М.Зоригтыг Сүхбаатарчууд дэмжиж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26
Ардчилсан залуучуудын санаачилга, зүтгэлээр өнгөө зассан Баруун-Урт яг л зуны цэцэг шиг цэмцийж угтав. Намын нэр дэвшигчдэдээ итгэл хүлээлгэж, ялалт шиг ялалтаар олуулаа хөгжихийг уриалж яваа Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Дорнод аймагт уулзалт хийчихээд Сүхбаатар аймгийг зорьсон юм. Ардчилсан намын даргатай хамт зөвлөх С.Отгонбаяр, Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшигч залуусын төлөөлөл Б.Батбилэг нар хамт яваа билээ.
Ардчилсан намын дарга Зүүн аймгуудаар яваа гэнэ, Баруун-Уртад 14 цагт иргэдтэй уулзах юм гэсэн гэх сургаар аймгийн ”Жаахан шарга” театр дүүрэн хүн цугласан байв. Ардчилсан залуучуудыг орон нутгийн сонгуулиар дэмжиж, дэмжсэнийхээ үр дүнд өнөөдөр Сүхбаатарчууд Монголын жишиг болохуйц төлөвлөлттэй болж, бусад аймгууд эндээс туршлага судалдаг болоод байгаа. Өнгөрсөн намар гэхэд 21 аймгийн Ардчилсан намын дарга Сүхбаатар аймагт ирж туршлага судлаад санаачилга, бүтээлч сэтгэлгээ хэрхэн үр дүнд хүрдэгтэй танилцсан юм. Аймгийн төвийн зам талбай, иргэдийн амьдрах хашаа, орон сууц гээд жижиг гэлтгүй хариуцсан ажилдаа сэтгэл гарган ажиллавал үр дүнд хүрдэгийг Баруун-Уртын жишээ харуулсан. Тийм ч учраас Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг ардчилсан залуучуудад боломж олгосон Сүхбаатарчуудад талархсанаа илэрхийлж, энэ удаагийн УИХ-ын сонгуульд Ардилсан намаас нэр дэвшиж байгаа Мөнхчулууны Зоригтыг дэмжихийг хүслээ.
М.Зоригтыг дэмжих гэдэг нь зүгээр нэг хүнийг дэмжээд УИХ-д суулгах төдий асуудал биш. Учир нь Ардчилсан нам өнгөрсөн онд Монгол орныхоо өнцөг буланд хүрч, ”Монгол хүн 2020” хэлэлцүүлгээ хийж, иргэдийнхэ юу хүсдэгийг, юу амьдралд нь саад төвөг учруулдгийг таван чиглэлээр сонссон. Хэлэлцүүлэг олон шат дамжин өрнөсөөр хамгийн гол асуудлыг шийдэх ”Монгол хүн” мөрийн хөтөлбөрөө Ардчилсан нам боловсруулж, танилцуулаад байгаа юм. Эндээс хамгийн гол асуудал нь иргэн бүрээ ажилтай орлоготой болгох асуудал бий. Гэхдээ хүн рүү чиглэсэн Ардчилсан намын энэ мөрийн хөтөлбөр хэрэгжихийн тулд ялалт хэрэгтэй. Сүхбаатарчууд М.Зоригтод итгэл үзүүлж, УИХ-ын гишүүнээр сонговол бодлогын түвшиндээ бодит байдлаас урган гарсан Ардчилсан намын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжтой юм. Өөрөөр хэлбэл Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Сүхбаатарчуудаас М.Зоригтыг дэмжихийг хүсч байгаа нь ”Монгол хүн” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг хүссэн хэрэг байлаа. Харин Сүхбаатар аймгийнхан М.Зоригтыг дэмжихээ илэрхийлж байв.
Ардчилсан намын даргыг Сүхбаатар аймагт иргэдтэй уулзах үеэр түүнтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.
 
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг: Сүхбаатарчууддаа итгэж байна
 
-Сүхбаатар аймгийг ардчилсан залуучууд удирдаж байна. Тэгэхээр Ардчилсан нам М.Зоригтыг Сүхбаатар аймагт нэр дэвшүүлж байгаа нь учиртай байх?
-Би Сүхбаатар аймагт 2008 оноос хойш дөрөв дэх удаагаа ирж байна. Юуны өмнө Сүхбаатар аймгийнхандаа баярлаж байгаагаа илэрхийлье. Сүхбаатар аймгийнхан манай Ардчилсан намын Ж.Батсуурь даргатай хамт олонд орон нутгийн сонгуулиар итгэл хүлээлгэсний үр дүнд Сүхбаатар аймгийн, тэр дундаа Баруун-Урт хотын иргэдийг тав тухтай амьдруулах чиглэлээр олон ажил хийгдсэн.
Энэ удаа бид түүхэн хариуцлагатай сонгуулийн өмнө ирээд байна. Ардчилсан нам "Монгол хүн 2020” хэлэлцүүлгээр ард түмнийхээ өмнө тулгамдсан асуудлыг гаргаж, яаж шийдэх талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Яг л Сүхбаатар аймгийг өөрчилсөн шиг Монгол Улсаа өөрчлөхөөр төлөвлөсөн. Энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх 76 нэр дэвшигчээ бид дэвшүүлсэний нэг нь Мөнхчулууны Зоригт.
М.Зоригтыг би гурван зүйлээр тодорхойлж хэлье. Нэгдүгээрт, манай М.Зоригт ардчилн хувьсгалыг 22 жилийн өмнө манлайлан оролцож байсан. Тэр үед М.Зоригт Оюутны холбооны ерөнхийлөгч байсны хувьд оролцож байлаа. Хоёрдугаарт, зах зээлд орсноор энэ залуу хүн бизнесийн салбарт ажиллаж, томоохон ”Бодь” группийг байгуулж амжилтад хүрсэн байна. Энэ групп Монгол Улсад хөгжил дэвшлийг авчрах олон салбаруудыг бий болгож чадлаа. М.Зоригт маань Сүхбаатар аймагтаа ялалт байгуулбал хөгжлийн бодлогыг чиглүүлж чадах нэр дэвшигч юм. Дээр нь хийгдээд эхэлсэн ажил ч байна. Жишээлбэл Сүхбаатар аймагт орчин үеийн залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгосон кинотеатр босгож байна. Гуравдугаарт, манай М.Зоригт улстөрд шинэ хүн биш. УИХ-д сонгогдон ажиллаж, төрийн түшээгийн ажлыг нэр төртэй гүйцэтгэсэн. Залуучуудын болон бизнесийн чиглэлээр олон хууль тогтоомжийг батлан гаргахад санаачлагчаар ажиллаж байсан туршлагатай улстөрч учраас нэр дэвшүүлсэн. Манай Сүхбаатарчууд 2008 оны сонгуулиар Ардчиллын залуучуудыг дэмжсэн шигээ Мөнхчулууны Зоригтын төлөө саналаа өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн Ардчилсан намын ”Монгол хүн” мөрийн хөтөлбөрийг дэмжиж, Ардчилсан намд саналаа өгнө гэдэгт итгэж байна. Ардчилсан нам ялсан шиг ялж, Монгол Улсаа хөгжүүлсэн шиг хөгжүүлэх шийдвэр зориг төгс байгаа.
 
Н.Алтанхуяг будаж сургасан нь
 
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг зохион байгуулалтад оруулж, тайлбарлаж ойлгуулах талдаа бол хэнийг ч гаргаахгүй гэдэг. Үнэн бололтой. Дорнод аймагт нэр дэвшигч П.Алтангэрэл, Б.Мөнхцэцэг нарыг дэмжиж тус аймагт иргэдтэй уулзалт хийх үеэрээ санал хэрхэн өгөх талаар сонгуулийн ерөнхий хорооныхноос ч илүү тодорхой тайлбарлаж байв.
Тухайлбал ”Өмнө нь бол бид санал өгөхдөө нэр дэвшигчийн урдах тоог дугуйлдаг байсан. Одоо нэрнийх нь урд тоо байхгүй, дугуй бий. Дэмжсэн нэр дэвшигчийнхээ нэрний урд байгаа дугуйг будна. Энэ үйлдлийг буруу хийвэл та бүхний хайран санал яарин болох юм. Ингэж нэр дэвшигчээ дугуйлчихаад, доод хэсэгт нь байгаа намыг мөн адил урд талд нь байгаа дугуйг будна. Жишээ нь П.Алтангэрэл, Б.Мөнхцэцэг нарыг дэмжвэл тэдний нэрний урд байгаа дугуйг будна. Ингээд доор байгаа намаас бас нэг дугуйг будаж, Дорнодчууд нийт гурван дугуйг будах нь” гээд л тайлбарлаж байв.
Нэг үе сонгуулийг будлиантуулахгүй гэж УБЕГ-ын дарга Л.Амарсанаатай маргаан үүсгээд ямар ч байсан хурууны хээг сонгуульд ашиглуулахаар болсон Ардчилсан намын дарга одоо бол хүмүүс алдаж онох вий гэж санаа зовж байгаа бололтой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top