Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Байгууллагуудын Үндэсний Холбооны Уриалга

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


Тал шигээ уужим сэтгэлтэй, тэнгэр заяат Монголчууд аа

Та бүхэндээ хандаж байна, хүсэж байна, итгэж байна.

Хандаж, хүсэж, итгэхийн учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд бид ч бусдын адил амьдрах гэсэн юм. 

Одоо Монголд амьдарч байгаа 130 гаруй мянгаад хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдүүд нь бусдын хандлага, орчны хязгаарлалтын улмаас өдөр тутмынхаа амьдралд түмэн бэрхшээлтэй учирч, тэдний эрх зөрчигдсөөр байна.

Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өвчтэй, согогтой, ямар ч чадваргүй хүмүүс, тэднийг зөвхөн халамжлах ёстой гэсэн буруу ойлголт, хандлагад тулгуурласан  төрийн оновчгүй бодлогын үр дагавар юм. Үүний улмаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, хамгаалахад ач холбогдол бүхий олон хуулиудыг бүрэн гүйцэд шинэчлээгүй, зарим нэгэн хуулинд өөрчлөлт орсон боловч тэр нь хэрэгждэггүй, ерөнхийдөө хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах хууль зүйн, эдийн засгийн, нийгмийн үзэл санааны баталгаа бүрэн бүрдээгүй байна.  

Хэрэв зээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралыг сайжруулъя гэвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хүний эрхийн субъект гэж үздэг хандлагыг төлөвшүүлж, түүнд тулгуурлан төрийн бодлогыг шинэчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төрийн үйлчилгээг оновчтой болгох шаардлагатай байна.

Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралд шууд болон шууд бусаар нөлөөлдөг авилгал, хээл хахууль, хүнд суртал, ажилгүйдэл, ядуурал, хариуцлагагүй байдал зэрэг нийгмийн гаж үзэгдлүүдийг устгах хэрэгтэй юм.

Энэ бүхнийг 20 гаран жил төрийг ээлжлэн барьсан улс төрийн хүчнүүд, улс төрчид хийж чадахгүй гэдэг нь нэгэнт тодорхой боллоо.

Ийм учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэд бид шинэ улс төрийн хүчнийг, шинэ улс төрчдийг хүсэж байна.

ИЗННам нь 2000 онд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг анх удаа УИХ-д нэр дэвшүүлж байсан бөгөөд 2012 онд ахин дэвшүүлж байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бусдын адил гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагийн маш том илрэл гэж үзэж байгаа билээ.

Нэгэнт тэр хүний эрхийг хүлээн зөвшөөрч байгаа учраас түүний эрхийг хангах, хамгаалах бодлого явуулна гэсэн үг.  Энэнд бид бат найдаж байна.

Иймээс сонгогч та бүхнийг бидний асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлж, ИЗННамаас 2012 онд сонгуульд нэр дэвшигчид, тэдний дунд яваа манай хүмүүсийн төлөөлөл, дуу хоолой нь болсоор ирсэн “Салхич шувуу” төвийн захирал, багш сэтгүүлч Д.Бадамхандыг дэмжихийг уриалж байна.

 

Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын Үндэсний  холбоо,  Орон нутгийн салбар зөвлөлүүд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top