Zindaa.mn сайт сүүлийн үед нийтлэлийн бодлого, маркетинг, үйл ажиллагааны цар хүрээгээрээ бусдаас эрс ялгарч, Монгол улсын цахим зах зээлд тэргүүлэгчдийн эгнээнд зүй ёсоор багтаад байгаа билээ. Гэтэл манай хамт олны шударга хөдөлмөр, уйгагүй оролдлогын үр дүнд бий болж байгаа энэхүү амжилтыг харлуулах, гутаах оролдлого сүүлийн долоо хоногийн турш тасралтгүй явагдаж байна. Энэ бол сайтын мэдээллийн баазад нэвтрэх, серверт вирус илгээх оролдлогыг удаа дараа явуулж байгаа, facebook, twitter хуудсаар ор үндэсгүй худал гүтгэлэг тарааж байгаа зэрэг бусармаг үйлдлүүдээс илэрч байгаа юм. Гэвч 6-р сарын 14-ний 13.30 цагийн байдлаар сервер болон сайтын программ хэвийн горимдоо эргэн орж, сайтын үйл ажиллагаа жигдэрлээ.
Zindaa.mn сайтад халдаж буй гурван шалтгааныг бид олж харж байна. Үүний дагуу холбогдох этгээдүүдэд тус бүрт нь тайлбар, саналаа үүгээр илэрхийлж байна.
1.Бид хараат бус, тэнцвэртэй мэдээлэл түгээж байна. Сонгуулийн сурталчилгаа ид үедээ явагдаж байгаа энэ үед Zindaa.mn сайт сонгуулийн хуулийн хүрээнд мэдээллийг тэнцвэртэй, хараат бус хүргэх үүргээ хэрэгжүүлсээр байна. Бид зарим нэр дэвшигчдийн сөрөг мэдээллийг ил тод нийтэлж байгаа. Гэхдээ зөвхөн бодитой баримтанд тулгуурласан мэдээ мэдээллийг сонгогчдын, ард түмний, улс орны эрх ашгийн төлөө нийтэлж байна. Цаашдаа ч нийтлэх болно. Өөрийнхөө гэмийг ухаарч, алдаагаа засахын оронд зарим нэр дэвшигч мэдээллийн хэрэгслэлийн эрх чөлөөнд халдах үйл ажиллагаа явуулж байна уу гэх хардлага бидэнд өөрийн эрхгүй төрж байна.
2.100 саяын уралдааны үр дүнг харах боломжгүй. Zindaa.mn сайт Сонгуулийн хуулийн хүрээнд “Дараагийн 76-г зөв нэрлэе” сэдэвт 100 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарласан. СЕХ сонгуулийн албан ёсны дүнг зарлахаас өмнө энэхүү уралдааны үр дүнг ямар ч түвшинд харах боломжгүй. Зарим нэг этгээд сайтын мэдээллийн баазад нэвтэрвэл “Үр дүнг нь харж болно” гэсэн ухвар мөчид бодлоор сайтад нэвтрэхийг удаа дараа оролдож байна. Уралдааны программ 100% автомат горим дээр ажиллаж байгаа учраас сайтын программистууд, бусад ажилтнууд ч харах боломжгүйгээр зохиогдсон болно.
3.Цэвэр өрсөлдөөн биднийг хөгжилд хүргэнэ. Zindaa.mn сайт цахим зах зээлд тэргүүлэгчийн байр сууриа бататгаж, амжилтаа өдрөөс өдөрт ахиулж байгаа нөхцөлд зарим мэдээллийн сайтууд өрсөлдөөнд бохир арга хэрэглэхгүй байхыг хүсье. Бид бие биенээ хүндэтгэж, хамтарч ажиллаж байж бүгдээрээ амжилтанд хүрэх билээ. Өнөөдөр минийх чинийх гэж талцалгүй, шинэ хуучин гэж ялгалгүй мэдээллийн бүх сайтууд нэгдэж, хамтарч ажиллаж чадвал цахим мэдээллийн хэрэгсэл хөгжлийн шинэ шатанд гарах билээ.
Удаа дараа энэ мэт халдлага манай сайтад ирж байгаа учраас дээрх гурван асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж, асуудлыг шийдвэрлүүлэх болсныг мэдэгдье. Хэрвээ хэн нэгэн этгээд энэхүү гэмт халдлагыг өдүүлсэн нь тогтоогдвол эрүүгийн хуулийн дагуу ял эдэлнэ гэдгийг анхааруулж байна.
Өнөөдрөөс буюу 6-р сарын 14-нөөс манай сайтын үйл ажиллагаа бүрэн сэргэж, сервер болон сайтын программ хэвийн горимдоо эргэж орсон бөгөөд цаашид сайтын үйл ажиллагаа ямарваа түвшинд доголдохгүй байх бололцоо бүрдсэн гэдгийг уншигч, хэрэглэгчдэдээ дахин мэдэгдье.
Өнөөдрийн байдлаар zindaa.mn сайтад өдөрт дунджаар 50 мянган хэрэглэгч хандаж, 100 саяын уралдаанд 27 мянган хэрэглэгч бүртгүүлээд байна.
Монголын цахим мэдээллийн хэрэгслэлүүд хөгжлийн шинэ шатанд хамтдаа хүрэх болтугай.
Zindaa.mn сайтын захиргаа

Сэтгэгдэл ( 0 )