ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 15

Өнөөдөр 2024.11.15. Энэ оны 320 дэх өдөр бөгөөд он дуусахад 46 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 59 минутад мандаж, 17 цаг 15 минутад жаргана.

Улаанбаатарт цастай. Өдөртөө 3 хэм хүйтэн, шөнөдөө 16 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Палестинд Тусгаар тогтнолын өдөр, Казахстанд Үндэсний валютын өдөр.

Өнөөдөр Францын кино найруулагч Франсуа Озон, Германы биатлонч, олимпын хоёр удаагийн аварга Уши Дизль, Америкийн жүжигчин, фотомодель Яя Дакоста, Шейлин Вудли, топ модель Лили Олдриж, Их Британийн модель, жүжигчин Жемма Аткинсон, Аргентины хөлбөмбөгч Пауло Дибала зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1957 оны энэ өдөр Борис Пастернакийн “Живаго эмч” роман итали хэл дээр гарчээ.

1968 оны энэ өдөр “Хатан хаан Элизабет” хөлөг Атлантын далайг дамнасан сүүлчийн аяллаа дуусгасан байна.

1982 оны энэ өдөр Л.И.Брежневийг Улаан талбайд оршуулжээ.

1996 оны энэ өдөр Майкл Жексон, Дебби Роу нарын хурим болов.

2003 оны энэ өдөр Туркийн Истанбул хотын төвд террорист ажиллагаа болж, 28 хүн амиа алдсан билээ.

Билгийн тооллын 15. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top