Сонгогчид Хэвлэлийн Хүрээлэнд хандаж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Өнгөрсөн долоо хоногоос сонгогч иргэд УИХ-д сонгогдож байсан болон 2012 онд өрсөлдөхөөр болсон нэр дэвшигчидтэй холбоотой төрөл бүрийн мэдээллийг сонирхож Монголын Хэвлэлийн Хүрээлэнд хандах болжээ. Тус Хүрээлэн 1990 оноос хойшхи 60 гаруй нэр төрлийн сонины бүх дугаарыг багтаасан дижитал архиваас иргэдийн хүссэн мэдээллийг шүүж нийлүүлэх ажлыг тогтмол гүйцэтгэдэг аж.

“Иргэдийн мэдээлэл авах хийгээд мэдэх эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлснээр ардчилалыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор энэхүү "Тогтмол хэвлэлийн дижитал архив"-ыг бүрдүүлэх ажлыг Английн төв номын сангийн дэмжлэгээр бид таван жилийн турш хийж гүйцэтгэсэн” хэмээн мэдээлэл судалгааны албаны дарга Г.Гүнжидмаа ярилаа.

Энд үйлчлүүлж буй зарим иргэний хэлснээр архивт байгаа өдөр тутмын болон 7-10 хоног тутмын сониноос сэдэвчилсэн мониторингийг ямар ч сэдвээр иргэд, байгууллага захиалгаар хийлгэж болдог байна.

Ойрын өдрүүдэд хэн, ямар сэдвээр мониторингийн захиалга ирүүлснийг лавлахад үйлчлүүлэгчдийн захиалгат ажлыг гэрээгээр нууцалдаг тул мэдээлэл өгөх боломжгүй хэмээн тус архивын ажилтан тайлбарласан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top