Дарханы босоо аваргууд

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


Дархан-Уул аймагт сонгуулийн тулаан энэ жил ширүүхэн өрнөж буй. АН-аас нэр дэвшигч Г.Гантулга хэдийгээр нутаг орондоо нэр хүндтэй ч, алдарт Дашуудын хамсаатан гэдгээр унасан рейтингээ сэргээх гэж үйлээ үзэж явна. Г.Гантулгын дэргэд улс төрд хат суусан УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа ч М.Ичинноровоос хойш сүүлийн жилүүдэд гаднынханд жийрхүү хандах болсон Дарханчуудын арга эвийг олох гэж битүүхэндээ мунгинах янзтай. “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн М.Энхсайханыг  бодвол уг нутгийн унаган хүүхэд Б.Тулга харьцангуй рейтинг өндөртэй яваа гэх. Хийсэн бүтээсэн, хэлсэн ярьснаараа хаана ч босоо байж мэдэх “гаслаа” Ганбаатарыг бол сонгогчид нь аль хэдийнэ гишүүн болчихсон мэт аяглах сонин үзэгдэл бусад нэр дэвшигчдийн зүрхэнд шар ус хуруулж байна. Итгэл үнэмшилдээ тууштай дээр нь аливаад бага зэрэг сэтгэлийн хөөрлөөр хандаад сурчихсан Дарханыхан “ардын хүү” гэдэг имижээр УИХ руу цойлсон Ж.Сүхбаатарыг өдгөө “танихгүй хүн” хэмээн адалж эхэллээ. Дөрвөн жилийн өмнөх хөөрхөн ааштай хүү уулзалт, цуглаан бүр дээр бусадтайгаа хийсэн зүйлийг өөрийн болгон ярьж “би”-ээр өвчилсөн нь ийнхүү түмний дургүйцлийг төрүүлжээ. Дарханы засаг ноёны албыг хаших хугацаандаа асар их бүтээн байгуулалт хийсэн, өдгөө ч засгийн сайдын сэнтийд заларч буй Д.Хаянхярваа бол эндхийхний бахархал. Хүний хуучин дээлийн шинэ нь гэдэг хойно Г.Ганбаатарын урд л гишгэх байх гэсэн ерөнхий таамаг тэнэж явна.

Н.Энгүүн      

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top