Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд оролцох Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөр

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Монгол  Ардын  Намын  Бага  хурлын IҮ хуралдаанаар баталсан   Мөрийн   хөтөлбөрийг   Үндэсний    аудитын газраар   хянуулан  гарсан  дүгнэлт,  саналыг  Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн өөрчлөлт          оруулан батлав.

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ МОНГОЛ АРДЫН НАМЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР

   УРИА:           Иргэнд тэгш боломж                                       

Нийгэмд шударга ёс                                      

 Ирээдүйдээ итгэлтэй, элбэг хангалуун амьдралтай, урам зориг бүхий ард иргэдтэй, хөгжингүй Монгол орныг цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилгыг агуулсан шинжлэх ухааны үндэслэл, тооцоо бүхий, хүний аюулгүй байдлыг хангасан, хүн төвтэй, ард түмнээ дэмжсэн Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг  Сонгогч Танд толилуулж байна.

 ХӨГЖЛИЙН ХАРИЛЦАН ШҮТЭЛЦЭЭ БҮХИЙ ДӨРВӨН ТУЛГУУР

 НЭГ. ХҮН-НИЙГМИЙН БОДЛОГО 

 Тогтвортой орлоготой, тохилог орон гэртэй, оюунлаг, эрүүл         Монгол хүний төлөө 

 Хөдөлмөр, нийгмийн хамгаалал 

 Иргэн бүрийг өндөр бүтээмжтэй, цалин хөлс сайтай, тогтвортой ажлын байртай болгоно.

300 мянган ажлын байр шинээр бий болгож, ажилгүйдлийн түвшинг хөгжингүй улс орны түвшинд хүртэл бууруулна.

Монгол орны үйлдвэржилтийн газрын зургийг шинэчилж, 10 мянган үйлдвэр шинээр барина.

Өрхийн аж ахуй эрхлэх, хоршоо нөхөрлөл байгуулахад зориулсан зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.

“Малжуулах сан” байгуулна.

Боломжтой айл өрхийг туслах аж ахуй эрхлүүлэх бодлого хэрэгжүүлнэ.

Алслагдсан аймгуудад хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд бизнесийн илүү таатай нөхцөл бүрдүүлж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.

Сум бүрт жижиг, дунд үйлдвэр, хоршоо, өрхийн аж ахуй үйл ажиллагаагаа явуулах барилга байгууламжийг бий болгоно.

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, сургалт сурталчилгаа, зөвлөн туслах үйлчилгээг орон нутагт нэвтрүүлнэ.

Залуучууд, 40-өөс дээш насныхан, шилжин суурьшигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.

Мэргэжилтэй  ажилчдыг сурган бэлтгэх, мэргэшүүлэх ажлыг хөрөнгө оруулагч, ажил олгогчтой хамтран зохион байгуулна.

Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдээ эх орондоо ирж ажиллахыг урамшуулж дэмжинэ.

Мэргэжлийн сургалтын агуулга, техник, тоног төхөөрөмжийг ажил олгогчийн шаардлагад нийцүүлэн шинэчилнэ.

Дадлагын бааз үйлдвэрүүдийг бий болгож,  үйлдвэрлэлийн сургалт, зайны, онлайн болон шавь сургалтыг  нийгмийн түншүүдтэй хамтран зохион байгуулна.

Иргэдэд мэргэжил олгох, бүтээмжтэй ажиллах ур чадвар, соёл эзэмшүүлэх сургалт, үйлчилгээг өргөжүүлнэ.

Иргэний хөдөлмөрийн харилцаанд оролцох чадамжийг дээшлүүлж, аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд Үйлдвэрчний эвлэл байгуулах, хамтын гэрээ, хэлэлцээрээр цалин хөлс, хангамжаа нэмэгдүүлэх зарчмыг тууштай дэмжинэ.

 Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, дундаж орлоготой хэсгийг нэмэгдүүлнэ. Хүн амын орлого багатай хэсгийг тэтгэж, дундаж орлоготой болгоход тусална.

Байгалийн баялгаас олсон орлогыг зарцуулах асуудлыг ард иргэдийн санал асуулга явуулах замаар шийдвэрлэдэг болгоно.

Хүүхэд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэд зэрэг зорилтот бүлгийг дэмжих бодлого явуулна.

Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг бэлтгэх, боловсруулах, борлуулах малчдын хоршоо,  сүлжээг  татварын бодлогоор дэмжинэ.

Төрийн албан хаагчдын цалинг инфляцийн өсөлтийг бүрэн нөхөх хэмжээнд жил бүр нэмэгдүүлнэ. 

Хувийн хэвшилд ажиллагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох, аж ахуйн нэгж, байгууллага, салбарын түвшинд хамтын гэрээ, тарифын хэлэлцээр байгуулах замаар жил бүр шийдвэрлүүлнэ.

Хөдөлмөрийн хөлсийг цагаар тооцож олгох хэлбэрийг нэвтрүүлнэ.

Хүн амын орлого багатай хэсгийн орлогын албан татварын хэмжээг бууруулна.

Хүн амын өргөн хэрэглээний гол нэр төрлийн барааны үнийг улсын хэмжээнд ижил түвшинд байлгах зохицуулалтын бодлого хэрэгжүүлнэ.

Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сум хөгжүүлэх  зэрэг Засгийн газрын тусгай сангуудаас зээл олгох, зээлийн баталгаа гаргах зэргээр хөдөөгийн иргэд, нийгмийн эмзэг хэсгийн амьжиргааг дэмжинэ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулж, хөдөлмөр эрхлэх бололцоог хангана.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгж байгууллагад урамшуулал олгоно.

 Нийгмийн даатгалын тогтолцоог ажил хөдөлмөрийн онцлогт тохируулан шинэчлэн сайжруулна.

Бүх төрлийн тэтгэврийг инфляцийн түвшинг бүрэн нөхөх хэмжээнд нэмэгдүүлэх арга хэмжээг жил тутам  хэрэгжүүлнэ.

Үнэ, цалингийн өсөлттэй уялдуулсан индексийг тогтоох замаар нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийн зөрүүг арилгана.

Тэтгэврийн зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд уул уурхайн орлогоос хуримтлалын сан байгуулна.

Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг тэтгэврийн даатгалд хамруулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан эрсдэлийн /малын, бичил бизнесийн/ даатгалын тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

Малчдын хөдөлмөрийн онцлогийг харгалзан тэтгэврийн насыг өөрчлөх асуудлыг судалж  шийдвэрлэнэ.

Тэтгэврийн нэмэлт даатгалын тогтолцоо бий болгоно.

2000 оноос өмнө тэтгэврийн шимтгэл төлөөгүй иргэдэд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх нэг удаагийн арга хэмжээ авна.

Нийгмийн халамжийн тогтолцоог боловсронгуй болгож, хүн амын амьдралын баталгааг хангана.

Орлого багатай өрхөд ам бүлийн тоог үндэслэн нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлнэ. 

Орлого багатай өрхийн нийгмийн суурь үйлчилгээнд дэмжлэг үзүүлнэ.

Нярай хүүхэд, өвчтөн, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй  иргэнд олгох тэтгэмжийн хэмжээг амьжиргааны баталгаажих түвшинд хүргэж, эм, хэрэгсэл, асаргаа, сувилгааны зардалд олгох тусламжийг нэмэгдүүлнэ.

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өнчин хүүхдэд олгож буй нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны баталгаажих түвшинд хүргэнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийг бий болгоно.

Аймаг, дүүрэг бүрт сэргээн засалтын төв байгуулна.

Эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, спорт  Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах орчинг бүрдүүлж, өрх гэр,  иргэн бүрт хүрч үйлчилнэ.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өрх айл, иргэн бүрт чанартай, хүртээмжтэй хүргэж, иргэд эмнэлгийн байгууллага, эмчээ сонгон үйлчлүүлэх боломж олгоно.

Нийгмийн эрүүл мэндийн төвийг бүх аймаг, дүүрэгт байгуулж, иргэн бүрийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах тогтолцоог бүрдүүлнэ.

Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах тухай хууль гаргаж, төр, гэр бүл, иргэн бүрийн үүрэг хариуцлагыг сайжруулна.

Эх нялхсын эндэгдлийг тууштай бууруулна.

“Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Хүүхдийн эрүүл мэндийн мэдээллийн сантай болж, 0-18 насны хүүхдийн эмчилгээ оношилгооны төв байгуулна. 

0-5 насны хүүхдийн амбулаторийн эмчилгээний эмийн зардал, хүүхдийн шүдний цоорлын эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын санд хамруулах асуудлыг судалж шийдвэрлэнэ.

Эрүүл мэндийн байгууллагуудыг  нэгдсэн сүлжээнд холбон “Цахим эрүүл мэнд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Түргэн тусламжийн үндэсний сүлжээг бэхжүүлж, аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг иж бүрэн тоноглогдсон явуулын амбулаторитой болгоно.

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг боловсронгуй болгож, иргэдээс гарах эрүүл мэндийн төлбөрийг багасгана.

Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх эрүүл мэндийн салбарын зардлыг 6 хувьд хүргэж, Эрүүл мэндийн даатгалын санг бие даалгана.

Эрүүл мэндийн байгууллагуудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр  эрүүл мэндийн даатгалын сангаас ижил тарифын дагуу санхүүжүүлнэ.

Дотоод, гадаадын тэргүүлэх эмч, мэргэжилтнүүдийн баг бүрдүүлж,  эмчилгээ, оношилгооны орчин үеийн шинэ техник, технологи нэвтрүүлж, эрх зүйн орчин болон ажиллах нөхцөлөөр хангана.

Жил бүр 300-аас  доошгүй их эмч, сувилагчийг өндөр хөгжилтэй орнуудад мэргэшүүлж, дадлагажуулна.

Орчин үеийн оношилгоо эмчилгээний үндэсний төвийг байгуулж, Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй байгаа өвчний нэр төрлийг 50 хувиар бууруулан, гадаад руу явдаг урсгалыг эрс багасгана. 

Сувилагч бэлтгэх тоог жил бүр нэмэгдүүлж, бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагад эмч, сувилагчийн харьцааг 1:3 болгоно.

Эмнэлгийн мэргэжилтнүүдийг жил бүр В гепатитын эсрэг болон улирлын томуугийн дархлаажуулалтад, эрүүл мэндийн ажилтнуудыг эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн үзлэг, шинжилгээнд  хамруулна.

Эрүүл мэндийн ажилтны цалин хөлс, урамшууллыг үйл ажиллагааны үр дүнтэй уялдуулан шинэчлэн мөрдүүлнэ.

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал болон өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээний зардлын зарим хэсгийг эрүүл мэндийн даатгалын санд хамруулах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

Хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бүрдүүлнэ.

Хавдрын зарим тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын санд хамруулах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

Эмийн аюулгүй байдлыг хангаж, иргэдийг шаардлага хангасан чанартай эмээр хангана.

Эм, хүнсний бүтээгдэхүүнийг лабораториар заавал шинжилдэг болно.

Хүрээлэн буй орчны хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг үнэлэх эрх зүйн орчин бүрдүүлж, төрөлжсөн лабораторийг байгуулна.

Архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол ба эрүүл бус хүнсний хэрэглээг бууруулах, бүх нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж, эрүүл мэндийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Стандартын шаардлага хангаагүй архи, тамхи, эм, хүнсний бүтээгдэхүүнийг илрүүлэх, хянах үндэсний хяналтын системийг шинээр бий болгоно.

Спортын материаллаг баазыг бэхжүүлж, тодорхой төрлүүдээр дэлхийн түвшинд өрсөлдөнө.

Спортын материаллаг баазыг бэхжүүлж, олон улсын стандартад нийцсэн гүйлтийн зам бүхий 20-30 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, хотхон байгуулна. 

Сум бүрт биеийн тамир, спортын ил задгай талбай, заал барьж, арга зүйч ажиллуулна.

Өвлийн спортын үндэсний цогцолбор, бүх дүүрэг, аймгийн төвүүдэд спорт чийрэгжүүлэлтийн төв, усан бассейн барьж ашиглалтад оруулна.

Спортын төвлөрсөн арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлж, тив, дэлхийн чанартай тэмцээнийг өөрийн оронд зохион байгуулна.

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, бүх нийтийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлнэ.

Хүн амыг чийрэгжүүлэлтийн сорилд хамруулна.

Нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэлийг хөгжүүлнэ.

Жендэрийн тэгш байдал Эрэгтэй, эмэгтэйчүүдийг нийгмийн амьдралд эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлнэ.

Улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын болон гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах соёлыг төлөвшүүлнэ.

Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, үндэсний тогтолцоог хөгжүүлнэ.

Жендэрийн мэдрэмжтэй бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, жендэрийн дүн шинжилгээ хийх чадавхийг үндэсний болон салбар, орон нутгийн түвшинд бэхжүүлнэ.

Өмчийн болон хөдөлмөрийн харилцаанд эрэгтэй, эмэгтэйчүүдийг адил, тэгш оролцуулах соёлыг хэвшүүлнэ.

Удирдах, шийдвэр гаргах түвшинд болон төрийн албан дахь жендэрийн тэгш байдлыг хангана.

Гэр бүл, хүн амын хөгжил

 Гэр бүл, хүүхдийн хөгжлийг дэмжиж, гэр бүл-нийгмийн үндсэн нэгж байх уламжлалыг бататгана.

Гэр бүлийн хамтын амьдралыг дэмжиж, өрх бүрийг орлоготой, амьдран суух ая тухтай орон гэртэй болгох бодлого баримтална.

Гэр бүл төвтэй бодлого хэрэгжүүлж, орлогын түвшнээс хамааруулан гэр бүлийн гишүүдэд төрөөс дэмжлэг үзүүлнэ.

Үр хүүхдээ эрүүл чийрэг, эрдэм боловсролтой эх оронч үзэл, хүнлэг зан төлөвшилтэй болгон өсгөн хөгжүүлэхэд гэр бүл, эцэг эхийн үүргийг  дээшлүүлнэ.

Иргэн бүр удам судраа дээдэлж, монгол хэл, дэвшилт соёл, уламжлалт ёс заншлаа үр хүүхдэдээ өвлүүлэхийг төрийн бодлогоор дэмжинэ.

Хүүхдийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж, хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Хүүхдийг хоёр нас, ихэр хүүхдийг гурван нас хүртэл асарч буй эх, эцэгт тухайн хугацаанд ажлын байрыг хадгалах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

Хүүхдээ 18 сар хүртэл асарсан хугацааг ажилласан жилд тооцож, нийгмийн даатгалд хамруулна.

Олон хүүхэд төрүүлсэн эх, олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Өнчин, хагас өнчин хүүхдийг халамжлах, боловсрол мэргэжил олгох, ажлын байраар хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Эцэг эхийн сурган хүмүүжүүлэх мэдлэг боловсролыг сайжруулах, гэр бүлд зөвлөгөө өгөх үйлчилгээг буй болгоно.

Үр хүүхдээ ганцаараа өсгөж буй эх, эцгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого баримтална.

Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг баталгаажуулах, орлогыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ.

Бүтээн байгуулалт дагасан шинэ суурьшлын бүсэд ажиллаж байгаа хүмүүсийн гэр бүлийн гишүүдэд зориулсан ажлын байр шинээр бий болгоно.

Хүн ам, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан үндэсний тогтолцоо бий болгоно.

Төрөөс ахмад үеэ дээдлэн хүндэлж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл энх урт насалж, сэтгэл хангалуун, ая тухтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлнэ.

Ахмадуудаа халамжлах “Ач санах хууль”-тай болно.

Ахмад настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх Геринтологийн төвийг мэргэжлийн боловсон хүчин, шинэ байр, орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангана.

Ахмад настанд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, тусламж үйлчилгээ үзүүлэх геринтологийн салбар төвүүдийг аймаг бүрт байгуулна.

Ахмад настнуудыг жилд нэг  удаа  эмнэлгийн үзлэг, оношлогоонд хамруулна.

Ахмадуудад зориулан төрөл бүрийн клуб, чийрэгжүүлэлтийн болон чөлөөт цагийн танхим, өргөө, талбай, цэцэрлэгт хүрээлэнг аймаг, сум, дүүрэг, хороо бүрт байгуулж ажиллуулна.

Олон улсын стандарт жишигт нийцсэн ахмадын асрамж сувиллын газрыг байгуулна.

Ахмадын өдрийн үйлчилгээний төвүүд байгуулж, ахмад настны ар гэр, асран хамгаалагчийг дэмжин, тэдний хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлнэ.

Ахмад настанд зориулсан гэрийн тусламж үйлчилгээг бий болгоно.

Ахмадуудын хэрэгцээ чадамжид суурилсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

Ахмад настныг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, тэдний амьдралын туршлага, мэдлэг чадварыг залуу үеийнхэнд өвлүүлэх зорилгоор ахмад мэргэжилтэн-зөвлөхүүдийн Үндэсний сүлжээг буй болгоно.

Ахмад настанд үзүүлэх нийгмийн халамж, үйлчилгээг сайжруулахад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн нийгмийн хариуцлагыг өндөржүүлж, тэдний үүрэг оролцоог дэмжин урамшуулна.

 Эх оронч, ирээдүйдээ итгэлтэй, боловсролтой, эрүүл чийрэг залуу үеийг төлөвшүүлж, улс орны хөгжилд оруулах хувь нэмрийг дээшлүүлнэ.

Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогыг шинэчилж, залуучуудын асуудлыг гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүд, хүн амын хөгжлийн бодлоготой уялдуулах үндэсний тогтолцоог бүрдүүлнэ.

Сургууль төгсөгчид, цэргийн албанаас халагдагсад зэрэг залуучуудыг ажлын байраар хангах, байнгын орлоготой болгох хөдөлмөр эрхлэлтийн тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Гадаадын их, дээд сургуульд суралцах шалгуур, сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй болгоно.

Залуучуудыг амьдралын зөв дадалд сургах, тэднийг  хөгжүүлэхэд чиглэсэн спорт, аялал жуулчлал, сургалт, амралт, мэдээллийн төвүүдийг аймаг, дүүрэгт байгуулна.

Залуучуудад зориулсан “Залуусын хөгжлийн төв”-ийг нийслэл, дүүрэг, аймаг, сум бүрт ажиллуулна.

Залуучуудын авъяас сонирхлыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр өгөөжтэй өнгөрүүлэхэд зориулсан төрөл бүрийн клуб байгуулж ажиллуулахыг дэмжинэ.

“Залуучууд-орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, нэг гэр бүлд 20-44м2 талбай бүхий орон сууцны хорооллуудыг барьж ашиглалтад оруулна.

“Зөгийн үүр” хөтөлбөрийг өргөжүүлж, гадаадад ажиллаж, амьдарч байгаа боловсрол, мэргэжил эзэмшсэн залуучуудыг эх орондоо ажиллах сонирхлыг төрүүлэхүйц эрх зүй, эдийн засгийн таатай орчинг бүрдүүлнэ.

Хүүхэд залуучуудын техникийн сэтгэлгээ, зохион бүтээх авъяас чадварыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. ”Техник технологийн боловсролын төв” байгуулахыг бодлогоор дэмжинэ.

Хүн амын дийлэнхийг бүрдүүлж буй залуучуудын дунд мэдээлэл солилцох телевизийн суваг, мэдээллийн нэгдсэн цахим хуудсыг бий болгоно.

 Боловсрол, соёл, шинжлэх ухааны хөгжлийн бодлого Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишигт нийцүүлэн сургуулийн өмнөх боловсролын чанарыг сайжруулж, ерөнхий боловсролын сургалтад Кембрижийн стандартыг бүрэн нэвтрүүлнэ.  

Хүүхдийг бага наснаас нь эх оронч, тусгаар тогтнолоо дээдэлсэн, ирээдүйдээ итгэлтэй, урам зоригтой, байгаль орчноо хайрладаг, идэвхтэй бүтээлч иргэн болгон төлөвшүүлэх бодлого хэрэгжүүлнэ.    

Хүүхдийн ясли, сувиллын тоо, хүртээмжийг нэмэгдүүлж, цэцэрлэгийн насны бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулна.

Стандартын шаардлага хангасан барилга байгууламж, сургалтын хэрэглэгдэхүүн, чанартай хоол хүнсээр хангана.

Төвлөрсөн суурин газарт бага сургуулийг бүтцийн хувьд бие даалган хөгжүүлнэ.

Бүх сургуулийг интернэтэд холбож, “Цахим сургууль-Цахим сургалт” хөтөлбөрт нийт ерөнхий боловсролын сургуулийг хамруулна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэргэжлээ өөрсдийн авьяас чадавхи, хүсэл сонирхолдоо нийцүүлэн сонгох чадвар, дадал олгох үйлчилгээг дэмжин хөгжүүлнэ.

Кембрижийн боловсролын стандартыг ерөнхий боловсролын сургуулийн сургалтад бүрэн нэвтрүүлнэ.

Ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны лаборатори, биеийн тамир, техник, технологийн хичээлийн тоног төхөөрөмж, техник хэрэгслэлийг шинэчилнэ.

Хүүхдийн ясли, сувилал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн гадаад орчинг ногоон төгөл болгож, биеийн тамирын талбайг орчин үеийн стандартын шаардлагад нийцүүлэн тохижуулна.

Хүүхдийн ясли, сувилал, цэцэрлэг, сургуулийн болон сурагчдын дотуур байрны хоолны газрын тоног төхөөрөмжийг шинэчилнэ.

Инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй ясли, цэцэрлэг, сургууль, дотуур байрыг боловсон ариун цэврийн өрөө, халуун усны газартай болгоно.

Ерөнхий боловсролын бүх сургуулийн сурагчдыг сурах бичгээр бүрэн хангана.

Багш бэлтгэх сургалтын агуулга, стандарт, технологийг олон улсын жишигт нийцүүлнэ.

Багшийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлж, хөдөлмөрийн үнэлэмжийг нь сайжруулан цалин хөлс, урамшууллын тогтолцоог оновчтой болгоно.

Багшийн мэргэжлийг дээшлүүлэх, хөгжлийг дэмжих “Багшийн ордон”-г аймгуудад  байгуулж, багш, суралцагчдад зориулсан зуны сургалтын бүсчилсэн төвүүдийг өргөжүүлнэ.

Гурван ээлжээр хичээллэж буй ерөнхий боловсролын сургуулиудыг эхний ээлжинд 2 ээлжтэй болгож, зарим боломж нөхцөл бүрдсэн газар нэг ээлжинд шилжүүлнэ.

Албан бус боловсролын үндэсний тогтолцоог бэхжүүлж, зайны, улирлын, нүүдлийн болон цахим сургалтын хэлбэрийг өргөжүүлнэ.

Иргэний насан туршийн тасралтгүй боловсролыг дэмжинэ.

Мэргэжлийн боловсрол, сургалтыг чадамжид суурилсан сургалтын тогтолцоонд шилжүүлнэ. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн захиалгад нийцүүлэн, мэргэжлийн ур чадвартай ажилчдын тоог нэмэгдүүлнэ.

 Мэргэжлийн боловсрол, сургалтын чанарыг сайжруулна.

Мэргэжлийн боловсрол, сургалтын хүрээнд нийгмийн түншлэл, салбар дундын зохицуулалтын бодитой механизм бүрдүүлж, жилд 15 мянгаас доошгүй мэргэжилтэй ажилтан бэлтгэнэ.

Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын хичээлийн болон дотуур байр, дадлагын   газар, лабораторийн хүрэлцээ, хангамжийг сайжруулж, техник, технологийн  шинэчлэл хийнэ.

Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын сургалтын тэтгэлгийг их, дээд сургуулийн оюутнуудад олгож буй үндэсний тэтгэлгийн хэмжээнд хүргэнэ.

Үйлдвэрлэл дээрх мэргэжлийн боловсролын сургалтыг үр дүнтэй зохион байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагад санхүүгийн урамшуулал олгодог болно.

Мэргэжлийн боловсрол, сургалтын өөрийн өртөгт суурилсан төсвийн шинэ загварыг нэвтрүүлж, төсвийн олон эх үүсвэр бүхий санхүүжилтийн орчинг бүрдүүлнэ.

Мэргэжлийн бүх шатны боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрны орчинг оюутны хотхон, тэдэнд зориулсан үйлчилгээний төв болгон тохижуулна.

Дээд боловсролын сургалтын чанарыг дээшлүүлж, улс орны хөгжлийн хэрэгцээнд нийцүүлнэ.

Дээд боловсролын чанарыг дээшлүүлж, иргэд, залуучууд олон улсын жишигт нийцсэн дээд боловсролыг эх орондоо эзэмших боломжийг өргөжүүлнэ.

Дээд боловсролын санхүүжилтийн арга хэлбэрийг сургалтын чанар, үр дүнтэй холбон сайжруулна.

Хөдөө орон нутгаас гадаадын их, дээд сургуульд оюутан суралцуулахад дэмжлэг үзүүлнэ.

Бүсийн төв болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй дээд боловсролын сургалтын байгууллагыг бэхжүүлж, сургалтын чанарыг сайжруулна.

Дээд боловсролын сургалтын байгууллагын багш, эрдэмтдийг гадаадын шилдэг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад мэргэжлийг нь дээшлүүлэх, мэргэшүүлэх, багш, оюутны солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн холбоог сайжруулж, их сургуулиудын бие даасан байдлыг ханган “интерпрейнер”  шинэ бүтэц тогтолцоог дэмжинэ.

Их, дээд сургуулиудын номын сан-мэдээллийн төвүүдийн нэгдсэн сүлжээг бүрдүүлж, техникийн шинэчлэл хийнэ.

Дэлхийн шилдэг их, дээд сургуулийн салбарыг байгуулна.

Нийслэлийн Багануур дүүрэгт “Их, дээд сургуулийн хотхон” байгуулах ажлыг эхлүүлж, бүтээн байгуулалтын ажлын 30-аас доошгүй хувийг гүйцэтгэнэ. 

Их, дээд сургуулийн багш нарын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Их, дээд сургуулийн багш, эрдэмтдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжиж, төслийн  санхүүжилтийг 2 дахин нэмэгдүүлнэ.

Оюутан суралцагчид хичээлийн бус цагаар хөдөлмөр эрхэлж, орлогоо нэмэгдүүлэхийг дэмжих хөтөлбөр, төсөл хэрэгжүүлнэ.

Шинжлэх ухаан, технологи, инновацийг улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөтөч, олон улсад өрсөлдөх хөгжлийн хүчин зүйл болгоно.

Шинжлэх ухаан, технологийн паркийг хөгжүүлж, төр–шинжлэх ухаан–бизнесийн хамтын ажиллагаа, шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулах ажлыг дэмжих эдийн засгийн хөшүүргийг бий болгоно.

Аж ахуйн нэгж байгууллагаас шинжлэх ухаан, технологийн ололт, инноваци нэвтрүүлэх үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалт, хандив тусламжийг татвараас хөнгөлж, чөлөөлдөг болно.

Инноваци, венчур, хөрөнгийн санг бий болгоно.

Оюуны бүтээлийн үнэлэмжийг дээшлүүлнэ.

Эрдэм шинжилгээний байгууллагуудын дэргэд гарааны компаниуд /start-up/-ыг байгуулах замаар салбарын эдийн засгийн өгөөжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ.

Өндөр хөгжилтэй орнуудад бэлтгэгдсэн нарийн мэргэжлийн судлаачдыг эх орондоо ажиллах нөхцөлөөр хангана.

Улсын хөгжлийн стратегийн чиглэлээр дэлхийн түвшинд хүрч тоноглогдсон орчин үеийн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулна.

Шинжлэх ухаан, технологийн салбарын судлаач эрдэмтдийг бэлтгэх, чадавхижуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны лаборатори, туршилтын баазыг бэхжүүлж, эрдэм шинжилгээний ажилтны тоог Азийн орнуудын дундаж түвшинд хүргэнэ.

Шинжлэх ухааны судалгаануудыг төрөөс санхүүжүүлэх төсвийг нэмэгдүүлж олон улсын жишигт хүргэнэ.

Байгаль, нийгмийн ухааны судалгааны үр дүнг төрийн бодлого боловсруулах, үр дүнг үнэлэхэд өргөн ашигладаг болно.

Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

Өндөр технологи дамжуулах төвүүдийг их, дээд сургуулиудыг түшиглэн байгуулна.

Сансар судлалыг хөгжүүлж, үндэсний хиймэл дагуултай болно.

Үндэсний соёл, урлагаа дээдлэн, соёлын өвийг хамгаалах, иргэд соёлын үйлчилгээг жигд хүртэх эдийн засаг болон оюуны тааламжтай орчин, нөхцөлийг бүрдүүлнэ.

Залуу үеийг соён гэгээрүүлэх, эх оронч, хүмүүнлэг, ирээдүйдээ итгэлтэй иргэн болгон хүмүүжүүлэх соёлын бодлого баримтална. 

Соёл, урлагийн салбарт нарийн мэргэшлийн боловсон хүчин дотоод гадаадад бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах, сурталчилах, урлагийн бүтээлийг нийтэд танин мэдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулна.

Монгол үндэсний дэлхийд хосгүй соёл, урлагийн өвийн судалгаа шинжилгээ, арга зүйн лаборатори байгуулж, оюуны шинэ бүтээмж бий болгоно.

Хөдөөгийн иргэдэд үзүүлэх соёл, урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, зайны болон нүүдлийн үйлчилгээг нэвтрүүлнэ.

Дэлхийн жишигт нийцэхүйц мэргэжлийн урлагийн театр, үндэсний номын сан, музейн барилга барина.

Түүхэн уран сайхны бүрэн хэмжээний кино бүтээхийг төрөөс дэмжин санхүүжүүлнэ.

Эх орондоо монгол туургатан болон бүс нутаг, тив, дэлхийн урлагийн наадам, тэмцээн, үзэсгэлэн зохион байгуулахыг дэмжинэ.

Үндэсний соёлоо дэлхийн шилдэг соёлтой хослон хөгжүүлж, ардын урлагийг төрийн ивээлд байлгана.

Сонгодог урлагийн шилдэг бүтээл туурвисан, уламжлалт урлагийг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж буй мэргэжлийн урлагийн байгууллага, уран бүтээлчдийг төрөөс дэмжин урамшуулна.

 Хоёр.  ХҮН-БАЙГАЛЬ ЭКОЛОГИ

Байгальдаа ээлтэй хөгжил, хүндээ таатай орчин

 Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчны бохирдол, доройтлыг хязгаарлан зогсоож, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.

Бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр гаргаж, улс орон даяар хэрэгжүүлнэ.

Байгалийн баялгийн нөөцийг экологи, эдийн засгийн үнэлгээний үндсэн дээр зөв зохистой ашиглаж, экологийн цэвэр түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

Байгаль орчныг хамгаалах, байгалийг  нөхөн сэргээх ажилд иргэн, иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог өргөжүүлж, ажлын байр, иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж, эрх зүй, эдийн засаг, удирдлага зохион байгуулалтыг шинэчлэнэ.

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, дэвшилтэт технологи нэвтрүүлэн доройтсон, бохирдсон орчны нөхөн сэргээлтийг стандартын дагуу иж бүрэн хийлгэж, тухайн газрыг  суурьшлын бүс, бэлчээрийн зориулалтаар ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ.

Байгалийн баялгийн ашиглалтыг сайжруулж, ногоон хөгжил, ногоон эдийн засгийн үндсийг бүрдүүлнэ.

Газрыг ашиглах, эзэмших, өмчлөх харилцааг зах зээлийн эдийн засгийн нийтлэг жишигт нийцүүлэн газрын салбар дундын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, байгалийн бүх төрлийн баялгийг хамгаалах, нөхөн сэргээх цогц бодлогыг хэрэгжүүлнэ.

Усны нөөцийн ашиглалтын нэгдсэн тогтолцоог бий болгоно.

Хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангаж, нийслэл болон усан хангамж дутагдалтай төв, суурин газрыг цэвэр усаар найдвартай хангах шинэ эх үүсвэрийг бий болгоно.

Ой, түүний дагалт баялгийг тогтвортой ашиглах, ойг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлнэ.

Нэн ховор, ховор, аж ахуйн чухал ач холбогдолтой амьтдын тархац нутгийг тусгай хамгаалалтад авч, байгалийн гамшиг, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Бэлчээрийн хэт талхалдлыг бууруулж, бэлчээрийг сэлгээтэй ашиглаж, байгалийн жамаар болон зориудаар нөхөн сэргээх эрх зүй, эдийн засгийн орчин бүрдүүлнэ.

Ахуйн болон аюултай хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр боловсруулан, хог хаягдал, түүхий эд боловсруулах үйлдвэрүүд байгуулна.

Байгалийн нөөцийн хомсдол, байгаль орчны бохирдол, доройтлыг зогсоож, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангана.

Байгаль орчныг бохирдуулсны нөхөн төлбөр болон экологийн татвар, хяналтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, байгальд ээлтэй экологийн цэвэр технологийг дэмжинэ.

Нийслэл болон томоохон хот, суурин газрын агаар, ус, хөрсний бохирдолд тухай бүр мониторинг хийж, олон нийтэд шуурхай мэдээлэн холбогдох арга хэмжээ авч иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг хангана.

Уул уурхайн олборлолтоос эвдрэлд орж орхигдсон газрыг нөхөн сэргээнэ.

Томоохон хот, суурин газрын болон уул уурхайн үйлдвэрлэлийн бохир усыг цэвэршүүлэх, эргүүлэн ашиглах дэвшилтэт технологи нэвтрүүлнэ.

Үйлдвэрлэл болон ахуйн хэрэгцээнд гадаргын усны нөөцийг түлхүү ашиглах бодлого хэрэгжүүлнэ.

Уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөр, цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, ногоон хэрэм үндэсний хөтөлбөр зэргийн хэрэгжилтийг ханган уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулах, байгалийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхийг бий болгоно.

Баг, сум бүр гол, горхи, булаг шандны эх, ундаргыг хамгаалж, хатаж, ширгэхээс сэргийлнэ.

Цаг уурын мэдээллийг өндөр нарийвчлалтай гаргаж, хэрэглэгчдэд шуурхай хүргэн уур амьсгалын өөрчлөлтийн хор хөнөөл, байгалийн гэнэтийн аюулт үзэгдлээс учирч болох эрсдэл, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

Байгалийн сэргээгдэх эрчим хүч, нөөцийг ашиглан сүүлийн үеийн шилдэг техник, технологийг нэвтрүүлнэ.

Ногоон байгууламж, гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэн хүлэмжийн хийг бууруулах ажлыг олон улсын байгууллагын хамтын ажиллагаа дэмжлэгтэйгээр хэрэгжүүлнэ.

ГУРАВ. ХҮН-ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ

 Макро эдийн засаг  

 2016 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 12000 ам.долларт хүргэнэ.

Макро эдийн засгийн тэнцвэрт байдлыг хангасан, хөгжилд  чиглэсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг дээшлүүлнэ.

Төсвийн хариуцлагыг дээшлүүлж, төсвийн хөрөнгө оруулалт болон Хөгжлийн банкны зээл, батлан даалт, дотоод, гадаадын хямд эх үүсвэрээр хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжүүлнэ.

“Ногоон эдийн засаг”  үндэсний хэмжээний бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

Татварын шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 1%-ийн аж ахуйн орлогын татвар бий болгон орлого, ашигтай нь дүйцүүлэн татварын шатлалыг өөрчилнө.

Нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулах босгыг 200 сая төгрөгт хүргэнэ.

Үндэсний үйлдвэрийн хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний (мах, гурил, ургамлын тос, төмс, хүнсний ногоо гэх мэт) нэмэгдсэн өртгийн албан татварыг тэглэнэ.

Өрхийн үйлдвэрлэлийг татвар, зээлийн бодлогоор дэмжиж, дунд орлоготой бүлгийн эзлэх хувийн жинг нэмэгдүүлнэ.

Төсөв, татвар, гаалийн нэгдсэн мэдээллийн ил тод,  нээлттэй систем бий болгож, цахим үйлчилгээнд бүрэн шилжүүлнэ.

Жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо, өрхийн бизнесийг дэмжих зорилгоор улсын төсвөөс олгох зээлийн хэмжээг жил бүр 150-иас доошгүй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, эргэлтийн санг нэг их наяд төгрөгт хүргэнэ.

Засгийн газрын урт хугацаатай бонд гаргах замаар дотоодын хөрөнгийн зах зээлийг дэмжинэ.

Банкны зээлийн барьцааг хөнгөвчлөх арга хэмжээ авна.

Улс орны эдийн засаг, иргэдийн амьдралд шууд нөлөөлөхүйц бүтээгдэхүүний үнийг бодит өртөг, зардалд үндэслэн зохицуулах үр ашигтай механизмыг бүрдүүлж, инфляци, үнийн хэт хөөрөгдлөөс зах зээлийг хамгаалах төрийн бодлого хэрэгжүүлнэ.

Эрдэс баялаг, хүнд аж үйлдвэр

 Эрдэс баялгийн салбарыг алсын хараатай, цэгцтэй бодлогоор хөгжүүлж, эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.

Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах, үндэсний зөвшилцөлд суурилсан бодлогыг боловсруулан хэрэгжүүлнэ.

Ашигт малтмалын тухай  хууль,  эрх зүйн актуудыг дараах асуудлуудаар ард нийтийн өргөн хэлэлцүүлэг, санал асуулга авч шинэчлэн өөрчилнө. Үүнд:

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Засгийн газар олгодог болгоно.

Ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо эдийн засгийн үр ашиг, байгальдаа захирагдах зарчмыг баримталж, орон нутгийн иргэдийн саналыг үндэслэн сонгон шалгаруулалтын зарчмаар шийдвэрлэнэ.

Хуулийн нэг этгээдийн эзэмших лицензийн тоог хязгаарлана.

Шалгуур үзүүлэлтүүдийг шинэчлэн, стратегийн ордуудын жагсаалтыг өргөтгөж, 50-иас доошгүй хувийг нь Монголын тал эзэмшдэг болгоно.

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул, судалгаа хийгдсэн ордуудыг ашиглахдаа төрийн оролцоог 51-ээс доошгүй хувиар тогтооно.

Тусгай зөвшөөрлийг бусдад худалдаж арилжсан орлогоос улс татвар авдаг болно.

Ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын ажилд үндэсний аж ахуйн нэгжүүдийг тэргүүн ээлжинд оролцуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Эрдэс баялгийн салбарын багц хуулийг үндэсний эрх ашигт нийцүүлэн гаргаж, тус салбарын эрх зүйн орчинд цогц шинэчлэл хийнэ.

Ашигт малтмалын геологи хайгуул, судалгаанд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж,  улсын эрдэс баялгийн сан хөмрөгийг өсгөнө.

Эрдэс баялгийн хайгуул, олборлолтод ашигт малтмалын төрөл тус бүрээр нэг орны хөрөнгө оруулагчдын хувьд хязгаартай байх бодлого баримтлана.

Улсын болон хувийн хөрөнгөөр хийгдсэн геологи хайгуул, эрдэс баялгийн судалгааны ажлын үр дүнг олон улсын стандартын шаардлагад нийцсэн аргачлалаар нэгтгэн боловсруулж, үндэсний геомэдээллийн санг иж бүрнээр шинэчлэн бүрдүүлнэ.

 Ил тод, хариуцлагатай, үр ашигтай, нийгэмд болон байгаль орчинд ээлтэй уул уурхайг хөгжүүлж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, бүсчилсэн хөгжлийг шинэ шатанд гаргана.

Стратегийн ордуудыг ашиглах аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй, үр ашигтай байдлыг ханган, олон улсын жишигт нийцсэн менежмент, санхүүгийн тогтолцоог нэвтрүүлнэ.

Оюутолгойн ордыг түшиглүүлэн жилд дунджаар 40 сая тонн хүдэр олборлон баяжуулах үйлдвэр, Эрдэнэт болон Оюутолгойн зэсийн баяжмалыг боловсруулах цэвэр зэсийн үйлдвэрийг барьж байгуулна.

Тавантолгойн ордыг 100 хувь ард түмний өмчлөлд байлгаж, үр ашгийг монголчууд хүртэх бодлогыг хэрэгжүүлнэ.

Төмрийн хүдэр болон түүхий нүүрсийг дотооддоо боловсруулах үйлдвэрлэлийг дэмжинэ.

Төмөртэй, Төмөр толгой зэрэг ордуудыг түшиглүүлэн Дархан, Сэлэнгийн бүсэд Хар төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор, Чойрт металл боловсруулах үйлдвэр барьж байгуулна.

Төмөртийн Овоо, Улаан, Цав зэрэг холимог металлын ордыг түшиглэн боловсруулах үйлдвэрийг барина.

Өмнөговь аймгийн Таван толгойн нүүрсний ордыг түшиглүүлэн Уул уурхай- Эрчим хүч-Кокс, химийн цогцолбор, мөн аймгийн Нарийнсухайт, Ховд аймгийн Хөшөөт, Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглүүлэн Уул уурхай-Эрчим хүчний цогцолборыг тус тус барьж байгуулна.

Багануур, Сайншанд, Чойбалсан хотод нүүрс-химийн үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулах асуудлыг судалж шийдвэрлэнэ.

Архангай, Дорноговь аймаг дахь төмрийн хүдэр олборлон баяжуулах үйлдвэрүүдийн техник, технологийг боловсронгуй болгож, үр ашгийг нэмэгдүүлнэ.

Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулна.

Баян-Өлгий аймгийн Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна.

Импорт орлох олон улсын стандартад нийцсэн барилгын материалын үндэсний үйлдвэр байгуулах ажлыг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлнэ.

Уул уурхай, хүнд аж үйлдвэрийн цогцолборуудыг дагасан жижиг, дунд үйлдвэрлэл, хангалт, нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлж, кластер загварыг ашиглана.

Эрдэс баялаг, мал аж ахуй, газар тариалангийн салбаруудыг харилцан уялдаатай, зүй зохистойгоор хөгжүүлэх бодлого баримталж, Уул уурхай-Хөдөө аж ахуйн цогцолборыг байгуулах ажлыг  үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Шинэ үйлдвэржилтийн бодлогын хүрээнд Монгол бензин, Монгол төмөр, Монгол зэс, Монгол алт, Монгол жонш, Монгол цемент, Монгол арматур, Монгол ургамлын тос зэрэг үндэсний хэмжээний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, дотоодын хэрэгцээний дийлэнхийг хангаж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шинээр бий болгоно.

Хөрөнгийн зах зээл, баялгийн хуваарилалтын менежмент

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, байгалийн баялгийг  ашиглах, хуваарилах үндэсний зөвшилцлийг санаачилж, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийн ойлголт, байр суурийг нэгтгэж, хөгжлийн тогтвортой байдлыг хангана.

“Үндэсний баялгийн хуримтлалын сан” бий болгон “Хүний хөгжлийн сан”-гийн бодлогыг зохистойгоор үргэлжлүүлэн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, болзошгүй эрсдлийг давах болон ирээдүйдээ нөөцлөх санхүүгийн бодитой эх үүсвэрийг бүрдүүлнэ.

Тэтгэврийн сангийн эрх зүйн орчинг боловсронгуй болгож, санхүүгийн үр ашигтай эргэлтэд оруулна.

Жижиг хөрөнгө оруулагчид улс орны хөгжлийн бүтээн байгуулалтад оролцож, хөгжлийн үр шимийг хүртэх боломжийг бүрдүүлнэ. 

Стратегийн ордуудыг эзэмшигч компаниуд, үндэсний томоохон төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдийг нээлттэй хувьцаат компани болохыг дэмжинэ.

Иргэн бүрт эх орны хишгийн хүрээнд олгогдож буй Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааны эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлж, үнэлгээг өсгөнө.

Улсын төсвийн хөрөнгөөр геологи хайгуул, судалгааны ажил нь хийгдсэн ордуудад түшиглэсэн уурхайнуудаас өнөөгийн зах зээлийн ханшаар нөхөн төлбөр авна.

Худалдааны бодлого

 Монгол Улсаа өрсөлдөх чадвартай хөгжингүй орон болгон хөгжүүлэхэд гадаад, дотоод худалдааны бодлогыг чиглүүлэн, дотоодын зах зээлийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ экспорт, импортын зохистой түвшинд хүргэнэ.

Гадаад худалдааны нийт эргэлтийг өнөөгийн түвшингээс 4 дахин нэмэгдүүлнэ.

Худалдааны бодлогын эрх зүйн орчинг боловсронгуй болгож, хэрэглэгчийг дээдэлсэн үйлчилгээг бий болгоно.

Дотоодын зах зээлийн тогтвортой байдлыг хангахад гадаад худалдааны бодлогыг чиглүүлж, улмаар дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай үндэсний брэнд бараа, үйлчилгээний нэр төрлийг олшруулна.

Дотоод зах зээлийн хэрэгцээг чанар, аюулгүйн шаардлага хангасан импортын бүтээгдэхүүнээр хангах эрх зүйн орчинг бүрдүүлж хэрэгжүүлнэ.

Гадаад худалдааны хүндрэл бэрхшээлийг багасгахад чиглэгдсэн дэд бүтцийг бий болгоно.

Гадаад орнуудтай түншлэл, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, гаалийн болон татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, экспортын тааламжтай нөхцөл бүрдүүлнэ.

Экспортын гол бүтээгдэхүүн зэс, нүүрс, ноолуурын үнэ, нийлүүлэлтийн нөхцөлийн талаар дэлхийн зах зээлийн бусад томоохон нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж, тэдгээр барааг олон улсын зах зээлийн үнээр худалдаалах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.     

“Монгол экспорт”, “Монгол импорт” үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.

Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл

 Хүн амын эрүүл, аюулгүй, органик хүнсний хангамжийг нэмэгдүүлж, мах, ноос, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүн экспортлогч орон болох нөхцөлийг бүрдүүлнэ. 

Хоршооллын аян өрнүүлж, хоршоодыг дэмжиж, бүх сумдад мал аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэх үндэсний сүлжээ бий болгоно.

Хоршоо хөгжих эрх зүй, эдийн засгийн  таатай орчинг бий болгож, татвараас хөнгөлөх, чөлөөлөх, зээл олгох зэрэг дэмжлэг үзүүлнэ.   

Хоршоодод мал аж ахуй, газар тариалан, бусад үйлдвэр үйлчилгээ эрхлэх, бүтээгдэхүүнээ биржээр дамжуулан борлуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

Малчин өрх бүрийг албан ёсны үйлдвэрлэгч болгоно. Малчдыг сургалтад хамруулан “Малчин-бизнесмэн”-д тавигдах шаардлагыг эзэмшүүлж, малчдын залуу халааг тасралтгүй бэлтгэнэ.

Мал эмнэлэг үржлийн ажлыг шинэ шатанд гарган сүргийн бүтцийг сайжруулна. 

 Эрчимжсэн болон уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг хослуулан хөгжүүлнэ. 

“Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, мал эмнэлэг, үржлийн төрийн үйлчилгээний албыг бүх сумдад бэхжүүлнэ.

Мал сүргийн дотор бодын болон таваарлаг малын эзлэх хувийн жинг нэмэгдүүлнэ.

Малын хулгайтай тэмцэх эрх зүйн орчныг чангатгаж, хууль хяналт, иргэдийн оролцоо хяналтыг өргөжүүлэн мэдээллийн урамшууллын тогтолцоог бий болгоно.

Малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакцин, оношлуурыг дотооддоо үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг бүрэн хангана.

Баг бүрийг малын эмчтэй болгож, мал эмнэлгийн үйлчилгээг малчдад ойртуулна.

Бэлчээрийг зохистой ашиглах, эзэмшүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгож, хашиж хамгаалах, бордох, олон наст өвс тариалах, бэлчээрийг тордож сайжруулахад аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.

Хадлан, бэлчээрийн ургацыг нэмэгдүүлэх, таримал тэжээл тариалах замаар  малын тэжээлийн 2 сарын нөөц, сумдыг тэжээл үйлдвэрлэх цехтэй болгон, малыг байгалийн эрсдлээс хамгаалах арга хэмжээ авна.

Хөдөөгийн усан хангамж, хүрэлцээг сайжруулж бэлчээр  усжуулалтыг 70 хувьд хүргэнэ.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөнгөвчлөх, бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн бага оврын трактор, дагалдах тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулна.

Хүн ам олноор суурьшсан төв суурингийн ойролцоо 500 хүртэл фермерийн аж ахуйг байгуулахад дэмжлэг үзүүлнэ.

Аж ахуйн нэгж, өрхөд гахай, шувуу, зөгий, загас үржүүлэх санал санаачлагыг зээл, татварын бодлогоор дэмжинэ.

Газар тариалангийн экологийн цэвэр бүтээгдэхүүнээр өөрийн хэрэгцээг бүрэн хангаж, экспортлогч орон болно.

Атрын III аяныг үргэлжлүүлэн баруун, зүүн аймгуудад тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн өргөжүүлж, “Хүнсний ногоо”,  “Чацаргана” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

Улаанбуудай, гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээрээ бүрэн хангах бодлогоо үргэлжлүүлнэ.

Тариаланчдаас улаан буудайг зах зээлийн үнээр, шаардлагатай тохиолдолд улс худалдан авдаг тогтолцоог нэвтрүүлнэ.

Инженерийн хийцтэй усалгаатай тариалангийн талбайг 100 мянган га-д хүргэнэ.

Хурын усыг хуримтлуулан сан байгуулж усалгаатай хадлан, тариан талбайг өргөжүүлэх ажлыг бодлогоор дэмжинэ.

Селекцийн орчин үеийн арга технологийг хэрэглэх замаар ганд тэсвэртэй, ургалтын хугацаа богино, өндөр ургацтай таримлын сортыг бий болгож үйлдвэрлэлд нэвтрүүлэн голлох таримлын үрийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангана.

Үр тарианы тариалалтыг ажлын 10 хоногт, хураалтыг ажлын 21 хоногт хийж гүйцэтгэх техникийн хүчин чадлыг бүрдүүлж, төмсийг 100 хувь, хүнсний ногооны үйлдвэрлэлийг 50 хувь механикжуулна.

Хөдөө аж ахуйн зориулалттай зарим техник, эд анги, усалгааны тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэхийг зээл, татварын бодлогоор дэмжиж, машин, техник,  тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг бий болгох үндэс суурийг тавина.

 Хүн амыг тэжээллэг, чанар сайтай эрүүл ахуйн баталгаатай хүнсээр хангана.

Хадгалалт, борлуулалтын оновчтой сүлжээг бий болгож, үр тариа хадгалах 500 мянган тонн, төмс хүнсний ногоо хадгалах 300 мянган тонноос доошгүй  агуулах, зоорь барьж байгуулна.

Ган болон бусад эрсдлээс хамгаалах зорилгоор улаан буудайн жилийн ургацын 30-аас доошгүй хувьтай тэнцэх таваарын улаан буудайн нөөцийг бий болгоно.

Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг жигдрүүлж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотуудад орчин үеийн хүнсний төвлөрсөн томоохон цогцолбор барьж байгуулна. 

Хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зориулалттай улсын нөөцийг бүрдүүлнэ.

Өргөн хэрэглээний хүнсний гол нэрийн барааны зах зээлийн үнийг төрийн зохицуулалт, хяналтад байлгаж, үнийн хэт өсөлтөөс хамгаалах бодлого хэрэгжүүлнэ.

Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хот суурингийн хүн амын хэрэгцээт махны 60-аас доошгүй, сүүний 40-өөс доошгүй хувийг хангана.

Бүх аймагт малыг зах зээлийн дундаж үнээр худалдан авах, нядлах, мах,  малын гаралтай түүхий эд, арьс шир боловсруулах үйлдвэрүүд байгуулна.

Хүнсний чанар, аюулгүй байдлын техникийн шаардлагыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилж, хяналтын тогтолцоог бэхжүүлэн, олон улсын итгэмжлэлд хамруулах арга хэмжээ авна.

Хөнгөн, жижиг дунд үйлдвэр

Ноолуурын үндэсний нэгдэл, арьс ширний боловсруулах үйлдвэрийн цогцолбор байгуулахад дэмжлэг үзүүлнэ.

Стратегийн ордууд эдийн засгийн эргэлтэд орж байгаатай холбогдуулан эдгээр бүс нутагт хөнгөн болон хүнсний үйлдвэрүүдийг барьж байгуулах санал санаачлагыг дэмжинэ.

Хөдөө орон нутгийн иргэдэд ахуй үйлчилгээг ойртуулах, орон нутагтаа тав тухтай амьдрах болон жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг ажлын байраар хангах зорилгоор сум бүрт нийтийн ахуй, үйлчилгээний цогцолборыг барьж байгуулна.

Хөдөөгийн хөгжлийн бодлого

Хөдөөгийн иргэдэд эрүүл, аюулгүй, таатай орчинг бүрдүүлж, хүн амд төрөөс үзүүлэх нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг  хот, суурин газрын түвшинд ойртуулна.

Монгол Улсын хөгжлийн жишиг загвар аймаг, сум, баг бий болгох хөтөлбөрийг боловсруулж үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Сум, багуудын төвийг цогцолбор байдлаар тохижуулж, “Сумын хөгжил” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

“Шинэ сумын төв”, “Ажилсаг сум”, “Ахуй үйлчилгээний шинэ төв”, “Хоршооллын аян” төслүүдийг уялдаа холбоотой хэрэгжүүлнэ.

Сумдад нэгдсэн болон хэсэгчилсэн халаалтын систем, халуун, хүйтэн ус, бохирын шугам сүлжээг шинээр барьж байгуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, сумын төвийн иргэдийг стандартын шаардлага хангасан ундны усаар бүрэн хангана. 

Хөдөөгийн хүн амд төвөөс алслагдсан байдал, бүс нутгийн хөгжилтэй  нь уялдуулсан бодлого хэрэгжүүлнэ. 

Хөдөөгийн хүн амд төрөөс үзүүлэх боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, сурах таатай орчны ялгааг багасгана.

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, өндөр настны асрамж болон халамжийн үйлчилгээг чанартай хүргэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Үндэсний спорт, наадгай, өв соёл, язгуур урлагийг хөхүүлэн хөгжүүлж, биеийн тамир, спорт,  соёл урлагийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна. 

Сумдад хүргэх санхүүгийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгон, шуудангийн давтамжийг долоо хоногт 4 удаа болгоно.

Бүсийн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн, бүсчилсэн хөгжлийн бодлогыг эрчимжүүлнэ.

 Дэд бүтэц

 Зам тээвэр Олон улсын зам, тээврийн сүлжээнд холбогдсон үндэсний хэмжээний авто зам, төмөр замын болон агаарын сүлжээг бий болгоно.

“Мянганы зам”-ын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатар хотыг аймгийн төвүүдтэй холбосон авто замын сүлжээ бий болгож, хилийн зарим боомтууд хүрэх авто замуудыг барьж байгуулна.

Улаанбаатар хот, бүсийн төвүүд болон хилийн томоохон боомтуудад ачаа, зорчигч тээврийн төв байгуулна.

Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайт зэрэг стратегийн ордуудыг төв болон дэд бүтцийн үндсэн сүлжээтэй холбох асуудлыг тэргүүн ээлжинд шийдвэрлэнэ.

Төмөр замын тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

Зүүн болон Говийн бүсийг төмөр замаар холбож, далайд гарц нээсэн шинэ  төмөр замыг барина.

Агаарын тээврийг эрчимтэй хөгжүүлж, нислэг болон зорчигчдын тоог нэмэгдүүлэн, дотоодын нислэгийн үнэ тарифыг зохистой түвшинд бууруулж, парк шинэчлэлийг эрчимжүүлнэ.

Түлш, эрчим хүч

 Түлш, эрчим хүчний салбарыг Монгол Улсын эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийг хангахуйц салбар болгон хөгжүүлнэ.

Цахилгаан, дулаан, эрчим хүч болон нефть бүтээгдэхүүний үнийг Монгол Улсын бүх нутаг дэвсгэрт нэг түвшинд байлгах бодлого хэрэгжүүлнэ.

“Монголын шинэ цахилгаанжуулалт” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, эрчим хүчний импортын өнөөгийн хараат байдлаас ангижирч экспортлогч орон болгоно.

Төвийн бүсэд ДЦС-5-ын нэгдүгээр ээлж, Дарханы станцын өргөтгөл, Сэлэнгэ мөрөнд Шүрэнгийн усан цахилгаан станц, 50-иас доошгүй мВт хүчин чадалтай усан болон салхин цахилгаан станцуудыг ашиглалтад оруулна.

ТЭЦ-4-ийн хүчин чадлыг 100 мВт-аар өсгөж, Улаанбаатар хотын дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.

Тавантолгой, Оюутолгойд цахилгаан станц барьж, Төвийн эрчим хүчний системтэй холбоно.

Баруун бүсийн Могойн гол, Хотгор зэрэг нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станцуудыг барьж, төвийн эрчим хүчний системд 110-220 кВ-ын агаарын шугамаар холбоно.

Зүүн бүсийн Дорнодын станцад өргөтгөл хийхийн зэрэгцээ шинэ эх үүсвэр бий болгон төвийн эрчим хүчний системтэй холбоно.

Аймгийн төвүүд, томоохон хот, сууринд дулааны станц барих ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Хөдөө орон нутгийн дулаан хангамж, хэрэгцээний халуун усны системийг сайжруулна.

Улаанбаатар хотод 220/110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам бүхий “Их тойруу” цагираг шугам сүлжээ байгуулна.

Нар, салхины эрчим хүчний нөөцийн судалгааг нэмэгдүүлж, сэргээгдэх эрчим хүчний паркууд байгуулна.

Газрын тос болон коксын үйлдвэр, нүүрсний давхарга дахь байгалийн хийг ашиглаж, шатдаг хий, шингэн түлш, химийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлнэ.

Газрын тосны хайгуул, судалгааны ажлыг өргөжүүлж, олборлолтыг 7.5 сая баррельд хүргэж, газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг  Монгол орны төв /Дархан/, өмнөд /Сайншанд/, баруун /Ховд/ болон зүүн /Чойбалсан/ бүсэд ашиглалтад оруулж, дотоод хэрэгцээгээ үндсэнд нь бүрэн хангана. 

Газрын тосны салбарт хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх, газрын тосны нөөцийг  өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх үндэсний аж үйлдвэрийн суурийг бий болгоно.

Газрын тосны хайгуул, олборлолтод хөрөнгө оруулах үндэсний компаниудыг дэмжинэ.

Хот байгуулалт, төлөвлөлт

 Монгол Улсын хүн амын нутагшилт суурьшилтын оновчтой тогтолцоог бүрдүүлнэ. 

Аж үйлдвэржсэн хотууд, бүсийн төвүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлж эхлэнэ.

Нийслэл хот, дагуул хот, томоохон суурин газрын ангилал, зэрэглэл, статусыг шинэчлэн тогтооно. 

Улаанбаатар хотыг бүс нутгийн хэмжээний олон улсын бизнесийн төв болгоно.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, агаар, хөрсний бохирдолыг бууруулна.

Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг дагуул хот болгох хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлнэ.

Олон улсын шинэ нисэх буудлыг дагуул шинэ хотын хамт байгуулна.

“Газар доорхи хот” төслийг боловсруулж, метро байгуулах бэлтгэлийг хангах, хонгилын систем гэх мэт газар доорхи орон зайг үр дүнтэй ашиглаж эхлэх төслүүдийг хэрэгжүүлж эхэлнэ.

Гэр хорооллыг төвлөрсөн дулаан, цэвэр, бохирын шугамд холбох замаар инженерийн байгууламж бүхий амины орон сууцны хороолол бий болох нөхцөлийг бүрдүүлнэ.

Туул, Сэлбэ голын урсацыг тохируулах, орчин үеийн далан, амралтын бүс байгуулах, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг өргөжүүлнэ.

“200 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хот, хөдөөд хэрэгжүүлж, хуучин байруудыг дахин төлөвлөлтөнд оруулж, шинээр солих, шинэ хорооллуудын инженерийн болон нийгмийн дэд бүтцийг барьж байгуулна. 

Дунд болон бага орлоготой иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөрийг өргөжүүлэн үргэлжлүүлнэ.

Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, хатуу хучилттай замыг 50 хувиар нэмэгдүүлж, 4-өөс доошгүй уулзварт давхар зам, төмөр зам дээгүүр таван цэгт гүүрэн зам барина.

 Аялал жуулчлал, харилцаа  холбоо 

 Гадаад, дотоодын аялал жуулчлалыг хослуулан хөгжүүлж Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын тоог 1 саяд, дотоод аялагчдын тоог 500 мянгад хүргэнэ. 

Байгалийн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх дэд бүтэц, зочид буудал, жуулчны баазыг бүсчилэн байгуулж, үйлчилгээний соёлыг сайжруулж, Чингис хааны цогцолборыг барина.

Аялал жуулчлалын баазуудад эко-стандартын шаардлагыг нэвтрүүлж, үндэсний өв уламжлал, түүхийн болон байгалийн өвөрмөц тогтоц, дэд бүтцийн хөгжлийг харгалзан Хархорин хот болон Дорнод, Хөвсгөл, Хэнтий, Өмнөговь, Дундговь, Ховд, Баян-Өлгий аймгуудад аялал жуулчлалын цогцолбор байгуулна.

Өндөр хурдны өргөн зурвасын дэд бүтцэд суурилсан цахим (сүлжээ) нийгэм байгуулна.

Шилэн кабелийн үндсэн сүлжээнд бүх сумдыг холбож, Монгол Улсын 239 сум,  21 аймаг суурин газрыг  хамарсан өндөр хурдны (10 Gbps) дамжуулах сүлжээ байгуулна.

Төмөр зам, авто зам, хилийн зурвас дагуу мэдээлэл холбооны тасралтгүй үйлчилгээг бий болгоход шаардлагатай дэд бүтцийг (100 сайт) байгуулна.

Үндэсний Дата төвийг төрийн байгууллагуудтай холбосон өндөр хурдны сүлжээ байгуулна. 

Бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж, төрийн зарим үйлчилгээг иргэд,   байгууллага, бизнес эрхлэгчдэд цахим хэлбэрээр хүргэнэ.

Иргэний цахим үнэмлэхэд суурилсан халамж, даатгал, санхүүгийн олон төрөлт үйлчилгээг хөгжүүлнэ.

Үндэсний орон зайн мэдээллийн нэгдсэн сан, холбогдох дэд бүтцийг бий болгоно.

Хөдөлгөөнт холбооны технологид суурилсан төрийн үйлчилгээг хөгжүүлнэ.                       

ДӨРӨВ. ХҮН-ШУДАРГА АРДЧИЛСАН ЗАСАГЛАЛ

Төрийн үйлчилгээг сайжруулъя, түмний оролцоог хангая

 Ил тод, мэргэшсэн, иргэдийн оролцоог хангасан, иргэдийнхээ итгэл дэмжлэгийг хүлээсэн төрийн хариуцлагатай тогтолцоог төлөвшүүлнэ. 

 Эрхзүйн шинэтгэл

 Хууль ёс, дэг журмыг хангаж, төрийн сахилгыг чангатгана.

Хуулийн үр нөлөө, хэрэгжилт, давхардал, хийдэл, зөрчилд үнэлгээ өгч цэгцэлнэ.

Хуулийг нийгмийн бодит хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн  хуулийг боловсруулах, төслийг нь  иргэд, олон нийтээр хэлэлцүүлж, санал авсаны үндсэн дээр баталдаг болно.

Нийгэм, эдийн засгийн үр дагавар бүхий шийдвэр гаргах тухай бүр түүний үр нөлөө, зардал, хэрэгжилтийн үр дүнг урьдчилан тооцож, оновчтой хувилбарыг сонгодог механизмыг бүрдүүлж, төрийн болон орон нутгийн бүх шатны байгууллагад нэвтрүүлнэ.

Хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг авилгаас ангид, ил тод, нээлттэй болгож, иргэдэд тэгш, шударгаар үйлчилдэг тогтолцоог бий болгох бүх талын арга хэмжээг авна. 

Төрийн байгууллага, албан хаагчийн хууль зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл бүрт хариуцлага тооцдог болгоно.

Хууль зүйн сургалт, сурталчилгааг чанарын шинэ шатанд гаргаж, иргэдийн эрх зүйн ухамсарыг дээшлүүлнэ.

 Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэх баталгааг хангана.

Иргэн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх  эдийн засгийн баталгааг хангана.

Хүний эрхийн хууль зүй, нийгмийн баталгааг бүх талаар хангаж ажиллана.

Гэр бүл, боловсрол, хүүхдийн байгууллагын хамтын ажиллагаа, үндэсний ёс заншилд түшиглэн хүүхдийн эрхийг хамгаалах шинэ зарчмыг нэвтрүүлнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг баталгаажуулж,  зохих түвшний цалин хөлстэй ажлын байраар хангах, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлнэ. 

Төрийн үйлчилгээ үзүүлдэг аливаа байгууллагад тавих иргэдийн хяналтын үр нөлөөг дээшлүүлж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ.

Хүний эрхийг хангахад иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлнэ.

Ардчиллын үнэт зүйлсийг тууштай хамгаалан хөгжүүлнэ.

Улс төрийн намын санхүүжилтийн оновчтой механизмыг бий болгоно.

Төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, гэр бүлийн санаачилга, хамтын ажиллагаанд түшиглэн хуулийн этгээдийн хүлээх нийгмийн үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх эрх зүйн орчинг цогцоор нь  бүрдүүлнэ.

Төрийн байгууллагуудаас эдийн засаг, эрх зүй, нийгэм, сэтгэл зүй, нөхөн үржихүй зэрэг бүх талын мэдээлэл, зөвлөгөөг аймаг, дүүргийн түвшинд нэг цэгээс авах боломжийг бүрдүүлнэ.

Төр, хууль, шүүх, хүний эрхийг дээдлэн хүндэлдэг сэтгэл зүйг нийгэм, иргэдэд төлөвшүүлнэ.

Архидан согтуурах, мансуурах бодис хэрэглэхийн эсрэг цогц арга хэмжээ авна.

Төрийн байгуулал, захиргааны шинэтгэл

 Төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийг хянан үзэж оновчтой хуваарилах замаар эрх, үүрэг, хариуцлагын үр ашигтай механизмыг бий болгоно.

Захиргааны шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, төрийн захиргааны болон нутгийн захиргааны удирдлагын тогтолцоог оновчтой болгоно.

Төрийн өндөр албан тушаалтны эрх зүйн болон улс төр, ёс зүйн хариуцлагыг өндөржүүлнэ.

Төрийн бүх шатны байгууллагад хөгжлийн бодлого, байгууллага, нэгж, ажилтны үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг үнэлдэг орчин үеийн үнэлгээний арга, стандартыг нэвтрүүлнэ.

Удирдлагын хариуцлагыг тооцох цогц арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлнэ.

Засгийн газрын зарим агентлагийн төвлөрсөн тогтолцоог халж, хэрэгжүүлэгч агентлагийн чиг үүргийг төсөв, зардалтай нь хамт орон нутагт шилжүүлнэ.

 Авилгатай тэмцэх талаар цогц арга хэмжээ авч, үндэсний шударга ёсны тогтолцоог бүрдүүлнэ.

Авилгалын улс төрийн хүрээн дэх мөнгөний нөлөөллийг  арилгах эрх зүйн орчинг бүрдүүлж, энэ талаар шийдвэртэй арга хэмжээ авна.

Төрийн байгууллагын үйл ажиллагааны талаар иргэд мэдээлэл авах эрхийг баталгаатай хангана.

Сонирхлын зөрчлийн зохицуулалтыг бодитой хэрэгжүүлж, зөрчил гаргагсдад авах арга хэмжээг чангатгана.

Цагдаагийн иргэнлэг, иргэддээ үйлчлэн тусалдаг байх, иргэдийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх боломжтой болгох эрх, ёс зүйн орчинг шинээр бүрдүүлнэ. 

Албан хаагчдыг мэдлэг, туршлага, ур чадвараар нь сонгон авдаг журмыг хатуу мөрдөж, төрийн өндөр албан тушаалтны зүгээс албан хаагчдын сонгон шалгаруулалт, томилгоонд хөндлөнгөөс оролцохыг зогсооно.

Гааль, татварын байгууллагуудын эрх зүйн орчинг сайжруулж, үйл ажиллагаанд нь олон нийтийн зүгээс үнэлгээ өгөх аргыг нэвтрүүлнэ.

Мэргэжлийн хяналтын чиг үүргээс үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөс бусад чиг үүргийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагад шилжүүлнэ.

Тендер шалгаруулалтыг бүх нийтэд дээд зэргээр ил тод болгох цахим аргаар явуулах иж бүрэн арга хэмжээг хэрэгжүүлж, авилгатай тууштай тэмцэнэ.

Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх  таатай эрх зүйн орчинг бүрдүүлж, нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог хөгжингүй орнуудын жишигт хүргэнэ.

Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн тогтолцооноос бүртгэлийн тогтолцоонд шилжиж, олон улсын стандарт, хэм хэмжээг нэвтрүүлэх замаар төрийн хүнд суртал, авилгыг багасгана.

Цахим удирдлага, цахим үйлчилгээг төрийн бүхий л үйл ажиллагаанд өргөн ашиглана.

 Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж, парламентын тогтолцооны шинэчлэлийг хийнэ.

УИХ-аас Засгийн газарт тавих хяналт, түүний үр нөлөөг дээшлүүлнэ.

Төсөв, татвартай холбоотой хууль тогтоомжийг Улсын Их Хурлын гишүүн бус, харин Засгийн газар санаачлагч байдаг эрх зүйн зүйн орчинг бүрдүүлнэ.

Парламентын хууль тогтоох, бодлого боловсруулах чадварыг дээшлүүлнэ.

Албан тушаалаа урвуулан ашигласан албан тушаалтад улс төрийн хариуцлага тооцно.

 Улс төрийн нөлөөнөөс ангид, хүний эрхийг дээдэлсэн, шударга шүүх эрх мэдлийг төлөвшүүлнэ.

Шүүхийн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлж, бие даасан, хараат бус байдлыг дээшлүүлнэ.

Шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн зардлын мэдээлэл ил тод байх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Иргэн, шүүх, хуулийн өмнө тэгш байх зарчмыг хангаж, шүүгчийг шударга байлгах бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Шүүх, прокурор, хууль хамгаалах бусад байгууллагын үйл ажиллагааг шинэчилж, төгөлдөржүүлэхэд онцгой анхаарна.

Гэрч, хохирогчдын аюулгүй байдлыг хангах, шүүн таслах ажиллагааг нээлттэй явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор шүүхийн шийдвэрийн үндэслэл бүрийг нийтэд ил тод байлгадаг арга барилыг нэвтрүүлэхийг дэмжинэ.

Төрийн албаны шинэтгэлийг гүнзгийрүүлэн чадварлаг, мэргэшсэн, ил тод, шударга төрийн албыг бий болгоно.

Төрийн албанд мерит зарчмыг нэвтрүүлж, төрийн албан хаагчдыг улс төрөөс ангид, зөвхөн мэдлэг, ур чадвар, боловсрол, мэргэжлийн түвшинг харгалзан томилдог тогтолцоог бий болгоно.

Мэргэшсэн, чадварлаг цомхон төрийн албыг бүрдүүлэх зорилгоор төрийн албаны хамрах    хүрээ, ангиллыг шинэчлэх арга хэмжээ авна.

Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг дархлаажуулсныг өөрчилж, ажлын байрны шаардлага хангаж буй эсэхэд өгсөн үнэлэлт, дүгнэлтийг үндэслэн цалин, урамшуулал олгох, хариуцлага тооцох тогтолцоог бүрдүүлнэ.

Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, зах зээлийн хамгийн хямд үнээр орон сууцтай болох нөхцөлийг бүрдүүлнэ.

Иргэдийн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэдэг шинэ арга механизмыг нэвтрүүлнэ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хангаж, улс төрөөс  ангид байх орчинг бүрдүүлнэ.

Хэвлэл мэдээллийн зохицуулалтын байгууллага болох хэвлэлийн мэргэжлийн зөвлөлийг байгуулах, чөлөөт хэвлэлийн зарчимд харш хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байж, улс төр, эдийн засгийн дарамт шахалт үзүүлэхгүй байх орчинг бүрдүүлнэ.

Хэвлэл мэдээллийн редакцийн хараат бус байдал, сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах эрх, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшил, харъяалал нь ил тод, үйл ажиллагаа нь бодитой, тэнцвэртэй, хүртээмжтэй, захиалгагүй, хариуцлагатай байх зарчмыг хэвшүүлэн тогтоож, хэвлэлийн эрх чөлөөг хангана.

Хэвлэл, мэдээллийн байгууллагыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.

Сэтгүүлчид хэвлэн нийтэлснийхээ төлөө ял шийтгэл хүлээдэг хуулийн заалтыг хянан үзэж өөрчилнө.

Иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийгмийн оролцоо, эрх мэдлийг нэмэгдүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.

Хэвлэлийн эрх чөлөөг бүрэн хангаж, олон улсын стандартад нийцүүлнэ.

Нутгийн удирдлагын шинэтгэл

 Төвлөрлийг сааруулж, орон нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгож, эрх мэдэл, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ.

Засаг захиргааны шинэчлэлийг тодорхой үе шаттай хэрэгжүүлнэ.

Нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх олон талт арга хэмжээг авч, удирдлага, төлөөлөгчийг сонгох, томилох эрх зүйн орчинг шинэчлэнэ.

Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын удирдлагын гүйцэтгэх чиг үүргийг тодорхой болгож, давхардлыг арилгана.

Нутгийн удирдлагын төсөв санхүүжилтийг түвшин бүрт тодорхой болгож, төсвөө бие даан захиран зарцуулдаг, хариуцлага хүлээдэг зарчимд шилжүүлнэ.

Нутгийн удирдлагад иргэдийн оролцоог хангаж, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн хяналт тавих боломж, нөхцөлийг бүрдүүлнэ.

Орон нутгийн чанартай ажлыг гүйцэтгэх сонгон шалгаруулалтыг зарлах, түүний гүйцэтгэлийг зохион байгуулах, хяналт тавих, хариуцлага хүлээх чиг үүргийг орон нутагт шилжүүлнэ. 

Орон нутгийн өмчлөлийн эрхийг өргөтгөнө.

Орон нутгийн ИТХ-д тодорхой төрлийн татварын хувь хэмжээг тогтоох эрхийг олгож, орон нутгийн төсвийн орлогын тогтвортой байдлыг нэмэгдүүлнэ.

Иргэд эвлэлдэн нэгдэж, нутгийн удирдлага, түүний төсөв төлөвлөх, зарцуулалтыг хянах боломжийг бүрдүүлнэ.

Иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлж, төрийн зарим чиг үүрэг, үйлчилгээг гүйцэтгүүлэх эрх зүйн зохицуулалтыг дэмжинэ.

Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагаар гүйцэтгүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.

Төрийн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэхэд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх бодлогыг тууштай баримталж, тэдний зүгээс хууль, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих орчинг бүрдүүлнэ.

Тодорхой асуудлаар нутгийн иргэдийн оролцоотой явуулах санал асуулгыг оновчтой зохион байгуулахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Орон нутаг, бүс,үндэсний түвшинд хөгжлийн асуудлаар шийдвэр гаргах, түүний хэрэгжилтийн үр дүнд үнэлгээ өгөх, хяналт тавих үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулах боломжийг бүрдүүлнэ.

Иргэний нийгмийн байгууллагын талаарх хууль тогтоомжийг иргэний нийгмийн төлөөллийн оролцоотойгоор олон улсын жишигт нийцүүлэн шинэчилнэ.

Иргэний нийгмийн асуудал эрхэлсэн бүтцийг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудад бий болгоно.

Иргэний нийгмийн байгууллагуудын урт хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.

Гадаад харилцаа

 Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган хамгаална.

Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг улс төр-дипломатын аргаар үргэлжлүүлэн бататгана.

Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын нэгдмэл байдал, залгамж чанарыг хадгална.

Тэргүүлэх чиглэл болох ОХУ, БНХАУ-тай стратегийн түншлэлийн харилцаагаа бататган, сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлнэ.

Гуравдагч хөршийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, тэдгээр орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

Улс төрийн харилцааг эдийн засгийн хүчин зүйлсээр бэхжүүлж, эдийн засгийн хөгжилд үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлнэ.

Гадаад орнуудын улс төр, эдийн засгийн бодит сонирхлыг бий болгохдоо үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, зохистой тэнцвэрийг хадгална.

Монгол Улсын төр засаг, аж ахуйн нэгж байгууллага, иргэний нэр төр, хууль ёсны эрх ашгийг гадаадад төлөөлөх, хамгаалах үйл ажиллагаагаа тууштай хэрэгжүүлнэ.

Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийг нутагтаа ирж ажиллахад дэмжлэг үзүүлж, эхний 3 жил хүн амын орлогын албан татвараас чөлөөлнө.

Монгол Улсын иргэд гадаадад зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлүүлэх бодлого хэрэгжүүлж, иргэд олноор зорчдог орнуудад хөнгөвчилсөн болон визгүй зорчдог болгоно.

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын уугуул иргэдийн эх орондоо зорчих нөхцөлийг хөнгөвчилнө.

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд, тэдний хүүхдүүдэд монгол хэл, соёлоо сурах, судлах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, гадаад дахь монголчуудын холбоодын үүсгэл, санаачлагыг дэмжинэ.

 Үндэсний аюулгүй байдал

 Шинээр буй болсон аюулгүй байдлын гадаад орчин, геополитикийн нөхцөл байдал, эдийн засгийн аюулгүй байдал, улс орны хөгжлийн шинж чанар, түвшин, хэтийн төлөв, ирээдүйн чиг хандлагад нийцүүлэн үндэсний аюулгүй байдлаа хангах төрийн бодлогын агуулга, технологи, эрх зүйн орчныг шинэчилнэ.

Гадаад бодлогынхоо агуулгыг гүнзгийрүүлэх, олон улсын аюулгүй байдлын хамтын ажиллагаанд оролцох идэвх, чармайлтаа нэмэгдүүлэх, шинэ утга агуулгаар баяжуулах, харилцан ашигтай гадаад харилцааг өргөжүүлэх замаар үндэсний болон геополитикийн аюулгүй байдлын олон улсын таатай орчинг бүрдүүлнэ.

Үндэсний эв нэгдлийн эрх ашгийн үүднээс улс төрийн нам хүчин, төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, тэдний санал санаачлагыг дэмжинэ.

Батлан хамгаалах бодлого, хил хамгаалалт

 Батлан хамгаалах зорилтыг улс төр, дипломатын аргаар хангах зарчмыг тууштай баримтлан цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, Монгол Улсын Зэвсэгт хүчнийг НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд идэвхитэй оролцуулах бодлогыг хэрэгжүүлэн төрийн цэргийн шинэчлэлийн бодлогыг үргэлжлүүлнэ.

 Батлан хамгаалах тогтолцооны хөгжил

Батлан хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгон иргэний эх орноо батлан хамгаалах үүргээ биелүүлэх нөхцөл журам, их, дээд сургууль төгссөн иргэний цэргийн алба хаах хугацааг шинэчлэн тогтооно.

Батлан хамгаалах арга хэмжээний төсвийг хөгжлийн төсөв болгон төсвийн өсөлтийг зэвсэглэл техникийн шинэчлэл, бие бүрэлдэхүүнийг мэргэшүүлэх, цэргийн шинжлэх ухаан технологи, боловсролыг хөгжүүлэхэд зориулна.

Орон нутгийн хамгаалалтын эрх зүй, зохион байгуулалтын үндсийг бүрдүүлнэ.

 Зэвсэгт хүчний хөгжил

Зэвсэгт хүчнийг мэргэжлийн үйл ажиллагаа, мэргэжлийн бүрэлдэхүүнд суурилан хөгжүүлнэ.

Зэвсэгт хүчний эх орноо батлан хамгаалахад бэлэн байх үндсэн үүргээ биелүүлж,  НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхи боломжийг нэмэгдүүлнэ.

Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийг олон улсын стандартад нийцүүлэн төхөөрөмжилж үндсэн чиг үүргийн болон энхийг дэмжих ажиллагааны жишиг анги, Зэвсэгт хүчний хангалт, үйлчилгээний баазын тогтолцоог байгуулна.

 Улсын хил хамгаалалт

Монгол Улсын төрөөс хилийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, хил хамгаалах байгууллагын мэргэжлийн бие даасан байдлыг бэхжүүлнэ.

Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах тогтолцоог боловсронгуй болгож, улсын хилийг шинжлэх ухааны ололтод тулгуурласан бүсчилсэн байдлаар хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Монгол Улсын хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэнэ.

Цэргийн албан хаагчдын эрх зүй, нийгмийн хамгааллын баталгаа

Цэрэг, цагдаа, онцгой байдлын албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг улс орны эдийн засгийн чадавхийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлнэ.

Цэргийн албан хаагчдыг тэтгэвэр, чөлөөнд гарахад нь орон сууцаар хангах, ажил мэргэжлээс хамаарах өвчин эмгэгээс нь эрүүлжүүлэх, иргэний нийгэмд ажиллаж амьдрахад зайлшгүй шаардлагатай мэргэжил эзэмшүүлэх тогтолцоог бүрдүүлнэ.

Нийт офицер, ахлагч нарыг албан тушаалын орон сууцаар хангах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Олон улсын жишиг, стандартад хүрсэн цэргийн төв эмнэлэг, энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдын нөхөн сэргээх төв байгуулан, цэргийн амралт сувиллын сүлжээ байгуулна.

 Иргэний эх оронч үзэл, хүмүүжлийн тогтолцоо

Тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, Монгол Улсын иргэдийн эх оронч үзэл, хүмүүжил төлөвшлийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

Цэргийн насны залуучууд, өсвөр үеийнхний дунд цэрэгжлийн спорт, аялал жуучлалын тоглолтууд, урлаг спортын наадам (спартакиад)-ыг жил бүр зохион байгуулж хэвшүүлэн өсвөр насны залуучууд, хүүхдийн цэрэгжлийн спорт, амралтын “Шонхор” цогцолборыг сэргээн хөгжүүлнэ.

Харилцан шүтэлцээ бүхий хөгжлийн дөрвөн тулгуур салбарын бодлого, стратеги, үйл ажиллагааг нэгтгэн багтаасан энэхүү Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг амьдралд хэрэгжүүлвээс Монгол Улс элбэг хангалуун, ирээдүйдээ итгэлтэй, урам зориг бүхий ард иргэдтэй, үсрэнгүй хөгжиж буй орон болж чадна.

БҮТЭЭСНЭЭСЭЭ ИХИЙГ БҮТЭЭНЭ

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (203.91.118.180) 2016 оны 05 сарын 22

Хэрэв МАН төрд гарсан бол арай ч Монгол улс ийм их өрөнд баригдсан хөгийн эдийн засагтай байхгүй байсан АН 2028 оны сонгууль болтол сураггүй боллоо доо хөөрхий

0  |  0
Top