Жэймс Ходес: Монголын шүүх шударга зарчмыг бүдүүлгээр зөрчлөө

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг шүүх хурлыг ажиглахаар АНУ-аас ирсэн өмгөөлөгч, хуулийн зөвлөх Жэймс Роланд Ходс Монголын шүүхийн байгууллага хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж дүгнэснээ танилцууллаа. Тэрээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эрхийг таван зүйлээр зөрчсөн гэж үзжээ. Нэгдүгээрт, прокурор шүүгчид шууд бичгээр хандаж, Н.Энхбаярыг парламентийн сонгуульд оролцуулахгүй байх зааврыг өгсөн. Шүүгч прокуророос ирсэн захиаг, түүнийг МАХН-ын нэр дэвшигчдийн жагсаалтаас хасахыг зөвлөсөн бичгийн хамт Сонгуулийн Ерөнхий хороо руу явуулсан нь шударга шүүхийн зарчмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл боллоо гэлээ. Шүүгч захидалдаа, яллагдагч нь парламентийн сонгуульд оролцох эрхгүй гэж дүгнэсэн нь шударга, төвийг сахисан шүүхээр хангагдах эрхийг зөрчсөн гэж үзжээ. Хоёрдугаарт, Н.Энхбаяр нь өөрийгөө хамгаалж, өмгөөлөх цаг хугацаагаар хангагдаагүй гэлээ. “Долоон сарын турш мөрдөн шалгасан хэрэгтэй танилцах, шүүх хуралд бэлтгэхэд яллагдагч болон түүний өмгөөлөгчид ердөө 18 хоногийн хугацаа өгсөн. Шүүхийн дарга шүүх хурлыг 2012 оны тавдугаар сарын 28-нд товлосон.Тавдугаар сарын 28-ны шүүх хурлыг зургадугаар сарын 4 хүртэл хойшлуулсан. Н.Энхбаяр өмгөөлөгчдөө хангалттай хугацаа өгөхийг шаардсаар байтал дөнгөж найм хоногийн хугацаа өгч, дараагийн шүүх хурлыг зургадугаар сарын 12 хүртэл хойшлуулсан. Зургадугаар сарын 12-нд яллагдагчийн өмгөөлөгч нь парламентийн сонгуульд нэр дэвшсэн учраас зургадугаар сарын 28-ны сонгууль хүртэл ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Шүүхээс шүүх хурлыг дахин хойшлуулахыг зөвшөөрсөн ч хэт богино хугацаа өгч, зургадугаар сарын 21-нд буюу сонгуулиас долоон хоногийн өмнө товложээ. Туршлагатай өмгөөлөгч ийм хэрэг дээр ажиллахад хэдхэн хоног бус олон сар шаардлагатай” гэж ажиглагч Жэймс Ходс дүгнэлээ.  Гуравдугаарт, Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчилж, дараа нь Монголын хууль болон яллагдагчийг саатуулах хуулийг зөрчин олон хоногийн турш хорьсон. Ингэхдээ сэжигтнийг баривчлах, саатуулагдсан хүн шүүхийн өмнөх үйл явцад бэлтгэх олон улсын бүх стандартыг зөрчсөн. Түүнийг хорьж, саатуулах шүүхийн эхний шийдвэр нь гэр бүл болон өмгөөлөгчөөсөө бараг хоёр долоо хоногийн турш уулзах боломжгүйд хүргэж,  өмгөөлөгч авч, шүүх хуралдаа бэлтгэх боломжийг олгосонгүй. Дөрөвдүгээрт, Н.Энхбаярын анх шатны мөрдөн шалгалтад оролцох эрхийг зөрчсөн. Тавдугаарт, яллагдагч өөрийнхөө эсрэг гэрч, нотолгоог үгүйсгэх, өөрийнхөө төлөө гэрч, нотолгоог гаргаж тавих эрхийг зөрчсөн. Шүүх хурлын турш Н.Энхбаяр өөрийнхөө эсрэг гэрчүүдтэй нүүрэлдэх, өөрийнхөө эсрэг нотолгоог үгүйсгэх, өөрийн нэр дээр нотолгоо гаргах эрхтэй. Гэтэл шүүхийн өмнөх үйл явцад Н.Энхбаяр энэ эрхээр хангагдах боломжгүй байв. Хэрэв яллагдагч өөрийн гэрч нотолгоог гаргаж танилцуулах, мөрдөн шалгах ажиллагааны үеэр хууль зөрчсөн үйлдлүүдийг гаргаж тавих боломжийг нь  шүүхээс хангаж өгвөл  шүүх хурал дээр өөрийгөө хууль ёсоор хамгаалах эрхтэй болох юм гэж олон улсын ажиглагч дүгнэснээ танилцууллаа.

Т.Ялгуун

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top