СЭДЭВ I Хөшөөтөд өс зангидахын учир юу вэ!

Ховд аймгийн нийгэм, эдийн засагт томоохон хувь нэмрээ оруулж, иргэдийн амьдрал ахуйг тэтгэж байдаг гол хүчин тулгуур болох Хөшөөтийн уурхайг стратегийн орд газарт бүртгэж авах тухай байр суурийг УИХ-ын гишүүдээс илэрхийлээд чамгүй хугацаа өнгөрчээ. Тодотговол, ховдчуудын итгэл хүлээлгэн, УИХ-д сонгож илгээсэн гишүүдийн зүгээс ийм байр суурь удаа дараа илэрхийлж байгаа нь хачирхалтай бөгөөд олон ястнуудын бухимдлыг төрүүлэх болжээ. Эсвэл нөгөө нэг гишүүн нь Хөшөөтийн үр дүнг танилцуулж хэлэлцэх нэрээр хувийн эрх ашгийн үүднээс үйл ажиллагаа зохион байгуулна. Тэгэхээр тэдэнд жишиг уул уурхай эрхэлж байгаа төсөлд хөндлөнгөөс оролцох ямар шалтгаан байна вэ гэж хэн ч асууна.

Шуудхан хэлье. Тэд “Хөшөөтийг стратегийн ордод бүртгэж авна” гэдэг нь Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр шиг улстөрчдийн шахааны талбар болгоно. “Эрдэнэс Тавантолгой” шиг нүүрсний хулгай үүрлэсэн орд газар болгоно гэсэн үг. Тэнд хэтдээ улстөрчдийн томилгоо, тэдний хамаарал бүхий тээврийн болон бусад компаниуд ажиллахаас эгэл жирийн иргэдийн компани, аж ахуйн нэгж ажиллаж чадахгүйд хүрнэ. Тэр тусмаа “МоЭнКо” компани нь аймгийн хэмжээнд ачаа тээврийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргаж, одоогийн байдлаар Ховд аймгийн 26 аж ахуйн нэгжийн 1100 жолооч тээвэр хийж, үйлчилгээ үзүүлдэг ч талаар болно.

Зөвхөн Ховд аймгийн гэснээс өдгөө тус уурхайд 2759 хүн ажиллаж байгаагийн 90 шахам хувь нь Ховд аймгийн иргэд бий. Үүний цаана гэр бүл, хамаатан садан нь байгаа гэхээр багадаа 10 гаруй мянган хүний амьдрал ахуйг өргөж тэтгэж яваа уурхай. Үүнээс гадна орон нутгийн болон улсын төсөвт ихээхэн хэмжээний орлого төвлөрүүлж, Монгол Улсын Засгийн газраас тодруулдаг “ТОП-100” аж ахуйн нэгжээр сүүлийн зургаан жил шалгаран, хариуцлагатай уул уурхай эрхэлж байгаа компани юм.

Үүгээр ч тогтохгүй орон нутгийн аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаа өрнүүлж, худалдан авалтаа зөвхөн орон нутгаас хийж байна. Тухайлбал, 2023 онд гэхэд 418,6 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээг орон нутгаас худалдан аваад байгаа нь илтгэнэ. Хөшөөтийн уурхайн хүнс үйлдвэрлэдэг, уурхайчдын ажлын хувцас оёдог компаниуд цөөнгүй хүнийг ажлын байраар ханган ажилладаг. Хэрвээ “стратегийн ордод бүртгэх” нэрээр улс төр, бизнесийн бүлэглэл орд газрыг авах юм бол эдгээр үйлдвэр дампуурахаас эхлээд олон сөрөг зүйл болно. Ажиллах хүчний цалин хөлснөөс гадна орон нутагт хийж байгаа худалдан авалтын мөнгөн дүнгээс ямархан үйл ажиллагаа явуулдаг компани вэ гэдгийг харж болно.

Тус компани нь “Хөшөөт хөгжил сан”-гаар дамжуулан Ховд аймгийн хэмжээнд олон төсөл арга хэмжээг амжилттай зохион байгуулж, нийт 23.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан. Тус сангаар дамжуулан, 2017-2023 онд төр захиргаа, сургууль, эмнэлгийн барилгын засвар, дулаан болон цахилгааны шугам сүлжээ шинэчлэх, цогцолбор босгох, оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлах, сумдад багийн төв барих, гэрэлтүүлэг, эрүүл мэндийн тусламж, цагдаа болон түргэн тусламжийн машин тэрэг авч өгөх гээд нийгмийн бүхий л салбарт хүрч ажилласан. Мөн “Олон үндэстэн ястны өв соёл”, “Үйлчлүүлэгчид ээлтэй орчин”, төр захиргаа, аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн чадварыг дээшлүүлэх гээд олон хөтөлбөрт хөрөнгө оруулж хамтарч ажилласан нь ихээхэн үр дүнтэй байгааг ховдчууд ярьж байна. Зөвхөн “Хөшөөт хөгжил сан”-гаар дамжуулан, 400 гаруй төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ.

Мэдээж хэрэг, тоо баримт дурдах нь зүйн хэрэг байх. Тиймээс “МоЭнКо” компанийн улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татварын орлого ч чамгүй жин дарна. Тэгвэл 2022 онд улсын төсөвт 113.7 тэрбум төгрөг, 2023 онд 122.6 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Харин Ховд аймгийн төсөвт 2007-2023 онд нийт 41.4 тэрбум төгрөг төвлөрүүлснээс 2022 онд 14.4 тэрбум төгрөг, 2023 онд 12.8 тэрбум төгрөгийн татвар тус тус төвлөрүүлсэн гэхээр аргагүй л аймаг орон нутгаар тогтохгүй үндэсний хэмжээний аж ахуйн нэгжийн цар хүрээ харагддаг.

Төсөл хэрэгжүүлэгч “МоЭнКо” нь зүгээр нэг төсөвт мөнгө төвлөрүүлж, сангаар дамжуулан төсөл хөтөлбөр хэрэгжүүлснээр үйл ажиллагаа нь хязгаарлагдахгүй. Тус компани төслөө эхлүүлэх үеэр буюу нүүрс тээврээ хийхээс өмнө 311 километр хатуу хучилттай зам тавьсан. Төслийн хүрээнд Хөшөөт шинэ суурин босгож, нүүрс хуурай аргаар баяжуулах үйлдвэр байгуулан, уурхай болон Үенч суманд гаалийн хяналтын бүс, нүүрс химийн лаборатори, эрчим хүчний байгууламж, уурхайн дэд бүтцийн бусад бүтээн байгуулалтуудыг тус тус хийсэн айл. Одоо хоёр дахь шатны томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг 2023 онд эхлүүлж, БНХАУ-д шинэ тутам нэвтрээд буй байгаль орчинд ээлтэй, битүүмжлэгдсэн, бүрэн автомат технологи бүхий Хуурай баяжуулах үйлдвэр болон дагалдах бусад дэд бүтцийг барьж байгуулахаар ТЭЗҮ, зураг төслийн ажлуудыг хийжээ.

Ийм өндөр хэмжээнд хариуцлагатай уул уурхай эрхэлж, орон нутгийн эдийн засгийг тодорхойлж буй жишиг орд газрыг “Стратегийн ордод бүртгэх” тухай ярьж байгаагийн цаана улс төр, бизнес бүлэглэлийн эрх ашиг байгаа нь тодорхой. Түүнийг нь ховдчуудын итгэлээ өгч, сэтгэлээрээ сонгон, Төрийн түшээ болгосон УИХ-ын гишүүд нь илэрхийлж байгаа нь бүр ч сонин. Тэд иргэдийнхээ хоолыг нь булаачихаад “Намайг сонгооч” гээд очих юм байх даа. Ер нь улстөрчид Хөшөөтөд өс зангидахын учир юу вэ гэдгийг лавшруулан тодруулах нь зүйн ёсны хэрэг болоод байна.

С.Ууганбаяр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mgl(66.181.186.247) 2 цагийн өмнө

Baigaliin baylagaas ard tumen huvia avah uchirtai heden hunii omch bish

0  |  0
Top