Монголын улс төр ч манарч будраад удаж байгаа л даа. Гэхдээ сүүлийн үед улам дордож улаараа эргэхийг үзүүлж байна. АН, ХҮН нам хоёр МАН-тай Засгийн газарт хамтарсан. Нөгөө баруун, зүүний үзэл баримтлал, бодлого, мөрийн хөтөлбөр энэ тэр аль эрт “буруу замаар будаа тээгээд” одсон. Барууны үзэлтэй АН зүүний үзэлтэй МАН-тай агаар нэг бодлого барьж, МАН нь АН-тай зарим үедээ уусан нэгдэж ч байх шиг. Сөрөг хүчин байх болов уу гэж найдлага тээж байсан Үндэсний эвсэл ус балгав. ИЗНН сөрөг хүчин болно, сүүдрийн Засгийн газар байгуулна гэх боловч М.Нарантуя-Нара гишүүнээ намын дэд даргаас чөлөөлж, хоорондоо бие биедээ “сөрөг хүчин” болохоос өөр одоохондоо гийгүүлсэн юм алга.
УИХ 126 гишүүнтэй болсноос хойш “Олдохоороо өлдөх”, “Олон тарвага назгайдаа” гэх хэлц үгүүдийг санагдуулам боллоо. Ирэх жилийн улсын төсөв хэлэлцэж байхад 126 гишүүний 69-хөн нь гар өргөн баталлаа.
Хорин гишүүний суудал тас хоосон. Хуралд суусан 106 ч орон гаран. Тэднээс 57 нь төсвийг дэмжсэнгүй. Но-той төсөв болохыг анзаарсан хэд л дээ. Нэлээд хэд нь айлчлал дагаад жилийжээ. Яасан ч олуулаа явдаг юм. Бас болоогүй нөгөө арай хийн багцалж авсан төсөвтөө энэ ондоо багтаан тодотгол хийхээр төсөв баталсан хуультайгаа зэрэгцүүлээд тогтоол гаргачихсан. Урьд өмнө ийм манарсан төсөв парламентаар баталж байсан удаагүй. Мөнгөний бодлого энэ тэртэйгээ уялдуулж, хэрэггүй зардлаа танах юм гэнэ. Уг нь төсөв, Мөнгөний бодлогоо зэрэгцүүлэн хэлэлцэж яс тас уяж баталдаг биш бил үү.
Тодотгол хийхийг нь хүлээсээр аймаг, нийслэл, сум, дүүргүүд 2025 оны төсвөө боловсруулж батлалгүй он гаргах уу? Урьд нь бол төсөв хэлэлцэх үеэр гишүүд суудал дүүрэн сууж цэг, таслалгүй ярилцаж, хэрэлдэхдээ хэрэлдэж, хэлцэхдээ хэлцэн байж наанадаж хагас жилийн настай, цаанадаж жил хагасаа даах төсөв баталдаг байв.
Яагаад чуулганы танхим ханхай хоосон шахам байсан нь бас нэг шалтгаантай. Учир нь энэ удаа төсвийг тойрог тойрог руу тарааж, гишүүний ашиг сонирхол бүхий таван айлтай багийн төв рүү тавих зам, салхинд хууларч ойчсон албан байгууллагын дээврийг засах зэрэг аар саархан зүйлд хувааж цацалгүй 14 мега төсөл тэргүүтэй 39 томоохон ажилд зарцуулахаар болсноос шалтгаалж “хусам” олдохгүйд дургүйлхэн дургүйд хүчгүйн үлгэрийг үзүүлсэн байж мэднэ. Авууштай нь гишүүдийн тойргийн гэх таван тэрбум төгрөгийг энэ удаа танажээ. Тойргийн мөнгө тавилаа гэхэд жагсаалтаар орсон гишүүд эсэргүүцэх нь мэдээж. Тэгэхээр тойрогтоо нэр нүүр олж “Миний хийсэн ажил, олсон мөнгө” хэмээн зарладаг гишүүдийн тойргийн гэх мөнгийг танасан нь энэ удаагийн амжилт.
Ямар боловч ирэх оны төсвөөр одоохондоо 26.4 их наядыг зарж, 23.1 их наяд төгрөг олно гэчихсэн. Татан төвлөрүүлэх энэ их ачааллыг татвар төлөгчид даахгүй шүү гэдгийг Д.Энхтүвшин гишүүн сануулж байсан нь оргүй зүйл биш. Тиймээс оноос өмнө, хэрэгжиж эхлэхээс нь наана тодотгол хийх гэж тогтоол баталж буй нь тэр. МАН, АН, ХҮН засагт хамтарч орсноос болж шүүмж хэлэх, бурууг залруулах сөрөг хүчин ч алга. Энэ бол улс төр улаараа эргэсний нэг шинж. Ж.Баярмаа, Д.Энхтүвшин нарын цөөхөн гишүүн төсвийн зарлага данхайсныг хэлж, хоосон бөмбөлөг өлгөж, Д.Бум-Очир гишүүн төсөв ихэссэнийг шүүмжилсэн плакат өмнөө тавьсныг эс тооцвол бусад нь бараг “бүлх залгижээ”. Хэрэггүй зүйлд хэтийдсэн төсөв батлуулахаар зүтгэсэн Ч.Номин сайдыг өмөөрч соёл, урлагийн төлөөлөл гэх нөхөд УИХ-ын албан ёсны мэдээллийн индрийг зайдагнан үг хэлж байхыг харвал тун удахгүй чуулганы танхимд дурын нэгэн орж гишүүдийн суудал дээрээс лайв, мэдэгдэл хийх нь үү гэмээр. Индрээ энгийн нэгэнд ашиглуултлаа УИХ ингэж доош орох гэж. Тэр нөхдөд үгээ хэлэх хэвлэлийн бага хурлын танхим, үгүй ядахад яамных нь өрөө тасалгаа бишгүй бий.
Түүнээс гадна эрх мэдэлтнүүдийн ааг омог дийлдэхээ болив. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан хэдхэн хоногийн өмнө архидан согтуурч, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Төгс-Эрдэнийг амралтын өдөр албан өрөөндөө зодож танхайрч, нөгөө хүнийхээ нүүрний ясыг цөмөлж эмнэлэгт хэвтэрт оруулсны төлөө ажлаасаа огцорч байна. Арваннэгдүгээр сарын 9-ний бямба гарагт улсын бүртгэлийнхэн боулингийн тэмцээн зохион байгуулсан гэх бөгөөд түүний дараа албан өрөөндөө нийлж архидаж, нэгийгээ эмнэлэгт хэвттэл балбасныхаа төлөө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, халагдахаар болов. Үүний өмнө ч Сангийн сайд нь Дархан-Уул аймагт ХХААҮЯ-ны газрын даргыг олны өмнө алгадаж намба алдсан гэсэн мэдээлэл тарсан. Яамны сайдад нь дургүйнхээ төлөө газрын даргад нь алганы амт үзүүлдэг нь ч юу гэсэн үг юм.
Саяхан АН-ын хэдэн гишүүн намаа Засгийн газраас гаргахын төлөө хэмээн С.Зориг агсны хөшөөний өмнө цугласан сурагтай. Ниргэсэн хойно хашгирав гэгчийн үлгэр энэ биз ээ. Орох үед нь сануулах нь ч яасан юм. Л.Гантөмөрөө намын даргаас огцруулна гэж нэг хэсэг нь хэлж байгаа. Хэрэв тэгвэл дахиад л хэдэн дарга, хэдэн тамганы дунд төөрөх биз.
Сонгуулийн үеэр л ичээнээсээ цухуйдаг нөгөө 30 гаруй нам нүхнээсээ толгойгоо гаргахаа больсон. Сонгууль болохоор хэлдэг шигээ тийм шударга юм бол төр, засгийн болохгүй, бүтэхгүйг шүүмжилж танхимын гаднаас сөрөг хүчин хийхгүй яав. Ийм маягаар улс төр улам л улаараа эргэх шинжтэй.
Сэтгэгдэл ( 2 )
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
ANUSDI80955877