Ц.Мөнх-Оргил “Шударга ёсоо” өөрөөсөө эхлүүлмээр...

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Саяхан цагдаагийн экс дарга нарыг 2008 оны долоодугаар сарын 1-ний хэрэгтэй холбогдуулан шүүх хурал болж ял сонсгосонтой зэрэгцэн тухайн үед Хууль зүйн Сайд бөгөөд Онц байдлын штабын дарга байсан Ц.Мөнх-Оргилын УИХ-ын гишүүнд нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны арга хэмжээ Баянгол дүүрэгт эхэлсэн билээ.

Энэхүү давхацсан үйл явдлуудыг хараад “шударга ёс” гэж юу болохыг энгийн ард иргэд бид огт ойлгохоо болив.

Яахаараа тушаал гүйцэтгэгчид нь шорон руу ачигдаад, толгой дээр нь удирдаж байсан нөхөр УИХ-д нэр дэвшээд,гангараад явж байдаг билээ? Лав л энгийн бидний хар ухаанаар бол энэ яавч байж боломгүй зүйл мэт. Эсвэл улс төр гэдэг бохир заваан зүйл гэсэн утгаараа яаж ийгээд болгочихдог юм болов уу?

Буудуулж амь үрэгдсэн 4, МАН-ын байранд гавлуулснаас угаартаж амиа алдсан 1, нийт 5 хүний эрдэнэт амьтай эрхэм гишүүн та яалт ч үгүй холбоотой!  Тухайн үед Нямка сайд шиг “унтаж” байгаад мэдэлгүй өнгөрч, доод нөхдүүд дураараа дургисан бол бас яахав гэхсэн. Онц байдлын штабын дарга байсны хувьд та үүрэг өгсөн байх өндөр магадлалтай. Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн хурал дээр нэгэн шизотой нөхөр “Надад буудах эрх өгөөдөх. Би газартай нь тэгшлээд өгье” хэмээн орилсон талаар протоколд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тэр хэн байсан бэ? Та л сайн санах ёстой доо уг нь.

“Иргэнд тэгш боломж, Нийгэмд шударга ёс” гэсэн уриатай хамт  Ц.Мөнх-Оргилын зураг огт авцалдаагүй, байрлал нь шал шог харагдаж байна.

 Иймэрхүү шударга бус нөхдүүд сонгогдоод шударга ёсыг нийгэмд хэрэгжүүлж чадах уу? Сонгогч та юу гэж бодож байна вэ?

Д.Мөнхөө

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top