Ардчилсан намын дарга Дорнод амагт ажиллалаа
Амьтай бүхнийг тэжээх гэсэн мэт асгарах зуны борооны дараах үнэр тал нутгийн зөөлөн салхиний сэвшээнд хамар цоргино. Энэ жил хур бороо элбэгтэй жил болоод тэр үү Дорнын тал нутаг ногоон торго дэвссэн мэт шинэхэнээрээ харагдах аж. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, түүний зөвлөх С.Отгонбаяр, Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшигч залуусын төлөөлөл Б.Батбилэг тэргүүтэй төлөөлөгчид Монгол орныхоо зүүн хязгаарыг зорьж нартай, хуртай зам туулан Дорнод аймагт үдэллээ.
П.Алтангэрэл, Б.Мөнхцэцэг нараа дэмжиж, намын дарга нь өөрийн биеэр Дорнодод очиж байгааг бодоход Дорнодын Ардчилсан намынхан ч энэ жилийн сонгуулиар өнгөтэй орох нь бараг тодорхой аж. Ардчилсан нам 2012 оны сонгуульд Дорнод аймагт П.Алтангэрэл, Б.Мөнхцэцэг нарыг дахин дэвшүүлсэн. П.Алтангэрэлийн тухайд 2008 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, УИХ-ын гишүүд дотроосоо Дорнодчуудынхаа төлөө хамгийн үр бүтээлтэй ажиллаж байгаа учраас нутгийнхан ам сайтай байдаг юм билээ. Б.Мөнхцэцэгийн тухайд өнгөрсөн сонгуулиар ялалт байгуулаагүй ч гомдохгүйгээр харин ч дахин ирсэн дайчин эмэгтэй. Өмнөх сонгуулиар хамт өрсөлдөөд ялагдсан 13 хүнээс ганцаараа Дорнод аймгийнхныхаа төлөө ажиллахаар сэтгэл шулуудчихаад дахин ирсэн түүнд Дорнодчууд энэ удаа итгэл хүлээлгэх нь дамжиггүй биз ээ.
Зорьсондоо, хэлсэндээ зүтгэдэг ийм л хоёр нэр дэвшигчээ ялалт байгуулахыг ерөөж, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Дорнод аймагт ажиллахдаа ”Монгол хүн” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд П.Алтангэрэл шиг, Б.Мөнхцэцэг шиг тууштай, ашиг сонирхлын зөрчилгүй улстөрчид хэрэгтэй байгааг хэлж байлаа.
Тус нам өнгөрсөн онд ”Монгол хүн 2020” хэлэлцүүлгээ Монгол орны өнцөг булан бүрт хийж, иргэдийн саналыг сонсон, түүнийхээ үндсэнд таван чиглэлтэй ”хүн” гэсэн бодгаль руу чиглэсэн мөрийн хөтөлбөртэй болсон. Энэ нь аль ч намын мөрийн хөтөлбөрөөс илүү бодитой болсон гэж хэлж болно. Энэхүү мөрийн хөтөлбөрийн суурийг тавьсан ”Монгол хүн 20202” хэлэлцүүлгийг мөн л наран ургах зүг Дорнод аймгаас эхэлж байсан аж. Тийм ч болохоор намын дарга Н.Алтанхуяг 2012 оны сонгуулийн өмнөхөн дахин наран ургах зүгт ирж байгаагаа бэлгэшээж, Монгол хүний төлөөх хөтөлбөр биелэлээ олно гэж бодож байгаагаа илэрхийлж байв.
Ажилтай орлоготой Ардчилсан нам
Ардчилсан намын мөрийн хөтөлбөр ”ажилтай орлоготой, аюулгүй орчинтой, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эрх чөлөөтэй монгол хүн” гэсэн таван хэсгээс бүрдэж байгаа. Тэдгээрээс хамгийн чухал нь ”ажилтай орлоготой монгол хүн” хэсэг. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Дорнод аймагт иргэдтэй уулзах үеэрээ энэ тухай хөндөж, иргэн бүрийг ажил хийгээд, авсан цалин нь амьдралд нь хүрэлцэхүйц болгохын төлөө Ардчилсан намын бодлого чиглэж байгааг ярьж байлаа. Гэхдээ үүнийг уриа лозунг төдийхнөөр бий болгохгүй. Харин Монголын нийгэмд бугшсан хээл хахуулийг эхний ээлжинд үгүй болгох ёстой гэж байв. Тэрбээр энэ талаар ”Бид 2008 онд хамтарсан Засгийн газарт орж, гурван жил гаруй ажиллахдаа ард түмнийхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьж, хамтарсан Засгийн газарт хийх ёстойгоо хийсэн. 2008 оны сонгуулиар бидний амласан иргэн бүртээ газрын доорхи баялгаа үнэ төлбөргүй эзэмшүүлэх зорилго биелж, иргэн бүр хувьцаатай боллоо. Гэхдээ хамтраад хийж болдоггүй зүйл олон бий. Эдгээрийн нэг нь хээл хахуулийг үгүй хийх асуудал учраас хамтарсан Засгийн газраас гарч, хийж чадаагүйгээ хийхийн төлөө бид ажиллаж байна. Өнөөдөр мөнгөгүй жирийн ардад Монголын хууль хатуурхаж, мөнгөтэй хүнд үйлчилдэггүй шударга бус байдлыг бид л үгүй хийх ёстой. Шударга ёс байхгүйгээр хичнээн мөнгөтэй байгаад хэрэг алга. Тийм учраас шударга ёсыг тогтоож, хээл хахуулийг үгүй хийж, Монгол хүн нутагтаа ажил хийж, түүнийхээ орлогоор сайхан амьдардаг болохын төлөө Ардчилсан нам ажиллаж байна. Үүнийг бид олуулаа хамтраад хийнэ. Чадахгүй бол цөөхөн нь хөлжөөд явна. Тиймээс өөрчлөх цаг нь болсон” гэж байлаа.
Эвт шаазгай буга барина гэж ардын зүйр үг байдаг даа. Аливаа зүйлийг нэг хүн ганцаараа, аль эсвэл мөнгөөр бүхнийг бүтээгээд шийдчихгүй. Ердөө эв нэгдэл, эв дүй л бүхнийг бүтээдэг. Тэгвэл Дорнод аймагт Ардчилсан Ардчилсан намаас нэр дэвшсэн П.Алтангэрэл, Б.Мөнхцэцэг нар хамтдаа ялалтад хүрч, хамтын хүчээр нутгаа хөгжүүлэхээр сэтгэл шулуудаад байгаа нь олны нүдэнд ч ил харагдаж байна. Тухайлбал П.Алтангэрэл гишүүн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамт сонгогдсон хоёр гишүүн нь нэг намынх байсан бол ямар их хүчтэй, нэг санаатайгаар нутгийнхаа төлөө зүтгэх байсан бол гэж халаглаж байна лээ. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэдэг шиг эрхэм гишүүн маань энэ удаагийн сонгуульд ч иргэдээсээ нэг л зүйл хүсч байгаа аж. Энэ талаараа тэрбээр ”Б.Мөнхцэцэг маань 20 гаруй жилд улстөрийн тогоонд чанагдаж, залуучуудын байгууллага толгойлж, нийгмийн халамжид ажиллаж байхдаа нэр цэвэр, хамтарч ажиллахад дөхөмтэй хүн. Бид хамтдаа сонгогдвол том бодлого маань хэрэгжинэ. Би Б.Мөнхцэцэггүй бол хэн ч биш, биднийг хамтад нь дэмжиж, Дорнодынхоо, хүнийхээ хөгжлийн төлөө ажиллах итгэл хүлээлгэвэл зүтгэнэ ээ” гэж байв.
Нэр дэвшигч Б.Мөхцэцэг мөн ”Би Дорнод аймгийнхаа төлөө, шударга ёсны төлөө ажиллахаар П.Алтангэрэл гишүүнтэйгээ хамтдаа зүтгэхээр ирээд байна. Өнөөдөр Дорнод аймаг маань ямар байгааг бид бүхэн харж байна. Энд болж бүтэхгүй байгаа бүхнийг бид өөрчлөхгүй бол өөр хэн өөрчлөх вэ, одоо хийхгүй бол хэзээ хийх вэ гэдэг сэтгэлийн үүднээс нутагтаа дахин ирсэн. Бидэнд хамтад нь итгэл хүлээлгэвэл зүтгэлээр хариулах болно” гэж байлаа.
Дорнодын Ардчилсан намын нэр дэвшигчид ийн атгасан гар шиг баг болж ажиллаж байгааг намын дарга ч бас магтаад авсан юм. Намын дарга Н.Алтанхуяг УИХ-ын гишүүн П.Алтангэрэлийн талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажилласан, нутгийнхаа төлөө сайн ажилладаг нөхөр дөө гэж үнэлсэн бол нэр дэвшигч Б.Мөнхцэцэгийг залуучуудын байгуллагыг удирддаж байсан, халамжийн чиглэлээр сайн ажилласан гэж дурдснаас гадна улстөрд дан харчууд биш, эмэгтэйчүүд орох хэрэгтэй байгааг онцолж байв.
Шав хийсэн дэмжлэгүүд
Дорнодод хийсэн энэ уулзалтад бас хэд хэдэн хүн бусдыгаа уриалж сэтгэл хөдлөлөө ч илэрхийлж амжсан. Тухайлбал Ардчилсан намын дарга Н.Алтанхуягмйн зөвлөх С.Отгонбаяр Ардчилсан нам сурталчилгааны ажлаа баруун хязгаараас эхэлж, зүүн хязгаарт ирээд байгаа нь сайхан хэрэг гээд Ардчиллынханд итгэл хүлээлгэхийг хүссэн бол Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшигч Б.Батбилэг Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа П.Алтангэрэл, Б.Мөнхцэцэг нарыг дэмжихийг уриалан, залуучуудын төлөөлөл болж буйн хувьд ”Ардчилсан намд та бүхэн 90 хувь саналаа өгвөл би гарах юм” гэдгээ ч илэрхийлэв.
Харин Дорнод аймгийн залуусыг төлөөлж Г.Мөнх-Эрдэнэ нутагтаа ажиллаж амьдарахыг хүсдэг залуучууд олон байдгийг хөндөн ”1990 оны хувьсгалын үр дүнд залуучууд боловсролтой, итгэлтэй, эрх чөлөөтэй болсон, харин одоо сайхан нийгэм хэрэгтэй байна” гэж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )