Миний Монголын газар шороо хөдөлгөөн Ардчилсан намтай хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26
Миний Монголын газар шороо хөдөлгөөний тэргүүн Б.Болдбаатар, дэд тэргүүн О.Отгонсайхан тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр морин цагийг сонгон уул уурхайн чиглэлээр боловсруулсан  Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг дэмжин хамтран ажиллахаар Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат намаа төлөөлөн гарын үсэг зурахдаа манай намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг дэмжин хамтран ажиллахаар санаачилга гаргасанд талархал илэрхийлж, хамтын ажиллагаа үр дүнд хүрнэ гэдэг найдаж банйа гэв.
Санамж бичигт Ардчилсан намын зүгээс 2012 оны УИХ-ын сонгуулийн “Монгол хүн” мөрийн хөтөлбөрийн уул уурхай, эрдэс баялаг түүнийг ашиглах талаар дэвшүүлсэн асуудал, мөн байгаль орчныг хамгаалах чиглэлд хамтран ажиллаж, хэрэгжүүлэхэд Миний Монголын газар шороо хөдөлгөөн бүхий л талаар дэмжин сурталчилж УИХ-ын сонгуульд ялалт байгуулах тал дээр харилцан туслалцаж хэрэгжилтийг хангахад хамтран ажиллана.
Үүнд Ардчилсан намаас Монгол хүн мөрийн хөтөлбөрийг сурталчилах талаар өөрийн санал санаачилга гаргах, мэдээллээр хангах болон бусад талаар дэмжин туслах.
Миний Монголын газар шороо хөдөлгөөн нь Монгол хүн мөрийн хөтөлбөрийн уул уурхай, эрдэс баялаг, байгаль орчны чиглэлээр дэвшүүлсэн нийт 32 заалтын хэрэгжилтэд хяналт тавьж хамтран ажиллах.
Монгол хүн мөрийн хөтөлбөрийг сурталчилах талаар өөрсдийн бүхий л нөөц бололцоог ашиглан өргөн олон түмэнд таниулах гэсэн заалтуудыг тусгасан байна.
Миний Монголын газар шороо хөдөлгөөний дэд тэргүүн О.Отгонсайхан хэлэхдээ “Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд монгол орноо бүтэн тойрч ард түмнээрээ хэлэлцүүлэн тэдний санал санаачилгын дагуу мөрийн хөтөлбөрөө боловсруулан гаргахдаа газар шороогоо эрхэмлэн дээдлэх, уул уурхай, эрдэс баялаг, байгаль орчныг хэрхэн хөгжүүлэх зөв зохистой ашиглах талаар  дэвшүүлсэн нийт 32 заалт нь манай хөдөлгөөний үйл ажиллагаатай уялдсан, хөгжлийн зөв зүйтэй заалтууд болсон тул бид дэмжин энэхүү мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах болсондоо баяртай байна. Өөрсдийн зүгээс шалтгаалах бүхий л талаар дэмжин ажиллах болно хэмээн мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top