хүүхдийг сайд болголоо гэх шиг зарим нь урвалзав. Гэтэл тэрбээр Япон, Голланд зэрэг өмнөх тогтолцооны үед мөрөөдөх аргагүй байсан тэр орнуудад хоёр ч сургуульд суралцаж, бизнесийн удирдлагын мастер цол хамгаалсан нэгэн байлаа. Цэргийн мэдлэгийг нь ч өөлөх маягийн санааг ашиг сонирхлын зөрчилтөнгүүд нуусангүй. Гэтэл түүний, Энхбаярын эцэг нь дэслэгч генерал бөгөөд Батлан хамгаалах яамны сайд хүртэлх өндөр оргилд гарахдаа ердөө л Говь-Алтай аймгийн Баян сумын дөрвөн жилийн бага сургууль төгсгөөд, хөдөө малчин болж хорин нас хүртлээ мал малласан тэр цэг дээрээс эхлээд цэргийн алба хаасан жилүүдэд цэргийнхний ярьдгаар “Сразу майор” (шууд л хошууч) болно гэдэг шиг нэг албан тушаал дээр нэгээс хоёр жил есөн cap ажиллаад л албан тушаал дэвшиж, элссэн бүх сургуулиа онц дүнтэй төгсгөсөн ховорхон генерал юм.
Яагаад цэрэгт алба хаагаагүй атлаа цэрэг, Батлан хамгаалахын сайдад суга дэвшсэн хүүгийн нь талаар ярихдаа эцгийнх нь тухай дурдахад хүрэв ээ гэвэл “Уг сайт хүний үр, сүү сайт гүүний унага” гэж монголчууд ярьдгаас үүдэлтэй хэрэг. Нөгөө талаар үндэс сайтай мод нум дэлээч нутгаас олон генерал төрсөөр буйг дурдах болсны учир билээ. Нум дэлээч нутгаас төрсөн алдар цуут генералуудын нэг Жадамбаа бол Жалайрын Гоован Мухулай жанжны удмын хүн, зургаан хүүгээ зургууланг нь эр цэргийн алба хаалгасан малчин Сэрээдоогийн Шагалын тавдугаар хүү бөгөөд Гурван Улиастайн голын Дунд Улиастайд дуугаа хадаан эхээс төрсөн хүн юм.
Хэдийгээр түүний дөрөвдэх хүү Энхбаяр нийслэл хотод төрсөн боловч өвөг дээдсийнхээ өлгий нутаг Хар азаргын нуруу, Бурхан буудай уул, Халиуны хөндий, Ентүм хайрхан нутагтайгаа хүйн холбоотой, эрчим хүчний гүйдэлтэй нь юм л бол тэрээр эцэг эхийн төрсөн нутаг өөд тэмүүлдэгт оршдог буйзаа. Зүгээр нэг тэмүүлээд зогсдоггүй нутаг усныхныхаа сайн сайхны төлөө ямар нэгэн буянт үйлс бүтээлийг мөрөөдөж, хийж бүтээж явдаг нэгэн гэдгийг нь хэн хүнгүй мэддэг болжээ. Тэрээр ерийн нэгэн албан хаагч байх цагтаа Алтай нутаг, Халиун сумынхаа хүн ардын төлөө өөрийн сайн сэтгэлээр, хэний ч албадлагагүйгээр онцгой анхаарч, их юм хийж байгааг нь нүдээр үзэж, чихээр сонсоод миний бие нэлээд хэдэн жилийн тэртээд “Төрийн хэмжээнд сэтгэн үйлдэгч” гэсэн нийтлэл бичиж хэвлүүлж билээ.

Тэрхүү нийтлэлд бичихдээ “Тэр одоогоор УИХ-ын гишүүн ч биш, төрийн сайд ч биш, аймаг, хотын Засаг дарга ч биш атлаа тийм алба хэргэмтнээс дутахгүй бүтээлч сэтгэлгээ, идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлж үр дүн гаргаж яваа бүтээлч сэхээтэн ажээ. Түүнийг хэн ч шахаж шаардаагүй, хэний ч өмнө өр төлөөсгүй атлаа алс холын Говь-Алтай аймаг, түүний иргэдийн төлөө санаа тавьж, хүч хөрөнгө зарж, зүтгэл гаргаж яваа нэгэн. Тэгэхдээ бүр төрийн анзаагаар бодож, тус аймгийнхны эрүүл мэнд, боловсролыг нэн тэргүүнд анзаарч, тодорхой зүйл хийж бүтээсээр байна” гээд аймгийн нэгдсэн эмнэлэг, Алтай хотын арван жилийн дунд сургууль зэрэгт түргэн тусламжийн машин, компьютер олгох, сургалт явуулах, кабинет байгуулах, Халиун сумын дунд сургуулийг үлгэр жишээ сургуулийн жишгээр бэхжүүлэх, “Малжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэх, “Оны шилдэг багш” шалгаруулах, биеийн тамир, спорт хөгжүүлэх, ном хэвлүүлэх гэхчлэн өргөн хүрээтэй ажил санаачлан хийж байгааг дурдсан билээ. Түүний үйл ажиллагаа юун түрүүнд хүн ардын эрүүл мэнд, боловсрол хоёрт чиглэдгээрээ онцлог байсан.


Эрүүл байх, боловсролтой болох гэдэг зах зээлийн харилцаатай орнууд, тэрчлэн орчин цагийн хөгжингүй улс орны төрийн бодлогын гол цөм болоод байгаа энэ үед дээр дурдсан хоёр салбарыг “үлдэгдлийн аргаар санхүүжүүлдэг” байсан өмнөх тогтолцооны хоцрогдлоос аль болох хурдан салах ёстойг хамгаас урьд ухаарсан залуу цөөн улстөрчийн нэг нь Жадамбаагийн Энхбаяр гэдгийг хүмүүс танин мэдсэн тул 2008 оны сонгуулиар Говь-Алтай аймгийн иргэд түүнийг Улсын Их хуралд өөрсдийгөө төлөөлөн суух гишүүнээр нэгэн дуугаар сонгожээ. Жадамбаагийн Энхбаяр тэр сонгуулиар сонгогчдоос санал авсан хамгийн өндөр хувьтай гишүүнээр тодорсон нэгэн баримт бол түүнийг сайдын суудалд давхар өргөмжлөхөд хангалттай үзүүлэлт байсан гэж болно.
Удам дамжсан эр цэргийн гентэй хүн гэдгээ нэг жижигхэн боловч дуу алдмаар явдал дээр саяхан Энхбаяр харуулсан юм. Өөрийг нь УИХ-ын гишүүнээр сонгосон Говь-Алтайн малчид “Дөнгөж ботголсон тэмээний маань ботгыг чоно идчихлээ. Ер нь чононд малаа зуулгаагүй малчин айл гэж үгүй боллоо. Манай нутагт чоно, ирвэс хоёр гэж нэг дархлагдсан дайсантай боллоо. Ядаж чонын сүргийг цөөрүүлэх арга байна уу? гэж өгүүллэг тавьсаар (саяхан хүртэл зурагтаар ярьцгааж байна билээ) байжээ. Тэгээд УИХ-ын гишүүн маань чоно авлах ажил зохион байгуулж 250 чоныг “цааш харуулснаа” аймгийн төвийнхөнд тайлагнажээ. Гэтэл мөн л өнөөх “өө сэв эрэгчид” “хайран чоно хядчихлаа” гэцгээн Энхбаярыг “Чоно” цолоор “шагнацгаав”. Гэтэл жил болгоны Цагаан сараас өмнөхөн хил давуулж арав, хориор нь хөлдөөсөн чоныг дамчингууд хориод жилийн турш элдэв аргаар урагш нь зөөж зувчуулсаар байхад хааяа нэгийг нь л гаальчид илрүүлэхээс бус, бусад түшмэд таг чиг л өнгөрдгөөр барахгүй хэн гээч этгээд тийм олон чоно нухаж дамласныг ч олж мэдээлдэггүй өнгөрдгийн цаана хэн нэгэн түшмэд байж л таарна. Ер нь тэгээд дархан цаазтай махчин (ирвэс мэт) амьтдын тоо хэмжээг ч хуульчлах санаачлагыг малчдын эрх ашиг шаардсаар л байна.
1940-өөд онд “Чоно-малын дайсан” гэдэг уриа дэлгэрсэн үед тун ч удалгүй Монгол Ардын хувьсгалт намын, дараа нь төрийн удирдагчаар “суга дэвшсэн” хориод настай Ю.Цэдэнбал “Ардын Үндэсний эрх” сонинд анхныхаа мэдээг “Үлгэртэй авлалт” гэж нэрлээд “Өвөрхангайн Уянга сумын гуравдугаар багийн Батмөнх нарын дөрвөн ард нийлж ихбага чоно 13, мөн багийн Чулуун нарын гурван хүмүүн 12 чоныг тус тус алчихуй! Ардын малын дайсан чоныг энэ мэт устгахаар авлагтун!. Арилгагтун! Цэдэнбал” гэжээ. Энд бүгд нийлээд 25 чоно устгасан амжилтыг Энхбаяр нарын нөхөд 250 болтол нь давуулсан дээд амжилт тогтоосон гэмээр санагдах юун! Малын дайсны тухай яриа бол одоо үед ч урьдын цагт ч тусгаар тогтнолын тухай асуудал байсан, байсаар ч байна. Тусгаар тогтнолыг цэрэг хамгаалдаг гэдэг бол өрөөсгөл ойлголт болжээ. Тусгаар тогтнолын гол хүчин зүйл бол хүн, хүний гол хүчин зүйл бол хүнс, хүнсний гол хүчин зүйл бол мал.
Малгүй байсан бол монголчууд аль хэдийнэ боолын боол болчихсон байх байсан. Мал аж ахуйтайн ачаар монголчууд бусдын царай харахгүй, бусдаас гуйлга гуйхгүй, “амиа” борлуулж, “довоо шарлуулсаар” ирсэн билээ. Малгүй бол хүнгүй гэсэн үг. Хүнгүй бол тусгаар тогтнолгүй гэсэн үг. Эзэгнэх хүнгүй бол газар нутаг хэчнээн их ч гэсэн юуны хэрэг. Тэгэхээр хүнтэй байхын гол болзол нь эрүүл мэнд, эрүүл мэнд байх ын гол болзол нь эрүүл хүнс тэжээл. Эрүүл хүнс тэжээлийг эрүүл мал аж ахуй өгнө. Тэгээд ч хүний эмч хүнийг эмчилнэ. Малын эмч хүн төрөлхтөнг эмчилнэ гэсэн сургаалтай билээ. Эрүүл бөгөөд боловсролтой ард түмэн хөгжинө. Тусгаар тогтнолоо хамгаалж чадна. Энэ бас орчин үеийн цэргийн номлолын нэг гол гаргалгаа. Тиймээс ч “Ургамлын сайхан цэцэгтээ, улсын сайхан цэрэгтээ” гэдэг цэцэн үгийг монголчууд хэлдэг. Ард түмний маань цэцэг болсон идэр залуусын эрүүл мэндийн байдал жил бүрийн цэрэг татлагын үеэр ойлгогддог болсон.
Харамсалтай нь эрүүл мэндээр цэрэгт тэнцэхгүй залуусын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа нь гунигтайгаар барахгүй үндэстний хувь заяанд санаа зовох асуудал юм. Хоёрхон жилийн тоог аваад үзэхэд 2005 онд эхний ээлжийн цэрэг татлагад 84.3 хувь нь бүртгэгдсэн залуусаас 42.7 хувь нь эрүүл мэндээр тэнцээгүй бол дараах жил 2006 онд намрын цэрэг татлагаар нийслэлийн ганц Сонгинохайрхан дүүрэгт гэхэд л залуусын 80 гаруй хувь нь эрүүл мэндээр тэнцээгүй байх жишээтэй. Ийм байдалд хүмүүсийн эрүүл мэндийн төлөө санаа тавьдаг сэтгэлгээтэй Жадамбаагийн Энхбаяр сайд дүгнэлт хийж, ихийг бодож төлөвлөж байгаа нь мэдээж. Саяхан Говь-Алтай, Завхан аймагт зохион байгуулсан цэргийн үзүүлэх сургууль ч гэсэн залуучуудад хүмүүжлийн дууриалтай ажил болсон биз ээ.


Орчин үеийн батлан хамгаалах бодлого нь буудалцах дайтах явцуу ойлголт, гаднаас ирэх довтолгоог сөрөн зогсох хуучин үзлийг огоорч, дотроос нь задлан бутаргах аргаар улс орнуудыг тогтворгүй байдалд оруулах, тусгаар тогтнолыг хохироох, өөр хооронд нь эвдрэлцүүлэн өөрсдийнх нь гараар могой бариулах, эдийн засгийн болон хөгжлийн сул тал, цоорхойг нь ашиглан түүгээр дамжуулж эзэрхэх, бизнесээр даяар шуулах замаар хараат болгох, хүнсний зүйлээр амтшуулах, “гэмгүй царайлсан” эдийн засгийн түрэмгийллээр дагуулах гэхчилэн нарийссаныг Африк, Арабын орнуудын өнөөгийн бэлээхэн байдал харуулсаар бас манай улсад ч “нийгмийн халдварт улс төрийн энэ өвчний” шинж тэмдэг мэдрэгдэж эхлээд буй нөхцөлд Маастрихт (Голланд өвчин гарч дархлаажсан, бас Европын холбоо байгуулах шийд гаргасан газарт)-ад менежментийн их сургууль дүүргэж, бизнесийн удирдлагын мастер цол хамгаалсан залуу хүн Монгол Улсын Батлан хамгаалахын сайдаар тавигдсан нь “нүдээ олсон” томилгоо гэж болно.
Бараг 40 шахам жилийн турш ардын цэрэгт жагсаалын цэргээс дэслэгч генерал, Батлан хамгаалахын сайд хүртэл өндөр албыг хаасан эцэг Жадамбаагаасаа хүү Энхбаярынх нь ялгаа бас давуу тал гэвэл, нэгд тэрээр эцгийнхээ мэдлэг, туршлага, эх оронч үзэл санааг хар багаасаа тусган авч, зүрх сэтгэлдээ шингээсэн, хоёрт, эцгийнхээ сурч амжаагүй хэл эзэмшиж, очиж суралцаагүй улс оронд хүрч, мэдээгүй зүйлийг нь мэдэж, аваагүй цолыг нь авсан, гуравт, гаалийн болон мэргэжлийн хяналтын удирдах албыг хааж үзсэн, дөрөвт, эцгийнхээ хүртсэн дэслэгч генерал цолтой биш мөртлөө эцгийнхээ 1990-1996 онд алба хаасан сайдын суудалд УИХ-ын гишүүний давхар албатайгаар өргөмжлөгдсөн хүн юм. “Аавынхаа гэгээн дурсгалд номон хөшөө босгох нь үр хүүхэд бидний ариун үүрэг, түүний амьдрал, ажил, үйлсийг үргэлжлүүлж буйн илэрхийлэл” гэж Жадамбаагийн Энхбаяр эцэг, дэслэгч генерал Жадамбаагийнхаа туурвил, намтар түүх, хэлсэн үг, дуртгалын эмхэтгэл дөрвөн боть номын өмнөх үгийг эхлээд “Уншигч танаа өргөн барьж буй энэхүү бүтээлээр аавынхаа ажил, амьдралын эгэл жирийн цадиг түүхийг өгүүлснээс гадна Монгол Улсын түүхийн нэгэн жарны хугацаан дахь нийгэм, эдийн засгийн эрс тэс өөрчлөлт, шинэчлэлтийн үе дэх батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагаанд болон армийн бие бүрэлдэхүүний амьдралд оруулсан хувь нэмрийг нь түүхэн баримт, эх сурвалжид түшиглэн эрдэм судлалын өндөр түвшинд бүтээсэн...” гэж дурджээ.  (Монгол Улсын төр, цэргийн зүтгэлтэн, дэслэгч генерал Шагалын Жадамба I-IV боть, I ботийн 7-8-р тал) Монголын орчин үеийн цэргийн нэрт жанжин дэслэгч генерал Шагалын Жадамбаа эцгийнхээ тухайд энэхүү дөрвөн боть номыг санаачлан хүч, хөрөнгө зарж хэвлүүлснээрээ Жадамбаагийн Энхбаяр эцэг үрийн элбэрэл журмыг сахигч төдийгүй Монголын орчин үеийн ардын цэрэг, батлан хамгаалах үйлсийн түүхийн нэгэн чухал бүлгийг бичүүлж, өнөө хойч үеийнхэнд өргөн барьжээ. Жадамбаагийн Энхбаярыг жирийн нэгэн албан хаагч явах цагт нь “төрийн хэмжээнд сэтгэн үйлдэгч” гэж тодорхойлсон минь онож дээ гэж бодохын хамт тэр өгүүллийн эцэст “Жадамбаагийн Энхбаярт сайн морь өгвөл тэр хол явнаа” гэж бичсэн ёсоор минь олон түмэн, төр, засаг сайн морь өгч цулбуурыг атгууллаа. Сүүгээр мялаая, дөрөөг нь!

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Л.Түдэв

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(37.59.162.218) 2014 оны 06 сарын 21

Wonderful exlonaatipn of facts available here.

0  |  0
Top