Сонгууль хүртэл сонор соргог байгаач, Засгийн газар мэхлэх гэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Би ер нь Ардчилсан нам, энэ Засгийн газар хоёрт  их хайртай хүн. Ямар ч байсан намайг нэг муу ягаан дэвтэртэй болгосон. Ягаан дэвтэртээ 21 мянга, 50 мянга, 70 мянган төгрөг авснаа гарын үсэг зурсан. Дээр нь 1072 хувьцаа авах болж бөөн баяр болж яваа. Эвслийн Засгийн газар байх үед Тавантолгойн орд газраар сурвалжлах ажлаар явж ирээд “Хөрөнгөтэй хүн сайхан юмаа хөрөнгөө эргээд ирлээ” гэж их л олзуурхан тэмдэглэл бичиж их олон хүн уншсансан. Үнэхээр хүн болж төрснийх эх орныхоо баялагаас эрдэнийн хувиа хүртэнэ гэдэг сайхан. Хаа сайгүй байгаа хар шороо \нүүрс\ ноосоо хүртэл  надад оногдох хувийг нь  хүртэх нь бодитой болсныг газар дээр нь очиж харсан нь тэр. Манай гэрийн бүх хүнд 536 дээрээ бас 536 нэмэгдээд 1072 ширхэг хувьцаа бий. Энэ бол надад хүртээсэн эх орны минь баялагийн эрдэнийн хэлтэрхий. Бүгдийг нь нийлүүлээд нэг сая төгрөгт бодож надад өгсөн юм. Энэ бол эвслийн Засгийн газрын түүхэн шийдвэр. Хувьцаа  үнэд орно гэдгийг би баттай мэдэж байлаа. Тийм ч учраас бэлэн мөнгө авахгүй ээ. Хувьцаагаа авна гэж гэр бүлээрээ тохирчихоод байсан юм. Хүүхдүүддээ ч гэсэн таньдаг мэддэг улсад хүртэл та нар бэлэн мөнгөө авна гэж гэнэдэв. Турж үхэхдээ тулаагүй бол наад хувьцаа чинь ирээдүйд “чулуу болно” үнэд орно гэдгийг өнөө хүртэл ухуулсаар яваа. Хувьцаа үнэд орноо.



Монгол орны минь том том эрдэнэсийн ордууд дөнгөж үүдээ нээж байна. Орон нутгийн таван толгойн хувьцаа  100 дахин өссөнийг мэдэх хүн олон. 100-гаа байг гэхэд 20 дахин өслөө гэхэд ганц би 20 сая төгрөгтэй болно. Хүүхдүүдийнхтэйгээ нийлүүлээд би хэнээс ч дутахгүй хөрөнгөтэй болно. Ийм их итгэлтэй байсан юм. Гэтэл Засгийн газар “нохойтоод гарлаа. Хувьцаагаа битгий зар гэж ганц ч удаа ухуулахгүйн цаадах муу залийг ойлголоо. Хэрвээ хувьцааны үнэ өсвөл АН-ын нэр хүнд өргөгдөнө. Одоо дүгнүүлэх гэж байгаа сонгуулийн мөрийн хөтөлбөрт АН амлахдаа иргэн бүрт эх орныхоо эрдэс баялагаас нэг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний “Эрдэнийн хувь” өгнө гэсэн үг цагаан дээр хараар бичигдсэн байгаа. Энэ үүргээ биелүүлсэн. Эрдэс баялагийнхаа 31 орд газраас эрдэнийн хувь болсон мөнгө ягаан дэвтэрт минь нэмэгдээд байх хуультай. Харин МАН бол өнгөрсөн сонгуулиар шууд 1,5 сая төгрөг ямар нэгэн эх үүсвэрээс олж иргэн бүртээ өгнө гэж амласан. Ийм хоёр амлалтад сонгогчид дүн тавих хугацаа сар хүрэхгүй үлдээд МАН ийм ухаан сэджээ. Нүдэнд нь Монголын баялаг, хувьцаагаа 100 мянгаар ч хамаагүй зарчих гэнэн тэнэг ард түмэн харагдсан, гадаадын брокер диллерийн компаниуд саяын сард олноор хувьцаа авна гэж зарлан гарч ирэв. Засгийн газар хаанаас ч юм  мөнгө олж гэнэт 600 мянган төгрөг өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгогчдод хувьцааны үнэ гэж тараах болж байна. Дотоодын компаниуд бүүр даварч 1072 хувьцааг 300 мянган төгрөгөөр авна гээд сууж байна. Засгийн газар ч бас өгсөн хувьцаагаа сая төгрөгөөр авна гэнээ. Оюутны сургалтын төлбөрт хувьцааг 500 мянган төгрөгт бодож хаана гэнэ. Үгүй шүү. Би л лав оюутан хүүхдийнхээ хувьцааг 500 мянга биш ядаж таван сая төгрөгөөр Засгийн газарт өгөөд 500 мянгыг нь сургалтын төлбөрт нь өгнө. Засгийн газар сонгууль ойртох дутам бүр увайгүй аашилсаар байна. Төсвийн мөнгө төрийн сан бүүр өнгөрсөн. Уутыг ч бүүр уруу нь харуулаад сэгсэрсэн л дээ. Бүүр долдугаар сарын 1-нээс хойш амьдрал үргэлжлэхгүй юм шиг аашилж байна. Гадаадын брокерийн пүүсүүдэд ядарсан юмны учир олохгүй иргэдийнхээ хувьцааг худалдаад мөнгө босгож эхэллээ шүү.

“Эрдэнийн хувь“-ийн санаачлагч нь ч, брэнд нь ч АН. Тийм учраас АН-ынхан эл дээрмийг зогсоох үүрэгтэй. Иргэн бүрийн 1072 хувьцааг гадаад, дтооодын луйварчдад хямд заруулахгүй хамгаалах үүрэг тэдэнд бий. Засгийн газрын өөдөөс юм хэлчихдэг таньдаг мэддэг хэдэн гишүүдэд дуулгаж хэл ам таталъя гэсэн чинь сонгууль гээд тойрог руугаа давхиад ухаан алга. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д. Эрдэнэбат, АН-ын намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг нарт Засгийн газар ийм муухай юм хийж ядарсан ард түмнээсээ хувьцааг нь аваад өөртнь эргүүлээд өгөх гэж байна. Та нар дуугараач ээ хэмээн гомдол тавив. Тэд анхааралтай сонссон судалж үзнэ, арга хэмжээ авна гэсэн. Ард түмэн минь сонгууль хүртэл сонор соргог байгаач. Засгийн газар  ядарсан иргэнийхээ 1072 хувьцааг бэлэн мөнгөөр авч мэхлэх дээрээ тулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top